МУ-ын Алдарт уяач Батчулууны Ерөөлт: Их мэдэж, нарийн уях гэсэн бол 2013 онд тийм өндөр амжилт үзүүлж чадахгүй байсан

Сэтгүүлч
2020 оны 11-р сарын 24 -нд

Энэ хорвоог туулах зам жим хүн бүрт харилцан адилгүй зурагдсан. Зарим нь ижий аав, ихэс дээдсийнхээ гаргасан замаар түүртэлгүй хорвоог туулдаг бол өөр нэг хэсэг нь өнгөт орчлонд шинэ жим гаргах гэж хад чулууг хага яран, уул давааг сэтэлж, ус мөрнийг гаталдаг. Харин өөр нэг хэсэг нь бага балчир, өсөх идэр насаа ижий аавынхаа халамжинд сэтгэл тэнүүн өнгөрөөгөөд, бие хүнийг олох үеэс өөрийнхөө замыг зурайлгаж эхэлдэг. 
Энэ удаагийн зочин бол гурав дахь хувилбарт хамаарна. Түүнтэй ярилцаж суухад энэ амьдралаа өөрийн гараар бүтээн урласандаа сэтгэл хангалуун байдаг нь цаг үргэлж мэдрэгдэж байв.
Бүтээлч хичээнгүй тэр эрхэм бол Ховд аймгийн Чандмань сумын уугуул, Монгол улсын Алдарт (Манлай уяач цолонд тодорхойлогдоод буй) уяач Батчулууны Ерөөлт юм.
Монгол хурдан морины түүхэнд нэгэн бодь суваргыг бүтээж, дахин давтагдашгүй амжилт үзүүлж чадсан тэрээр Ховд аймгийн “Алтайн унага” МСУХ-ны тэргүүнээр ажилладгийг уншигчид мэдэх биз ээ. Түүний тэргүүлдэг холбоо 2019 оны ажил үйлсээрээ ММСУХ-ны Шилдгийн шилдэг салбар холбоогоор шалгарч, бидний ярилцах бас нэгэн шалтаг болсон билээ. 


Ховдын уяачид  2019 оны амжилтаараа баруун бүсдээ тэргүүлсэн

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын эсрэг Монголын уяачид нэгдэн хандив өргөлөө. Ховд аймгийн “Алтайн унага” МСУХ энэхүү аянд нэгдсэн үү?

-Нэгдэлгүй яахав. Эхний таван холбоодын нэг болж, сайн санааны үйлсэд таван сая төгрөг, 50 хонь хандивласан. Ховд аймгийн МСУХ энэ жил Монгол улсын Шилдгийн шилдэг салбар холбоогоор шалгарсан тул үүргээ хүлээн бусдадаа үлгэрлэх үүднээс хандивын аянд нэн даруй нэгдсэн. 
-Шилдгийн шилдэг холбооны ажил үйлстэй танилцах нь зүйн хэрэг. Улиран одогч 2019 онд та бүхэн ямар ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ?
- Зорьсон зорилгодоо хүрч, төлөвлөсөн ажлуудаа амжуулсан сайхан жил байлаа. Монголын морины их олимп гэгддэг “Их хурд” уралдаан маань энэ жил агуулгаа баяжуулж, адуун өв соёлын наадам болсныг та бүхэн мэдэж байгаа. Энэхүү наадамд Ховд аймгийн МСУХ идэвхтэй оролцож, морьтны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан. Үүнээс гадна Ховд аймгийнхаа “Шигшмэл хурд” уралдааныг амжилттай зохион байгуулж, уяачид, уралдаанч хүүхдүүдийнхээ хичээл зүтгэл, хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүллээ. Шигшмэл хурд уралдаанд түрүүлсэн дээд гурван насны морьдын эздийг машинаар, доод гурван насны морьдын эздийг мотоциклиор шагнаж, түрүү морины уралдаанч хүүхдүүдэд таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэсэн.
-Хүүхдийн шагналын тухайд бусдадаа үлгэр болохуйц санаачлага болжээ. 

-ММСУХ уралдаанч хүүхдийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх бодлого баримталж буй. Тэр хүрээндээ “Их хурд-8” уралдаанд унасан морио түрүүлгэсэн хүүхдүүдэд нэг өрөө байр бэлэглэсэн шүү дээ. Тэрхүү буухиаг Ховд аймгийн МСУХ үргэлжлүүлж, уралдаанч хүүхдүүддээ таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэсэн. Хүмүүс сэтгэл хангалуун байна лээ. 
-Сэтгэл хангалуун байх нь дамжиггүй. Бэлгэдэл талаасаа ч сайхан сонсогдож байна. 

-Монголчууд хүү төрмөгц эмээл зэхэж, эр бие гүйцмэгц гэр барьдаг уламжлалтай. Тэрхүү сайхан уламжлалын дагуу морьтны соёлоо тээн, хөгжүүлж буй хүүхдүүдийнхээ ирээдүйд холбооны зүгээс санаа тавьсан нь тэр. 


-Орон нутгийн “Их хурд” уралдаан сайхан болов уу?
-Сайхаан, шигшмэл хурд уралдаанд уралдах морьдыг ММСУХ-ны дүрмэнд заасны дагуу сэрвээний өндрөөр хэмжсэн нь ямар нэг маргаан дагуулаагүй. Дан ганц шигшмэл хурд гэлтгүй өнгөрсөн жил зохион байгуулагдсан аймгийн бүсийн уралдаанууд тэр дүрмийн хүрээнд зохион байгуулагдсан. Монгол улсын шилдэг салбар холбоогоор шалгарахад нөлөөлсөн дараагийн нэг зүйл бол Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанд Ховд аймгийн уяачид амжилттай оролцож, айраг түрүүнийхээ тоогоор баруун бүсдээ тэргүүлсэн. 
-Ямар амжилт гаргасан билээ. 

-Таван түрүү, долоон айраг хүртсэн шүү дээ. Миний бие 2015 онд МСУХ-ны тэргүүн болоод гурван том зорилт дэвшүүлсний нэгдүгээрт нутгийн уяачдын ур чадварыг дээшлүүлж, баруун таван аймагтаа тэргүүлэх зэрэгт хүргэх. Хоёрдугаарт уяачдын амьдрал ахуйд дэм тус болох үүднээс уралдааны бай шагналд авто машин өгдөг болгох, гуравдугаарт нутгийн адууны чанар чансааг сайжруулж, зүүн талаас хурд авчрах. Ийм гурван зорилт дэвшүүлэн дөрвөн жилийн хугацаанд зорьж ажилласны үр дүнд 2019 онд Ховд аймгийн уяачид маань амжилтын чансаагаараа баруун бүсийн уяачдаа манлайллаа.
-Холбооны үйл ажиллагаа идэвхижихээр уяачдын үзүүлэх амжилт өсч байгаа нь ажиглагддаг.

-Орон нутгийн уяачдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх хүрээнд өнгөрсөн жил зохион байгуулагдсан томоохон уралдаанууд цөм авто машины бай шагналтай байсныг мөн тэмдэглэх нь зүйтэй байх. Жишээлбэл, Мянгад суманд болсон “Түмэн адуу”-ны баярт зургаан насны морьд уралдаж, түрүү морьдын эздийг авто машинаар шагнасан. Мөн Булган суманд болсон “Жангар-2” уралдааны зургаан насны болоод жороо морьдын уралдааны түрүүг бас л авто машинаар байлсан. Дашрамд сонирхуулахад Булган сумын МСУХ маань уяачдын өргөөтэй болсон. 


-Баруун бүсийн уралдаанд уяачдаа нэгдсэн зохион байгуулалтаар хангаж оролцуулсан уу?

-Сүүлийн хоёр удаагийн баруун бүсийн уралдаанд уяачдаа уриалан манлайлан оролцож байгаа. Нэг дор буугаад морьдынхоо идэш хоолыг хамтдаа тааруулаад уралдахаар илүүтэй амжилт үзүүлдэг юм байна.
-Тод манлай, Манлай уяачдыг орон нутагтаа урьж туршлага солилцсон нь уяаны ур чадварыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хийгдсэн ажил бололтой. 
-Тийм. Өнгөрсөн намар 10 сард Ховд нутгаас төрөн гарсан Тод манлай уяач Мөнхтөр болон Дундговь аймгийн уугуул, Монгол улсын Манлай уяач Г.Батчулуун нарыг урьж, бүсчилсэн сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж, төв холбооноос хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулсан. Шинэ дүрмийн дагуу сэрвээний өндөр нь тохирч байвал эрлийз адуу уралдахаар болж байгааг дуулгаад орон нутгийн уяачдаа үүнээс хоцрохгүй байхыг сануулж, адуугаа хэрхэн эрлийзжүүлж, ямар арга барилаар уях ёстой талаар зөвлөлөө. Сургалт зөвлөгөөний дараа Батчулуун Манлай эмгэгтэй адууг уламжлалт аргаар эмчилж байсан нь уяачдын талархлыг хүлээсэн. 
-Холбооны бодлого шийдвэр гэснээс орон нутгийн уяачид VII их хурлаас гарсан шийдвэрийн тухайд ямар саналтай байна вэ?
-Төв холбооноос гаргасан бодлого шийдвэрийг салбар холбоод дагаж мөрдөн, орон нутагт хэрэгжүүлэх ёстой. Түүнийг хүлээн зөвшөөрөхгүй бид монголоороо уралдана гээд байвал хоцорно шүү дээ. Гэхдээ хүн нэг бүр эрлийз буюу цустай адуу худалдаж аваад уралдуулна гэвэл мэдээж боломжгүй. Тиймээс аймгийн МСУХ цэвэр цусны юм уу, 50 хувийн цустай эрлийз азарга авч үржүүлэг хийх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Манай аймгийн хувьд газар нутаг холыг эс тооцвол бусад талаараа ялгаатай зүйл үгүй. Харин ч эсрэгээрээ өвөл бусад аймгуудаа бодвол өнөтэй ордог. Тэр ч утгаараа ихэнх сумдын МСУХ “Эрлийз адуу үржүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Цэвэр цусны азарга авъя” гэсэн шийдвэрт хүрсэн байна лээ.
-Ховд аймгийг адууг Мянгадын Чонон саарлаар л төсөөлдөг. Ер нь танай нутгийн адуу ямар онцлоготой вэ?
-Монгол адуундаа хаана ч уралдчихна. Манай аймгийнханд тулгардаг хамгийн том бэрхшээл бол газар. Өндөр уулсаар хүрээлэгддэг учраас морь уралдах тэгш гадаргуу багатай. Түүнээсээ болоод бага зайд уралддаг. 
-Судалгаа гаргах гээд харж байсан улсын Алдарт уяач олонтой юм билээ. 

-Улсын Алдарт уяачийнхаа тоогоор Төв аймгийн дараа орох байх шүү. Ер нь манайхан идэвхтэй ш дээ. “Алтайн унага” МСУХ төв холбоотойгоо насаар чацуу.1995 онд ММСУХ үүсгэн байгуулагдахад Ховд аймагт мөн уяачдын холбоо байгуулагдаж байсан юм билээ. Өнөө жил манай аймгийн МСУХ-ны 25 жилийн ой тохиож байгаа. 


-Та аймгийнхаа МСУХ-ны хэд дэх тэргүүн бэ? Тэргүүн болох саналыг нутгийн уяачид гаргасан уу?

