Нийслэлийн Алдарт уяач Д.Лхагвасүрэн: Морь уях нь соёл уламжлалаа дээдэлж буй хэрэг ч цаг хугацаа чухал
Энэ удаагийн зочноо танилцуулахаас өмнө нэг хөгжилтэй түүх өгүүлье. 2017 онд буюу Ардын хувьсгалын 96 жилийн ойгоор Архангай аймгийн Хотонт сумын уугуул Дуламсүрэнгийн Лхагвасүрэн буурал морио айргийн гуравт хурдлуулав аа. Нутаг ус, овог нэрийг нь хараад манайхан яагаад ч юм “Дуламсүрэн Тод манлайн хүү байх” гэсэн таамаг дэвшүүлсэн юм. Тэгтэл надад ажил гараад, тэр жилийн наадмын дугаарыг манай хэд хийхээр боллоо. Сэтгүүл гарч, түгээлт хийгдсэний дараа хөдөөнөөс ирээд хуучилж суусан манай нэг сэтгүүлч “нөгөө Дуламсүрэн гуайн хүү оворжуу юм билээ” гэдэг юм.
Гайхаад л өнгөрсөн. Дараа жил нь Тод манлайн өнөө хүү ахиад морь айрагдуулав аа. Тэгээд уулзсан нээрэн л оворжуу юм аа. Тэгээд хэсэг ярилцтал бидний таамаг тэс хөндлөн зөрснийг ойлгоод бөөн инээдэм болж билээ. Түүнээс хойш манай редакцийнхан Д.Лхагвасүрэн уяачийн морь айрагдах бүрт “өнөө Тод манлайн хүүгийн морь айрагджээ” гэдэг болсон.
Гол нь энэ яриа жил бүрийн наадмаар яригддаг. Яригдахдаа нэг бус удаа гээч. Тэгээд энэ жил улсын Алдарт уяачийн болзол хангамагц зочны урилга илгээсэн ч хойшлуулсаар хар азаргаа хоёр дахиа айрагдахад сая зөвшөөрсөн билээ.
Аав, хүү, ах дүүсээрээ төрийн наадамд морь түрүүлгэж, айрагдуулсан бахдалт бүлийн төлөөлөл болсон Д.Лхагвасүрэн уяач туйлын даруу нэгэн бөгөөд ярилцлага маань уншигч таны хүсч байсанчлан дэлгэр болоогүй аваас өршөөж ажааму.
Миний аав монгол төрийн наадмаас нэг түрүү, гурван айраг, ах маань нэг түрүү, нэг айраг хүртсэн улс
-Аз өм дүүрэн сайхан наадаж буй танд дахин баяр хүргэе. Зочны ярицлагаа таны унасан газар, угаасан ус, бага насны дурсамжаас эхэлмээр санагдлаа. Учир нь би таныг Арын хангайн хүү гэж бодож явтал Баянцогтод тэнцсэн “унага” байх нь.
-Аав, ээж хоёр минь Архангай аймгийн Хотонт сумын улс. 1954, 1955 оны үед юм уу даа, хүүхдүүдээ сургууль соёлын мөр хөөлгөе гээд нэг л өглөө хот руу нүүчихсэн юм гэнэ лээ. Миний дээд талын ах Пүрэвсүрэн Хотонтод мэндэлсэн гэхээр би л энд ирж гарсан байх. Би одоогийн Төв аймгийн Баянцогт сумын нутаг Сонгинохайрханы ар шилд төрсөн хүн.
-Нэг л өглөө нүүчихсэн гэхээр их шийдэмгий хүмүүс байжээ.
-Миний ижий Өндөр сант бригадын хүн юм билээ. Манайх тэнд Их булагийн ам гэдэгт нутаглаж байгаад нэг л өглөө нутаг хошууныхандаа ч хэлэлгүй наашаа нүүчихсэн гэдэг. Яагаад гэхээр миний ойлгосноор тав гурван малтай, хэд гурван үхэр тэрэгтэй. Тэрүүхэн хавьдаа хөрөнгөжүү байсан юм уу даа. Тэгээд зарим нэг шооч улс “баячууд” гэх маягтай байхаар нь “Хэдэн хүүхэд минь над шиг малын сүүл харсан улс болно. Ном эрдэмтэй болгоё” гэж шийдээд, нэг өглөө ээжид гэрээ ачаалъя гэсэн юм билээ. Тэгээд хүнээс гуйлгүй 30 хэдэн үхэр тэрэгтэй ачаа наашаа хөдөлж байсан гэдэг юм. Энд ирээд нэг эгчээс бусдыг нь их сургууль төгсгөсөн. Зарим нь хоёр, зарим нь гурван ч дээд сургууль төгссөн байх. Миний дээд талын дээд ах гэхэд гурван дээд сургууль төгссөн. Ер нь эд нэг жилийнх, эрдэм нэг үеийнх гэж бодсон байх.
-Алсын хараатай хүн байжээ. Дээдсийнхээ нутгаар очихдоо хэрхэн ажиллаж, амьдарч байсан тухайд нь сураг ажиг тавьдаг уу?
-Миний аав намайг бага залууд /1982 онд/ өөд болсон. Миний мэдэхийн аав, ээж хоёр минь сангийн аж ахуйн хонь хариулж байсан. Хотонтод байхдаа мал маллахын зэрэгцээ урагшаа жин тээдэг байсан гэнэ лээ. Үхэр болон тэмээн тэргээр торго дурдан авчирчихаад гэрээ тойруулаад тавьчихсан сууж байдаг байсан тухай нутгийнхан ярьдаг юм.
-Жин тээх гэдэг муу эрийн хийдэг ажил биш гэх юм билээ.
-Тэр аргагүй. Миний аав бие хаа сайтай, сайхан монгол эр байсан. Одоогийн би хажууд нь жаахан хүүхэд шиг л харагдах байх.
-Та ч бас бага хүн биш шүү дээ.
-Аавын хажууд хүүхэд шиг л харагдана. Миний эцэг жигтэйхэн том хүн байсан. Гэхдээ барилдаж ноцолдож яваагүй байх. Харин сайн адуунд бол нүүчихдэг. Ямар сайндаа л сангийн аж ахуйн даргаас нормын морь очиж гуйхдаа “Энийг чинь улсад айрагдуулна” гэж хэлээд түүндээ хүрч байхав.
-Яггүй уяач байх нь. Улсын баяр наадмаас нэлээд хэдэн айраг, түрүү хүртсэн гэдэг байх шүү.
-Сүрхий уяж байсан. Миний аав монгол төрийн наадмаас нэг түрүү, гурван айраг, ах маань нэг түрүү, нэг айраг хүртсэн улс. Манайх Медальт хээр, Медальт халиун, Медальт бор, Жанчивын хул зэрэг хурдан морьдтой. Жанчивт очдог хул үрээг дааганд нь харчихаад, шүдлэнд нь уяж түрүүлгэж байлаа.
-Тэр талаар тодруулъя гэж бодож байлаа.
-Жаргалантад айлын адуунд байсан хул даагыг харчихаад “Энэ давхих үрээ байна. Би аваачиж уяна аа” гэсэн юм билээ. Гэртээ “хурдан үрээ нэгийг үзлээ” гэсээр ирээд, төд удалгүй хөтөлгөө морьтой буцаж очоод хөтлөөд ирсэн. Тэгээд дараа жил нь шүдлэн үрээ уяж, улсын наадамд түрүүлгэж байлаа.
-Сайн гэдгийг нь мэдсээр байж яагаад арилжчихсан юм бол.
-Жанчив гэдэг нь манай нэг ахтай худ болдог юм. Аавд зарах бодол байгаагүй. Харин Жанчив ирж “Дуламсүрэн ах аа, би үүгээр чинь л наадъя” гэж шалаад манайд овоо хэд хоносон юм билээ. Сүүлдээ аав арга нь барагдсан уу “Тогоохүү, наад Жанчивыг чинь өнөөдөр явуулъя аа хө. Миний хэдэн хүүхэд олон жил айраг, түрүү амсах үрээ байсан юм. Гэхдээ яахав. Хул үрээгээ өгсөн шиг өгнө өө. Гонсойхгүй. Чи олон жил айраг амсана аа” гэсэн юм билээ. Тогоохүү гэдэг нь миний ижий л дээ. Тэгж хэлээд өгөөд явуулсан, дараа жил нь Жанчив уяад айрагдуулсан. Ийм түүхтэй. Миний аавын морь таньсан түүх нэгээр тогтохгүй ээ. Энд тэндхийн сайн адууг хараад андахгүй. Өнөөхийг нь мэддэг улс дагуулж явж морь шинжүүлэх нь элбэг байсан.
-1967 оны баяр наадмаар хоёр насны морь айрагдуулж байж. Тэр хурдан хүлгүүдийг та унаж байсан уу?
-Хээр соёолон айргийн гуравт, сартай хээр шүдлэн айргийн тавд давхисан байгаа биз. Тэр морьдын удам угшлыг нь мэдэхгүй юм. Тэр үед асууж лавлаж байсангүй. Одоотой адил адууны удам угшлыг лавшруулж судалдаггүй байлаа шүү дээ. Манайх Медальт хээр, Медальт халиун гэж хурдан морьдтой байсан. Хээр нь их сайхан бие хаатай, хурдан ч адуу. Халиун нь бага насандаа улсад айрагдсан. Би хээрийг нь унах сонирхолтой. Харин аав намайг “хүнд ястай, тарган” гээд зөвшөөрдөггүй. Медальт халиун бүдүүрээд хадуурдаг болоод, дийлдэхээ байчихсан. Намайг халиуныг уна гэнэ. Би халиуныг унаад хадууруулсаар түрүүлж чадахгүй. Тэгээд “Аав аа, хээр морио би уначихъя” гэхээр “Чамаар ч унуулах морь биш шүү” гээд зөвшөөрдөггүй байсан.
Миний дээд талын ах Пүрэвсүрэн хээрийг унаад түрүүлдэг, би халиун морьтойгоо хадуурсаар гэрийнхээ гадаа давхиж ирээд зогсдог. /инээв/
-Нэг их олон жил хурдан морь унаагүй байх гэж бодлоо.
-Би дөрвөн жил өөрийнхөө морийг унаж улсын наадамд оролцсон. Айдасын даваагаар дөрөв давсан хүн.
-Бодож байснаас олон юм аа.
-Цэвэгжав гуайн саарал азаргыг унаснаа тооцвол таван жил Айдасын даваагаар давсан хүн. /инээв/
Шигтгээ
Амжилтын товчоон:
Аав РаднаагийнДуламсүрэн:
1.1967 онд АХ-ын 46 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хээр соёолон айргийн гурав
2.1967 онд АХ-ын 46 жилийн ой, Үндэсний их баяр наадамд сартай хээр шүдлэн айргийн тав
3.1970 онд АХ-ын 49 жилийн ой, Үндэсний их баяр наадамд бор морь аман хүзүү
4.1979 онд АХ-ын 58 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хул шүдлэн түрүү
Ах Дуламсүрэнгийн Пүрэвсүрэн
1.1985 ондАХ-ын 64 жилийн ой, Үндэсний их баяр наадамд бор шүдлэн түрүү
2.1987 ондАХ-ын 66 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүрэн халзан даага айргийн тав
Нийслэлийн Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэн
АХ-ын ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд:
1.2017 онд АХ-ын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд буурал морь айргийн гурав
2. 2018 онд АХ-ын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын эрлийз дунд ангилалд Буган хээр айргийн гурав
3. 2019 онд АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хар азарга айргийн тав
4. 2019 онд АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд халиун даага аман хүзүү
5. 2019 онд АХ-ын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын эрлийз бага ангилалд буурал халзан даага аман хүзүү
6.2020 онд АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хар азарга айргийн гурав
7. 2020 онд АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүрэн хязаалан айргийн тав
8. 2020 онд АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын эрлийз дунд ангилалд халтар үрээ айргийн тав
Улсын бүсийн уралдаанд:
1.2018 онд Алтан овооны төрийн тахилга, зүүн бүсийн уралдааны эрлийз бага ангилалд хүрэн даага аман хүзүү
2.2018 онд Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой, төвийн бүсийн уралдааны эрлийз дунд ангилалд Буган хээр айргийн тав
3.2019 онд Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 380 жилийн ойн улсын бүсийн уралдааны эрлийз дунд ангилалд сартай хүрэн үрээ айргийн тав
4. 2019 онд “Боржигон хурд” төвийн бүсийн уралдаанд бор морь аман хүзүү
5. 2019 онд “Боржигон хурд” төвийн бүсийн уралдаанд буурал хязаалан түрүү
6. 2019 онд “Боржигон хурд” төвийн бүсийн уралдаанд халиун даага түрүү
7. 2019 онд “Боржигон хурд” төвийн бүсийн уралдааны эрлийз бага ангилалд халтар даага түрүү
8. 2019 онд “Боржигон хурд” төвийн бүсийн уралдааны эрлийз бага ангилалд буурал халзан даага аман хүзүү
Дахиад уралдаан байсан бол хар азарга...
-Хүний удам, адууны угшлыг эртнээс нааш чухалчилсаар ирсэн нь учиртай шүү. Төрийн наадмын хоёр айрагт хар азарганыхаа удам угшлыг танилцуулаач.
-Нэг сайн азарганы сураг гараад “зарж үрчих юм гэнэ лээ” гэсэн яриа дуулаад очсон юм. Харсан болмоор санагдаад хар азаргандаа ойртонгоо “Би тэндээс яваа тэр гэж хүн байна. Би чамайг авахаар ирлээ. Хоёулаа явж төрийн наадамд уралдъя” гэсэн. Товчхондоо ийм л явдал болсон. (инээв)
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын адуу гэсэн санагдана.
-Тийм. Монгол төрийн наадамд гурвантаа түрүүлсэн Магнай халиун азарганы уяач Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ гэдэг хүний адуу юм билээ. Тухайн үед ах нь мэдээгүй. Ноднин улсад айрагдсаны дараа л Мөнх-Эрдэнийн адуу болоод явчихсан. Тэгээд сурагласан чинь Батжаргалын хүү халиун азаргыг унадаг байсан юм билээ. Тэгээд Мөнх-Эрдэнэ эр хар унага бэлэглэсэн нь миний хар азарга болдог юм. Би тэр хүүхдийн аав Батжаргал гэдэг хүнтэй наймаа хийсэн. Нэг багахан наадамд түрүүлээд, дахин уягдаагүй байхад нь 11 сарын сүүлээр би авчраад, зун нь айрагдаж байгаа нь тэр.
-Өнгөрсөн жил бүсийн уралдаанд мордуулсан уу?
-Бүсийн уралдаанд мордуулаагүй. Хүүхдүүд “Бүсэд уралдчихъя” гэсэн ч “Их хурд”-ын эрхтэй байсан болохоор “Өөрийн чадлаар олсон юм. Түүнд нь уралдуулъя” гэдэг шийдвэрийг би гаргасан. Тэгээд “Их хурд”-д мордуулж, 16 билүү, 17-д баригдсан. Уг нь түүнээс урагшаа орох байсан юм аа, би татаж авч үлдээгээд... (инээв)
-Уралдааны замд нь татчихсан юм уу?
-Тийм. 11-т явж байхаар нь хүүхдэдээ хэлээд татуулчихсан. Тэгээд нэлээд зайдуу очоод хөлсийг нь хусчихаад хүүхдээ мордуулаад “Миний хүү, ингэсхийгээд шогшоод оч” гэтэл ам нь дийлдэхгүй давхичихсан. Тэгээд явсаар байгаад барианд 16 билүү, 17-гоор орчихсон. Тамир муутай байсан болохоор азаргаа зовоогоод яахав гэж бодсон юм л даа. Харин энэ жилийн хувьд дахин наадам байсан бол уралдуулчихаар бяртай байсан шүү.
-Сайн хүүхдээр унуулсан бол өөрт нь даатгах хэрэгтэй юм шиг санагддаг.
-Тийм байна лээ. Миний хар азарга их номхон, хүүхдэд түшигтэй адуу байгаа юм. Өнгөрсөн жил улсын баяр наадамд айрагдахад нь буурал морийг унаж байсан Улсболд гээд хүү унасан. 15 хүрсэн ч “наадмын одтой хүүхэд” хэмээн бэлгэшээгээд мордуулсан. Өнөө жилийн тухайд аргагүй хасагдсан л даа.
