Уралдаанч Э.Даваабаатар: Аавдаа амласан утсаа авч өгнө

Сэтгүүлч
2020 оны 10-р сарын 16 -нд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд морийг 110 дугаартай, 12 настай уралдаанч хүү Э.Даваабаатар унаж хурдлуулсан юм. Тэрээр тав дахь жилдээ хурдан морь унаж байгаа бөгөөд өнгөрсөн жил Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойгоор зээрд морио айргийн таваар хурдлуулсан билээ. Өөрөөр хэлбэл, бид биесээ таньдаг болсоор нэг жилийн нүүрийг үзээд авч. Тэр бол нийслэлийн ХУД-ийн 59 дүгээр сургуулийн V ангийн сурагч бөгөөд улсынхаа баяр наадамд дөрөв дэх жилдээ оролцож буй нь энэ. Одоогоос дөрвөн жилийн өмнө улсын баяр наадамд уралдах болчихоод айдас, догдлол хоёр зэрэг ирснийг энэ удаад л хуучлах зав гарлаа. Түүнээс өмнө хөлсний цэнхэр хашаанд уулзаад өнгөрсөн бол энэ удаад цоллогооны дараа ийнхүү ярилцсан юм. 


Айдгаа ардаа хийчихээд, шагналаа гардан авсан болохоор уралдаанчийнхаа хувьд энэ жилийн “шалгалтаа өгөөд” дууссан гэсэн үг. Анхны наадмын амжилтыг асуувал “Тэр үед жоохон байж. Анхны жилээ л айргийн тавд багтана гэж бодож байлаа. Гэхдээ амжилт гэдэг санаснаар болдоггүйг ойлгосон” хэмээв. Тэр жил түүний унасан морь 20 хэдээр давхижээ. Цааш нь “Хамгийн эгзэгтэй үе бол зургаагаар давхих. Аз од гийвэл айрагт багтах, үгүй бол ард үлдэх. Өөрийн эрхгүй л шар хөдөлж, бас нулимс унагах үе гардаг” гэнэ. Ийнхүү цээжний мухарт айрагт багтах хүсэлдээ хөтлөгдсөөр өнгөрсөн жил анхны айргаа хүртэж байсан бол өнөө ажил ахин бататгалаа. 
Тэрээр энэ баярт мэдээгээ ээждээ дуулгах сан гэж яарах ч зурагтаар хэдийнэ олоод харчихсан биз дээ гэж өөртэйгөө ярина. Түүний аав, ээж Дорнодын Хөлөнбуйрт амьдарцгаадаг. Харин хүү хотод авга эгчийндээ амьдардаг. Аав нь аймгийн Алдарт уяач цолтой нэгэн гэнэ. Аав, хүү хоёрт тэр жилийн овооны наадам тод дурсамж үлдээжээ. Тэд айрагдуулаагүй ч зургаагаар давхиулчихаад хөөр дүүрэн гэртээ ирсэн нь бий. Хүүгийн хувьд удам залгасан уяач болохыг хүсдэг. Түүнийхээр аав нь хамгийн сайн уяачдын нэг гэсэн. Даваабаатар уралдаанчийнхаа цалингаар аавдаа гар утас авч өгөхөөр амлаж, амласнаа биелүүлэх боломж энэ удаад олдсонд тун ч баяртай байгаагаа хуваалцсан юм. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна