Морьтны соёлыг түүчээлэн түгээгсэд

Сэтгүүлч
2020 оны 10-р сарын 21 -нд

Дөрвөн туурайн гишгэгдэл нь цэцэгт буусаар тэнгэрийн тоостой өрсөлдөн цахилж ирэх хулангийн удамт хурдан хүлгийг уяж, сойж уралдуулна гэдэг хэн хүний хийж чадах ажил биш. Уясан ажнай хүлгүүдээрээ нэгэн жарны турш нутаг усныхнаа баясгасан Дэлгэрийн Туваанжав 1994 оны долдугаар сарын 9-нд Говь-Алтай аймгийн анхны улсын Алдарт уяач болж байв. Түүний таван хүүгийн хоёр дахь, зөөлөн дуут Т.Гантөмөр нь дээдсийнхээ үйл хэргийг үргэлжлүүлэн морь уяхад суралцаж, 18 жилийн дараа улсын Алдарт уяачаар эрэмбэлэгдэж байсан нь саяхан мэт.


Ийн “Зулай цагаан Алтай нутгаас аав, хүү Алдартууд төрлөө” хэмээн нутаг хошуугаараа баясаж байхуй дор Т.Гантөмөр төд удалгүй (2014 онд Монгол Улсын Манлай, 2017 онд Монгол Улсын Тод манлай уяач) цолоо ахиулсаар дээд цолтны эрэмбэнд хүрсэн билээ. 
“Миний аав ясны уяач хүн. Би хаана нь ч хүрэхгүй” хэмээн дөлгөөн инээмсэглэж, даруу загнах тэрээр өөрөө сайхан наадахаас илүүтэй үр хүүхдэдээ морьтны соёлыг өвлүүлэн үлдээхэд анхаарч, хүү Г.Чинзориг, Г.Жавхлантөгс нараа уяач болгосон. Өдгөө түүний хөвгүүд монгол төрийн чансаа өндөр наадмуудад уясан хүлгээ түрүүлгэж, айрагдуулан удам судрынхаа нэрийг өндөрт өргөн Хар азаргын нуруу, хараа булаам Бурхан буудай хайрханаа баясгаж явна. 


Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 202.126.89.155

    Аргагүй уулсаа дуудуулан олон жил сайхан наадаж байгаа уяач. Аймгийн наадамд 3 үеэрээ 10 их насны морь түрүүлгэсэн ховор заяатай хүмүүс. Хийморь оршиг ээ

    Reply