Ерөөсөө сууж болдоггүй золиг байна лээ
-Уралдаанчийнхаа хувьд амжилт арвингүй ч уяачийн хувьд ургац өндөр байгаа. Морь айрагдах бүрт та бид хоёр хөлсний хашаанд таардаг. Харьцангуй тайван харагддаг байсан бол өнөө жил азарганы уралдааны дараа нэлээд догдолсон байна лээ. Хүлээлт өөр байсан уу?
-Яг зөв. Хар азаргаа айрагдана гэдэгт төдийлөн итгэлтэй бус байсан юм. Хэдийгээр өнгөрсөн жил төрийнхөө наадамд айрагдсан ч энэ жил юу л бол гэж бодож байлаа.
-Уяа сойлгын хувьд сэтгэлд хүрээгүй хэрэг үү? Эсвэл...
-Сүрхий том азарганууд мордлоо шүү дээ. Тэгж бодоод өөртөө ачаалал өгөөгүй байсан юм. Гэтэл хөөрхий минь давхисаар байгаад айрагдчихаар нь өөрийн эрхгүй огшоод.../инээв/ Ерөөсөө сууж болдоггүй золиг байна лээ. Муу азаргаа өрөвдөх шиг. /инээв/
-Тэр агшинд монгол наадмын үнэ цэнэ оршдог юм биш үү?
-Үнэн, үнэн. Монгол эр хүн, уяач хүнд хамгийн сайхан зүйл бол морь, хүүхэд эсэн мэнд барианд орж ирэх тэр агшин. За тэгээд, эхний тавд багтаж чадвал бүтэн жил нойроо хасаж, нуухтай нүдтэй явсны хэрэг гарч байгаа нь тэр шүү дээ. Ах нь энэ жил хэдэн үрээндээ илүү итгэж байлаа.
-Тэд найдлага алдаагүй ээ. Ингэхэд танайх нэг насанд хэдэн морь уядаг юм бэ?
-Нарийн тоо хэлж мэдэхгүй байна. Яагаад гэхээр манайх хоёр, гурван газар тасарч уядаг. Ойролцоогоор нэг насанд 3-4 адуу уягдаж байна. Ахад нь сайхан, сайхан алтан тууртууд бий. Морь уядаг хүний л зан юм даа. Энийгээ ч уячихъя, тэрийгээ ч хөнгөрүүлчихье гэсээр байтал анх эхлэхдээ 60-70 адуу барьдаг. Түүнээс хасаж танасаар хамгийн багадаа нэг насанд дөрөв гэж үзвэл дөрвөн есийн 36 адуу үлдэнэ. Зарим насанд тав, зургааг авч үлддэг гэхээр дунджаар 40-50 болно. Даага, шүдлэнгүүдийн хувьд тухайн жилийн амжилтаас илүүтэй цаашдаа яах нь вэ гэдгийг нь харахыг чухалчилдаг.
За тэгээд, хасагдаж, танагдсаар яг улсын наадамд мордож байгаа нь цөөхөн л дөө. Одоо яахав, нэгэнт төр засгаас томилогдсон комисс хасаж байхад жирийн уяач бид юу хэлэхэв. Ер нь цаашдаа нэг тийш нь гаргаж шийдвэрлэхгүй бол олон уяач, ард түмэн гомдолтой үлдэж байна шүү дээ.За, уяач бид ч яахав. Дурандаа уяж байгаа улс. Гэтэл хөөрхий хүүхдүүд уйлаад ирж байна шүү дээ. Түүнийг харах хэцүү юм аа. Заримдаа аргадаж дийлэхгүй болох юм.
-Хасагдсан морьдын хүүхдүүд буцаж явахыг харах надад ч гэсэн хүнд байдаг.
-Тэгэлгүй яахав. Ирээд хэсэгтээ намдаж өгдөггүй. Жишээ ярих юм бол манайх нэг жоохон, үнхэлцэг шиг даага мордуулсан юм. Нөгөө мууг чинь хасчихаж. Хүүхэд нь хэсэгтээ тайвширч чадахгүй л байсан. Хүн юмаа өмөөрдөг юм хойно доо. Комиссынхон ямар нүдээр хараад хассаныг асуумаар байв ч ёс жудаг, уламжлалаа бодоод хэл ам таталж, хий салхи гаргаагүй ээ, ах нь. Морь уясан хүн тийм юмнаас холуур байж, хүнтэй зүгтэй, эвтэй явахыг эрмэлзэх хэрэгтэй.
-Таныг зүүн талын адуугаар түлхүү нааддаг юм уу гэж хардаг.
-Тийм, тийм. Ах нь Дорнод, Сүхбаатарын адуугаар голдуухан нааддаг хүн. Удам угсаа сайтай, сайхан адуунууд бий. Ямар журмаар яагаад хасагдаад байгааг нь сайн ойлгохгүй юм. Ирэх жил 100 жилийн ойгоос өмнө нэг тийшээ болох байгаа гэж бодоод л сууж байна.
-Найдаж байгаа. Ингэхэд айргийн тавд хурдалдаг бенз тамгатай хүрэн үрээ хаанахын адуу вэ?
-Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат “Бураа” хэмээх Пүрэвжав агсны адуу. Манай Жижгээ тэдний хүүхдүүдтэй дотно сайхан нөхөрлөдөг юм. Хэдэн жилийн өмнө тэднийхээс унагатай гүү авч байсан юм. Тэгэхэд дагаж ирсэн унага нь таны асууж буй хүрэн хязаалан. Даага, шүдлэндээ айрагт багтахгүй, 20, 30-аадаар давхиад байсан ч юм дуулгана гэдгийг нь мэдээд байсан юм. /инээв/ Хүрэн үрээндээ ах нь Монгол хүрэн гэдэг нэр хайрласан.
