Аймгийн Алдарт уяач С.Энхтөр: Хурдан морины төлөө тууштай зүтгэсний үр шим гарч, унаган адуу төрийн наадамд айрагдлаа

Сэтгүүлч
2020 оны 11-р сарын 10 -нд

-Хонгор нутгийнхаа хийморийг өргөж, аз хийморийн бэлгэдэл соёолон насны уралдаанд хээр морио айрагдуулсан танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. 

-Баярлалаа. Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд азарга арваар давхиж, хээр үрээ маань айрагдсанд баяртай байна. Олон жил хурдан морины төлөө тууштай зүтгэсний үр шим гарч, унаган адуу төрийн наадамд айрагдлаа. Бахтай сайхан байна. 
-С.Энхтөр уяачийг морь сонирхогчид Дэгдээхэй хээр азаргаар нь эчнээ таних байх. 

-Улсын бүсийн уралдаанаас хэд хэдэн айраг хүртсээн. 2014 онд Баянхонгор аймагт болсон Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 375 жилийн ой, говийн бүсийн уралдаанд Дэгдээхэй хээр маань хязаалан үрээ хол түрүүлж байсан бол 2019 оны бүсийн уралдаанд хээр хязаалан айргийн дөрөвт хурдалсан. Харин өнөө жил Дүүгүүр хээр маань улсын наадамд айрагдлаа. 


-Төрийнхөө наадамд хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Энэ жилийн тухайд азарга, соёолон, шүдлэн насны адуутай ирсэн. Азарга маань 10-аар, соёолон айргийн дөрвөөр, шүдлэн үрээ хасагдаад мордож чадсангүй.
-Хэд дэх жилдээ улсын наадамд оролцож байна вэ?
-Гурав дахь жилдээ улсынхаа наадамд уясан морьдоо мордуулж байна. Анхны жилээ хоёр үрээ мордуулсан. Нэг нь 60 гаргаж, нөгөө нь 70 гаргаж давхисан. Өнгөрсөн жил соёолон 27, наймаар давхисан. 
-Хээр зүсмийн адуугаар сайн нааддаг юм аа даа. 

-Тийм шүү. Хамгийн анх энэ хээрийн эцэг говийн бүсэд хол түрүүлж, өм нээснээс хойш хээр, халтар адуугаар сайн наадаж байна. Миний төрж өссөн, өнөөдрийг хүртэл ажиллаж, амьдарч буй Баянхонгор аймгийн Баацааган сумаас монгол төрийн наадамд анх удаа морь айрагдаж байгаа нь миний Дүүгүүр хээр. Тэр утгаараа нутаг орныхон минь их баяртай байгаа. Баяр хүргэсэн дуудлага, мэндчилгээ тасрахгүй л байна шүү. (инээв) 
-Нутгийн уул ус, түмэн олноо баясгана гэдэг том буян биз.

-Уяачид бид түмэн олноо цэнгүүлэхийн төлөө зүтгэдэг улс. Миний бие сүүлийн 10-аад жил адууны төлөө тууштай зүтгэж байна. Хүүхдээ өвдөхөд ээжид нь найдаад чимээгүйхэн харж суудаг хэрнээ, морь ханиалгалаа гэхээр тогтож сууж чадахаа байчихдаг хүн./инээв/ Адуунд сэтгэлээ зориулсан хүн үр шимийг үздэг гэдэг үнэн юм билээ. Сүүлийн жилүүдэд морьд сайхан хурдалж байгаа. 


-Морьдынхоо уяа сойлгыг орон нутагтаа тааруулчихаад ирдэг үү?
-Тэгдэг байсан. Энэ жилийн хувьд нутагт гантай байсан учраас Дорнод руу адуугаа ногоолоод, Хэнтийд уяж, Төв аймгийн Сэргэлэнд сунгаагаа хийлээ. Тод манлай уяач Мөнхбат ахыгаа бараадаж, цуг уясан. Сурч мэдэх зүйл их байдаг юм байна. 
-Нутгийн түмнээ түүчээлэгч таны дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. 

-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлийнхээ хамт олны ажил үйлсэд амжилт хүсье.

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.