Уяач Б.Эрдэнэбаяр: Улс, бүсийн уралдаанаас дөрвөн айраг хүртээд байна

Сэтгүүлч
2020 оны 10-р сарын 13 -нд

-Төр түмнийхээ их баяр цэнгэл наадамд их насны морь айрагдуулсан танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу.

-Баярлалаа. Төрийн наадам нар хур тэгширсэн дэлгэр сайхан боллоо. Миний хувьд сүүлийн гурван жил дарааллан төрийнхөө наадамд оролцож байна. Урьд жилүүдэд уясан морьд маань арваадаар давхидаг байсан бол өнөө жил их насны морь айрагдлаа. Их баяртай байна. 
-Саарал морь өнгөрсөн жил соёолондоо төрийн наадамд наймд хурдалж байсан. 
-Тэгсээн. Улсын наадамд наймд давхиад, давхар уяагаар Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. 
-Сунгаагаа хаана хийсэн бэ. Хурдан байсан уу?

-Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь 61-ийн гарамд дунд сунгаагаа хийсэн. Манай сунгаанд түрүүлдэг халиун болон айрагддаг бор морьд байсан. Миний саарал сунгаанд тавд давхисан болохоор дээгүүр давхих болов уу гэсэн хүлээлттэй байлаа. Тэр маань ёсоор болсоон. 


-Төрийн наадмын түрүү, айргийн хүлгүүд тодорсон чанаржуу сунгаан болжээ. 
-Тэгэлгүй яахав. Их насны морьдын уралдааныг зурагтаар үзэж байгаад Цагаан хөтөл уруудахад нь “За одоо ч айрагдчихна байх аа” гэж бодсон, зөв байсан байна лээ. 
-Уугуул нутгийнхаа алдрыг өргөн улсын наадамд их насны морь айрагдуулах бахтай сайхан байв уу? 

-Сайхан байлгүй яахав. Их насны морь айрагдуулна гэдэг хүн болгонд тохиох хувь биш. Тэр тусмаа улсын наадамд. 
-Санал нэг байна. Өвөг дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн морь уях төрийн хэрэгт оролцож байна хэмээсэн. Тэр талаараа дэлгэрүүлээч.
-Миний өвөг дээдэс Ховд аймгийн Буянт сумын улс. Өвөө болоод авга, нагацууд маань сум, орон нутгийнхаа наадамд уясан морио түрүүлгэж, айрагдуулж байсан гэдэг. Сая морь айрагдахад Буянт сумын уяачдын холбооноос холбогдож баяр хүргэж байна лээ. Ер нь хэдэн өдөр утасныхаа дуудлагад хариу өгч амжихааргүй л завгүй байлаа. (инээв)
Улсын чанартай бүсийн уралдаанаас хэд хэдэн айрагтай юм байна. Морь уяад удаж байна уу?

-Сүүлийн арваад жил хурдан морь уяж байна. Одоогоор улс, бүсийн уралдаанаас дөрөв, аймаг, аймгийн чанартай уралдаанаас нэг түрүү, гурван айраг хүртээд байна. Миний морьдын уяа сойлгыг Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, аймгийн арслан Ж.Болд тааруулдаг. Би ер нь голдуу эдний адуугаар нааддаг. 
-Цол хэргэмийн тухайд...

-Цол хэргэмийн тухайд ач холбогдол өгдөггүй болохоор тодорхойлолт өгч байгаагүй ээ. 
-Саарал морь булган сүүлтэй байх болтугай. Ярилцсанд баярлалаа.
-Ерөөлөөр болог. 

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.