-Мөнххааны адуу байжээ.
-Нарийн яривал ах нь бараг Монголын аль сайн адуутай гэсэн айл болгоноос адуу авсан. Цаг үеэ дагаад шинэ цагийн адуугаар ч наадаж байна. Жишээлбэл, ноднин “Боржигон-2019” төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн халтар маань энэ жил шүдлэндээ эрлийз дунд ангилалд айргийн тавд хурдаллаа.
-Өнгөрсөн жил хоёр даага айрагдуулж байсан санагдана.
-Тийм. Монголд халиун, эрлийзэд халтар даага тус, тус аман хүзүүнд хурдалсан. Халиун даага маань улсын наадамд аман хүзүүдээд, давхар уяагаар Говьсүмбэр аймагт болсон төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн. Энэ жил уяа нь болж өгөхгүй байхаар нь мордуулсангүй.
-Өнгөрсөн жил улс, бүсийн уралдаанаас хичнээн айраг, түрүү хүртсэн бэ?
-2019 онд улсын баяр наадмаас гурав, улсын бүсийн уралдаанаас зургаа, нийтдээ есөн айраг, түрүү хүртсэн. Өнөө жилийн хувьд улсын баяраасаа гурван айраг хүртлээ.
Буурал морио Улс хэмээн нэрийддэг болсон
-Монгол улсын Алдарт уяач цолоо бататгажээ.
-Тэгсээн. 2017 оноос хойш улс, бүсийн чанартай томоохон уралдаанаас айраг алдсангүй. Одоогоор улсын наадмын найм, бүсийн уралдааны найм, нийтдээ 16 айраг, түрүү хүртээд байна. Тооны хувьд Монгол улсын Манлай уяач цолны болзлыг давсан ч чанарын хувьд хүрэхгүй. Харин улсын Алдарт уяач цолны болзлыг өөрийн чинь хэлдгээр дүүрэн хангаад байгаа.
-Айхтар өвчин гараагүй бол Монгол улсын Алдарт уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэн хэмээн цоллуулж зогсох байлаа.
-Юундаа яарах вэ дээ. Эрүүл энх, хөдөлж байгаа цагт болно доо гэж боддог хүн. Ер нь тэгээд болох юм болно. Тавилангүй юм руу мянга зүтгээд нэмэргүй шүү дээ. Түүний оронд хэдэн муусайн хүүхдээ наадуулаад явж байвал боллоо. Морь уясан зорилго тэр юм чинь.
-2017 онд буурал морь айрагдсаны дараа ярилцлага авч байхдаа олон жил шантралгүй зүтгэжээ гэж бодсон шүү.
-1982 оноос эхлээд Лхагвасүрэнгийн нэртэй морьд уралдсан байдаг юм. Дунд нь гурван жил сургууль соёл гээд өөрөө ирж чадаагүй. Бусад цаг хугацаанд жил бүр өөрийн нэртэй морь мордуулж, 70, 80, 100, 120-иор ирсэн ч “сайхан наадлаа” хэмээн гэр бүлээрээ баясаж суудаг байлаа. Морин тэргээ хөллөөд наадамд явдаг байсан тэр үеэ эргээд бодохоор сайхан юм. Ах нь түрүүн хэлсэн шүү дээ. Болох юм болно оо гэж. Тэр үед айраг, түрүү авсангүй гээд адгаж бухимдсан бол өнөөдрийн амжилтанд хүрэхгүй байсан ч байж мэднэ.
-Тийм шүү. Төрийн наадмын анхны айргийг авч, өм нээсэн буурал мориныхоо талаар хуучлаач.
-Их насны морь уяачийн өмийг нээдэг гэдэг ортой юм билээ. Хүн, морь хоёрын заяа тавилан аяндаа нийлэхээс албадан нийлүүлэх аргагүй юм байна гэж боддог болсон шүү. Анх буурал морио улсын наадамд айрагдахад явган гүйгээд, бахардах шахуу очиж байлаа. Тэр баярт мөчөөс хойш жил бүр уясан морьд минь намайг болон түмэн олноо цэнгүүлэн түрүүлж, айрагдаж байна. Үүнийг би буурал морь минь сайхан өм нээжээ хэмээн бэлгэшээдэг.
-Нээрэн ч 2017 оноос хойш айраг, түрүү алдсангүй дээ.
-Би хурдан морьддоо сайхан нэр өгөх дуртай. Буурал морио улсын наадамд айрагдчихангуут “Өнөөдрөөс Улс буурал гэж нэрлэе” гэсэн юм. Хүмүүс тэр бүр мэдэхгүй байж мэдэх ч бид буурал морио “Улс буурал” гэж дууддаг.
-Даваахүү Тод манлай “Сайн хүлгийг хүний зэрэгт тооцож сайхан нэр өг” хэмээдэг.
-Адуу их ухаантай амьтан. Дуудах нэрээс эхлээд эзний хандлага зэргийг бүгдийг нь мэдэрнэ. Наадам хонгор, Монгол хүрэн, Дөлгөөн хар гэгчилэн сонсголонтой бөгөөд бэлгэдэлтэй нэр өгөхийг хичээдэг.
-Улс буурал Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын адуу гэдэг билүү?
