Монгол Улсын Алдарт уяач Г.Батболд: Хоёр зүйлийг бэлгэдэж үрээндээ Хүннү гэдэг нэр өгсөн

Сэтгүүлч
2020 оны 11-р сарын 08 -нд

АХ-ын 99 жилийн ойн баяр наадмын сурвалжлагын ээлжит цуврал уншигч танд хүрч байна.

-Төр түмнийхээ баяр цэнгэлд аз өмийн бэлгэдэл соёолон айрагдуулсан хоймор нутгийн хийморилог эрхэмд баяр хүргэе. 
-Баярлалаа. Төрийнхөө наадамд соёолон үрээ айрагдуулсандаа баяртай байна. 
-Онцгой нөхцөлд зохион байгуулагдсан өнөө жилийн наадам таны сэтгэлд хүрэв үү?
-Улс оронд үүсээд байгаа онцгой нөхцөл байдлыг үл харгалзан төрийнхөө наадмыг тасалдуулалгүй хийсэн нь зөв алхам болсон. Гэхдээ наадмын зохион байгуулалтын тал дээр хүмүүс янз бүрийн сэтгэгдэлтэй байх шиг байна. 
-Халтар үрээ таны хүсэн хүлээж байсан уралдааныг үзүүлж чадсан уу?

-Төрийн наадамд айрагдсан үрээг яаж санаанд хүрээгүй гэхэв. Тэгэхдээ энэ жил олон сайн морьд маань ханиаднаас болоод амжилт үзүүлж чадсангүй. Манай уяаны морьд дунд сунгааны үеэр ханиад хүрээд, малын эмч Түвшинбаяр дүү маань эмчилж байгаад мордуулсан.11-ний орой айхтар ханиалгаж байгаад мордсон болохоор үзүүрийн хоёр үрээг хол алдчихсан байх. Замаас гарах гээд байсан нь ч ханиадтай холбоотой байх. Уяач хүний хувьд дотроо илүү амжилт үзүүлчих болов уу хэмээн горьдож байсан нь үнэн. Гэхдээ төрийн наадам бол төрийн наадам шүү дээ. Төрийн наадмын хишиг хүртсэндээ баяртай байгаа.


-Наадмын өмнөх сунгаануудад хэр байсан бэ? Говьд уяж, Баянталд сунгасан дуулдсан.

-Өмнөговь аймгийн Хүрмэн суманд ногоо сайтай байна гээд тавдугаар сарын сүүлээр тийшээ явсан. Тэндээсээ Баянтал руу ирж, сунгасан. Сунгаануудад морьд маань сайн байсан.
-Их содон нэртэй юм. Хэний өгсөн, ямар учиртай нэр вэ?
- Нэг өдөр морь тайлбарлагч Ганпүрэв утасдаад “Төрийн наадамд айрагдаж, түрүүлэх үрээ нэгийг олж харлаа” гэсэн. Тэр нь өнгөрсөн жил хязааландаа зургаа уралдаад зургаа түрүүлсэн Ховдын аймгийн Алдарт уяач Доржийн Батхуяг ахад байсан үрээ юм билээ. 
-Баян-Өлгийд болсон баруун бүсийн уралдаанд түрүүлсэн бил үү?
-Тийм. Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Тод манлай уяач Т.Батзоригийн унаган адуу юм билээ. Тэгээд очиж үзэх болсон, Ховд их хол, онгоцоор явъя гээд. Түвшинбаяр дүү маань Хүннү Эйр-ийн онгоцоор явсан юм. Очиход нь Батхуяг онгоцны буудлын гадаа үрээгээ аваад ирчихсэн хүлээж байсан гэсэн. Түвшинбаяр дүү бууж очиж үзчихээд, буцаад онгоцондоо суугаад ирсэн. Дүү нар Хүннү Эйр-ийн онгоцоор нисэж очиж үзсэн гэдэг утгаараа Хүннү халтар гэж нэрлэе гэсэн саналыг гаргасан. Түүнээс гадна миний тамганы дардас Хүннү. Ийм хоёр бэлгэдлийн улмаас үрээгээ Хүннү хэмээн нэрийдэхээр шийдсэн юм. 
-Манлай уяачийн болзол хангаж байгаа дуулдсан. Төрийн зарлигт наадмаас хичнээн айраг, түрүү хүртээд байна вэ?
-Улс, бүсийн уралдаанаас 12 айраг, түрүү хүртээд байна. 


-Ардын хувьсгалын 99 жилийн ойд хэдэн насны морьтой ирсэн бэ. Соёолонгоос бусад насны хүлгүүд ямар амжилт үзүүлсэн бэ?
-Соёолон айрагдаж, их морь 23-аар давхилаа. Халтар морийг маань Ядамын Ихбаяр дүү уяж хурдлуулдаг юм. Хоёр үрээтэй ирсэн нь хоёулаа хасагдсан. Бусад морь аймаг орон нутгийн наадмуудад сайхан давхисан. 
-Одтой сайхан наадсанд дахин баяр хүргэе. Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Монголынхоо ард түмэнд баяр наадмын мэнд дэвшүүлж, хүлэг морьд нь хурдан байхын ерөөл өргөе өө. Мөн галынхандаа, нийт уяач, уралдаанч хүүхдүүд, туслахууд, хамгийн их тусалж, дэмждэг эхнэр, хүүхдүүддээ баярлаж байгаагаа илэрхийлье. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Б.Хастөр

10 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.