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Амгалан гэж хүний адуу. Тэднийхээс овоо хэдэн үрээ авсаан. Түрүүн ярьдаг Наадам хонгор ч тэдний адуу. Адуу нь чанаржуу юм билээ. Буурал морины тухайд эцэг нь Сүхбаатар сумын тавдугаар багийн харьяат, олноо “утасны” хэмээгдсэн Гомбосүрэнгийн хээр азарга, мөн багийн харьяат Будын хүрэн гүү хоёрын дундаас гарсан гэдэг. Харин эх шарга гүү нь Тэмээн борын шарга азарганы төл шарга азарга, Сүхбаатар сумын тавдугаар багийн харьяат Артагийн хонгор гүү хоёрын дундаас гарсан гэнэ лээ. 2013 онд даага анх уягдаж, Сүхбаатар суманд болсон Мандал болон Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд болсон Баянхаан овооны тахилга наадамд тус, тус түрүүлсэн гэсэн. Шүдлэндээ уралдалгүй өнжөөд, 2015 онд хязаалан үрээ Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 70 жилийн ойд зургаалж, соёолондоо Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын наадамд зургаалж, аймгийнхаа баяр наадамд аман хүзүүдээд, Хэнтий аймагт болсон зүүн бүсийн уралдаанд 18-д давхиад надад ирсэн. Түүнээс хойших амжилтыг нь та бүхэн хэлүүлэлтгүй мэднэ шүү дээ.
Хамгийн үнэтэй авсан нь хүрэн морь
-Бодоод байсан, та олон сайн адуу авчээ. Төрийн наадамд хоёронтоо айрагдаж, Монголын чансаа өндөр их насны морьдыг тэргүүлсэн хүрэн морь танай адуунд бий байх аа.
-Тийм ээ. Хүрэн морио хайрлаад таргадуулчихаад байх шиг. Хоёр жил дарааллаад 15-д давхилаа. Гэсэн ч гандан буурахгүй. Ирэх жил 100 жилийн ойгоор хүрэн морио уралдуулна аа.
-2018 онд есөн настай морь айргийн дөрөвт хурдалж байсан санагдана.
-Тийм. Энэ жил 11 настай. Их насны морины хувьд ид нас шүү дээ. Энэ жил нэг хөлс дутаачихсан байна лээ. Бороотой гээд зарлаад байхаар нь нэг хөлс дутуу авчихсан чинь буруудсан байна лээ. Уяач хүн наадмаас наадмын хооронд суралцаж байдаг хойно. Дараа жил сайхан наадна аа гээд л байж байна.
-Би буруу сонсоогүй бол нэлээдгүй өндөр ханшаар авсан байна лээ. Та санал тавьсан уу?
-Эхлээд жижиг хүрэнг нь авсан юм. Тэгэхдээ хүрэн морио харчихгүй юу. Наймаа хийснээс хойш арваад хоног хүрэн морио бодлоо. “Цугт нь авчихдаг байж” гээд. Тэгээд залгасан “үгүй” гээгүй. Тэгээд л наймаа хийсэн. Адилхан адуунд дуртай улс. Мөнгө төгрөгийн тухай энд яриад яахав ээ.
-Ойр ойрхон өндөр ханштай наймаа хийхээр гэр бүлийн хүн дургүйцэхгүй юу?
-/инээв/ Заримыг нь мэднэ, заримыг нь мэдэхгүй. Энэ юу болов гэхээр нь “Авсаан” гэдэг юм. /инээв/ Буурал морио авчихаад “Одоо ч моринд нүүхээ больё” гэж шийдсэн юм. Гэсэн ч больж чадахгүй л байна.
-“Тод магнай” сэтгүүлд ярилцлага маань гарлаа гээд аваачаад өгсөн, нуусан наймаа маань ил болчихлоо гэж хэлдэг уяач цөөнгүй бий шүү.
-Түүн шиг л юм болоод байна. /инээв/ Хамгийн үнэтэй авсан нь хүрэн морь болох байх. Бусад нь дундаж үнэтэй.
-Миний ажигласнаар танайхан эр, эмгүй моринд сонирхолтой юм шиг.
-Тийм шүү. Би хоёр хүү, нэг охинтой. Хүүхдүүд минь нас биед хүрч, өрх гэр тусгаарласан. Тэдний ямар хоол идэх, ямар хувцастай явах нь хөгшин бид хоёрт хамаатахгүй. Өөрөөр хэлбэл, миний хийх наймаа арилжаанд хүүхдүүд тэгтлээ оролцохгүй. Гэхдээ би ярьж зөвлөнө өө. Манай хүүхдүүд эр, эмгүй моринд сонирхолтойгоос гадна аавынхаа хүсэл эрмэлзлийг их дэмждэг. Хүүхдүүд том болохоороо “Яаж аав, ээжийгээ баярлуулах вэ. Яавал тэдэнд минь сайхан байх вэ” гэж боддог юм шиг байна. Тэд маань ер нь аавынхаа хэлснээс нэг их зөрөхгүй шүү. Тэгээд ч ах нь гандан буурахгүй, одоо ч ажил хөдөлмөр хийсээр яваа. Хөдөлмөрлөж олсон хэдэн цаасаа банкинд хийе гэхээсээ илүүтэй хэрэгтэй зүйлд зориулъя гэж боддог хүн. Хүмүүс сонсвол гайхах л байх. Ах нь одоо хэр нь хадгаламжийн дэвтэргүй хүн шүү дээ.
Би ер нь өөрт таалагдсан бол олон хүнд үзүүлж, зөвлөөд байдаггүй
-Өнгөрсөн жил төвийн бүсийн уралдаанд их насны морь аман хүзүүнд хурдлуулсан. Тэр хаанахын адуу вэ?
-Хашаат бор гэдэг юм. Архангай аймгийн Хашаат сумын буюу Санжаадамба аваргын нутгийн адуу. Гайгүй үрээ харагдахаар нь “наймаа хийх үү” гэсэн “тэгье” гээд дөрвөн жилийн өмнө авч байлаа. Ноднин хавчиг морь төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. Энэ жил өнжөөжихлөө.
-Долоон настай болохоор нь уу?
-Яг ч тийм биш л дээ. Анх авахад худгийн шалбаагт олон хоног зогсоод туур нь нүүдэг болчихсон байсан юм. Ноднин бас тэгж нүүгээд байхаар нь юмаар баглаж, цавуугаар нааж байгаад уралдуулчихсан юм. Гэтэл энэ жил шинэ туур түрж ургаад хуучин нь тал талаасаа өмхөрчихөж. Тэгэхээр нь 100 жилээр уралдуулъя гэж бодоод Дорнод руу явуулчихсан.
-Хурдан морины хөл хамгийн чухал. Ул туурайны асуудалтайг нь мэдсээр байж авах ямар онцлог шинжтэй байсан юм бэ?
-Хархоринд болсон Өвөрхангай аймгийн бүсийн уралдааны бичлэгийг үзэж байсан, жижигхэн биетэй ч тун эвтэйхэн давхилтай үрээ байна. Тэгээд наймаа хийчихсэн. Би ер нь өөрт таалагдсан бол олон хүнд үзүүлж, зөвлөөд байдаггүй. Наймаа хийчихдэг зантай. Жишээлбэл, ахад нь Хотонт хул гэж нутгийн адуу бий. Ямар учиртай вэ гэхээр миний аавын хамаатан болох Жамсрангийн Догсом гэж 70 нэлээд гарчихсан өвгөн бий. Тэр хүний хул морь Пүрэвбаатар Тод манлайн мялаалга наадамд түрүүлсэн. Тэгсэн өвгөн “Би хул мориндоо төрийн наадмын дов үзүүлж чадах биш. Миний хүү авч яваад уралд” гэсэн. Тэгээд Баянхонгорт болсон Ламын гэгээний ойд айрагдсаны дараа “Чи хөдөлгөөнтэй шүү. Битгий цааш, нааш нь хийчихээрэй. Хул мориороо сайхан уралдаарай” гээд өгсөн юм. Сайхан буурлынхаа захиасыг биелүүлж, нутгийн нэр гарган хурдлаг гэж бодоод хул морио Хотонт хэмээн нэрийдсэн. Энэ жил оролдсонгүй.
-Өнжөөсөн морь уяа нь эвлэхгүй уддаг гэлцэх юм.
-Хавар хөдөлгөж үзсэн. Уяаны хэдэн морьдынхоо өнгөнд л яваад байгаа. Хүрэн морины өмнө ороод байгаа шүү дээ./инээв/ Гэхдээ энэ жил давхиулаагүй ээ. Наадам нэгээр дуусах биш гээд тэвчиж байна.
-Нутгийн унаган адуу юу?
-Тийм, Догсом ахын унаган адуу.
-Төрийн наадамд хоёр айрагдсан морийг хаяж байгааг дуулахад хурдан л адуу юм.
-Хурдан нь ч хурдан. Бие бага, нас залуу болохоор нь энэ жил өнжөөчихлөө.
-Алдарт их насны морь сайтай юм байна шүү. Азарга ч бас цөөдөхгүй байх.
-Бий, бий. Дорнодоос авсан сайхан хар морь бий. Би төрийн наадамд айрагдах морь гэж авсан. Энэ жил уясан, гавихааргүй болохоор нь тавьчихлаа. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат, сумын заан Баатар гэдэг залуугаас авсан Мөлүү хонгор гэж хурдан морь бий. Хийц их сайхан. Энэ жил улсын наадамд 26-д давхилаа. Энэ мэтчилэн яриад байвал олон сайхан хүлгийг дурдаж болно.
Азарганы тухайд гэвэл тэнд уяатай байгаа бор азарга ноднин төвийн бүсэд зургаалсан. Урьд шөнө нь нэмнээнээсээ үргэж алдуураад, шөнөжин хайж, өглөө олоод машинаар ачиж авчраад мордуулсан зургаалчихсан юм. Алдаагүй бол лавхан айрагдана л даа. Хүмүүст сургамж болох үүднээс хэлэхэд ойр зууртаа хайх хэрэггүй юм билээ. Шөнө дөрвөн цагт алдчихлаа гэж дуулаад хэдэн тийшээ гарч хайсан, тэрүүхэн хооронд 60 км яваад нууранд нэмнээгээ чирчихсэн зогсож байна лээ.
-Алдаагүй бол айраг амсуулах байжээ. Хаанахын адуу вэ?
-Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жамцын Энхболдын унаган адуу гэнэ лээ. Бид шүдлэнд нь Батзориг Тод манлайгаас авсан. Хязааландаа их хурдан байсан. Санаж байгаа бол Алтан овооны тахилга, зүүн бүсийн уралдааныг их өнгөлсөн дөө. Тэгээд өнгөрсөн жил соёолондоо төвийн бүсэд зургаалчихсан. Алсдаа юм дуулгах адуу гээд тоож явдаг юм.
Амьд байхдаа адуу зарахгүй ээ гэж өөртөө тангараг өргөсөн
-Шинэ цагийн адуу ч цөөнгүй байх.
-Бий. Бий. Монголын адуу үржүүлэгчдээс ч авсан. Ирландаас ч хоёр англи азарга авсан. Энэ сайн, тэр сайн гэж авсаар 10 хэдэн азарга адуутай болчихсон байна. Тал нь Дорнодод, тал нь энд байдаг юм. Удмын сангийн тэмдэглэгээг маш сайн хийе гэж бодоод байгаа.
-Тэр чухал шүү. Ингэхэд өөрийн адуунаас хэр наймаалцдаг вэ?
-Амьд байхдаа адуу зарахгүй ээ гэж өөртөө тангараг өргөсөн хүн. Надаас хойш хүүхдүүд зарна уу, яана уу, хамаагүй.
-Яагаад?
-Өөрөө дурлаж авчихаад дараа нь “Энийг заръя” гэх нь ёс зүйгүй санагддаг. Зарах бүү хэл, найр, хуриманд очихдоо ч даага, үрээ бэлэглэдэггүй. Яагаад гэхээр “ямар нэг байдлаар зовоох вий” гэсэн эмзэглэл байдаг учраас тэр. Миний өгсөн адуу зовж байгаа тухай дуулахыг, харахыг хүсдэггүй болохоор тэр. Хүн болгон адууг хайрлаж чадахгүй шүү дээ.
-Олон адуутай хүмүүст нутаг, бэлчээрийн асуудлаас эхлээд бэрхшээл их гэх юм билээ.
-Хамгийн хэцүү юм бэлчээр л болоод байна. Тэрнээс биш хөөрхий, маллаад байвал үүн шиг сайхан мал хаа байх вэ. Ядаж л олонтой болгоно. Сая нэг сонин тохиолдол боллоо. Ах нь Шарын гол яваад зам мэдэхгүй мунгинаж байтал бүрэнхий болчихлоо. Тэгсэн хэдэн адуу туусан хүн явж байна. Замаас гараад зогссон, өнөө залуу давхиад ирлээ.Цонхоо буулгаад “Сайн байна уу. Энэ Шарын гол ордог зам мөн үү” гэсэн “За байз, Лхагвасүрэн гуай” гэнэ. “Юу билээ, хэний хүүхэд билээ” гэтэл “Энүүхэн дээгүүр даваад манайх байгаа. Таны хар азаргатайгаа авахуулсан зурагтай календарь манай хойморт бий. Ороод хоол унд идээд яв” гэж байна. Тэгсэн Дарханы залуу юм байна. Аймгийн Алдарт уяач Оодон Сүхээ гэсэн байх шүү. Хар азаргатай зургаар минь таньчихаад сүйд болоод байсан нь тэр байж. Даанч яаруу ажилтай явсан тул орж амжаагүй.
-Хүнтэй танилцуулж, олонтой болгодог давуу талыг нь чухалчилж морь уяж байгаа хэсэг ч байна. Жишээлбэл, бизнесээ тэлэх зорилгоор...
-Ах нь тийм зорилгоор морь уядаггүй болохоор мэдэхгүй юм. Тэгээд ч архи, дарс амсдаггүй болохоор найз нөхөд цөөтэй. /инээв/ Ах нь амьдралдаа хоёр зарчмыг баримталдаг. Аливаа зүйлийн цаг хугацааг тохируулж, мөн чанарыг нь таних. Миний аав, ах морь уядаг байсан болохоор би хурдан морийг бизнесээ тэлэх гэдэг юм уу, ашиг орлогын үүднээс харж байгаагүй. Өөрөөр хэлбэл, мөн чанарыг нь эрт таньсан. Энэ бол монгол хүний эрхэмлэн дээдэлж байх соёл уламжлал. Үүнийг эрх ашигтай хольж хутгаж болохгүй.
Дараагийнх нь хэдийгээр морь уях нь соёл уламжлалаа дээдэлж буй хэрэг ч цаг хугацаа чухал. Жишээлбэл, би одоо хоёр хүүгээ морь уяхыг зөвшөөрдөггүй. Залуу байхдаа ажлаа хий гэдэг шаардлага тавьдаг. “Залуу улс ар гэрээ бод, амьдралаа бод. Бүтээмж өндөртэй насан дээрээ сайн хөдөлмөрлө. Үр хүүхэд чинь томроод, амьдрал ахуй чинь тогтоод ирсний дараа бол морио уяна уу, яана уу, өөрсдөө мэд” гэдэг. Би 30 нас дөхөөд нэг хэсэг морь луу ширүүн орж эхэлсэн хүн. Тэгээд нэг өглөө сэрээд “Болохгүй шүү, Лхагвасүрээн. Эхлээд ажлаа хий, хүүхдүүд чинь бага байна” гэсэн шаардлагыг өөртөө тавьсан. Тэгээд жилдээ цөөхөн морь уяад, төрийнхөө наадамд оролцох байдлаар олон жил явсан. Үр хүүхдүүд томроод, амьдрал ахуй тогтчихсон болохоор сүүлийн хэдэн жил адуунд анхаарлаа хандуулж байгаа. Анхаарал хандуулаад ирэхээр морь ч гэсэн сайхан давхидаг юм байна.
-Залууст хэрэгтэй захиас байна.“Тод магнай” сэтгүүлд үргэлж нээлттэй ханддагт тань баярлаж явдаг шүү. Зочны ярилцлагаа энэ хүргээд жаргаая.
-Баярлалаа. Монгол ёс заншлаа, тэр дундаа морьтны соёлыг түгээн дэлгэрүүлж буй танай хамт олонд нийт уяачдынхаа өмнөөс халуун талархал илэрхийлье ээ. Тэгээд залуу уяачдадаа “Хүнтэй эв найртай, даруулгатай, тэвчээртэй байгаарай. Тэгж чадвал нэг л өдөр морь тань айрагддаг юм аа” гэдгийг хэлмээр байна.
А.Тэлмэн
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.184.60
Сайхан ярилцлага болжээ. Лхагваа ахдаа эрүүл энх, аз жаргал, амжилт бүхнийг хүсье.
Reply