-Тэгсээн. 2015 онд өмнөх тэргүүн Батцогт ажлаа өгөхөөр болж, уяачдын бага хурал зарласан юм билээ. Түүнтэй холбогдуулаад нутгаас “Бид холбоогоо морь мал мэддэг, уяачдыг ойлгодог хүнээр удирдуулмаар байна. Та холбооны тэргүүнд өрсөлдөөч” гэдэг саналыг тавьсан. Тухайн үед би хөдөө гараад морь уяж байсан ч нутаг орныхон итгэл хүлээлгэж, санал тавьж байхад хэмээн үзээд уяачдынхаа саналыг хүлээн авч Ховд явсан. Тэгээд улсын Алдарт уяач Ш.Адьшаа, аймгийн ИТХ-ын дарга Баярсайхан, УИХ-ын гишүүн Пүрэвдорж нартай өрсөлдөж ялалт байгуулсан юм. Уяачид маань намайг морио мэддэг, уяач гэдгээр нь дэмжиж саналаа өгсөн байх. Би ч гэсэн тэднийхээ тэрхүү итгэлийг алдахгүйн тулд сонсож дуулсан бүхнээ хуваалцаж, байнга туршлага солилцдог. Ажил төрөл амжвал адуу мал авахад нь хүртэл хамт явна. За тэгээд өөрийнхөө адуунаас боломжоороо өгч байна. Энэ мэтчилэн байнга л холбоотой байдаг даа. 
-Ховд аймаг бол олон ястны өлгий нутаг. Тэр утгаараа морь уях соёлын тухайд онцлогууд бий юу?

-Уг нь бол бий. Орон нутагтаа уралддаг байх үед ястнуудын зан заншилтай холбоотой онцлогууд байсан. Сүүлийн үед тэр байдал алдагдаж, нийтээрээ нэг арга барилаар уядаг боллоо шүү дээ. Манай аймаг тэр дундаа Булган сум эртнээс жороо морьдоороо алдартай. Ёстой нөгөө дуу шүлэгт гардаг 12 алдын жороо хүлгүүд чинь тэнд бий. 


-Булганы жороо гээд алдартай юм билээ.

-Морьтны өв соёлын нэгээхэн хэсэг болсон жороо морины уралдааныг өнөө цагт хадгалан авч үлдэж, хөгжүүлж буй цөөн аймгийн нэг нь манайх. Бүх сумдын наадамд жороо морь уралддаг жишиг одоо ч хадгалагдсаар байна. 
-Цаашид хийж хэрэгжүүлэхээр зорьж төлөвлөж байгаа ямар ажлууд байна вэ?

-Төлөвлөсөн ажлууд нэлээд бий. Хамгийн ойрын зорилт бол Ховд аймгийн уяачид орон нутагтаа уясан морио ачиж авчраад улсын наадамд түрүүлгэж, айрагдуулдаг болох. Түүний дараа Ховдод тэнцсэн унага улс, бүсийн уралдаанд түрүүлж айрагддаг болох зорилго тавьж байгаа. Үүнийхээ төлөө хичээх болно. 

13 айраг, түрүүний амжилтаар Манлай уяачийн болзол хангасан

-Албаны яриагаа энд хүргээд өндөрлөе. Дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч, онц байдал зарлаагүй байсан бол би өдийд Монгол улсын Манлай уяачтай ярилцаж суух байлаа. Хэдэн жилийн хөдөлмөрийн үр шимээ хүртэж Манлай уяач цолны болзол хангаад байгаа вэ?

- 2004 онд Өлзийт хороололд хашаа аваад Ховдоос аавынхаа үлдээсэн гайгүй гэсэн морьдыг ачиж авчирч байлаа. Тэр цагаас хойш гэхээр 15 жилийн хөдөлмөрийн үр шимээ үнэлүүлж, хулгана жилд МУ-ын Манлай уяач цолыг хүртэхээр болж байна. Энэ хугацаанд дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх Гиннесийн уралдаан хийгээд шигшмэл морьдын Их хурд болон улсын наадам, бүсийн уралдаанаас 13 айраг, түрүү хүртсэн байдаг юм. Тэрхүү амжилтыг үндэслэн Монгол улсын Манлай уяач цолонд тодорхойлсон. 
-Энэ соёлд багаас суралцсан буюу удам дамжсан уяачид илүүтэй амжилт гаргадаг. Таны хувьд мөн тэдний нэг гэж сонссон юм байна. 

-Бүүр дээд үедээ уяачид байсан эсэхийг сайн мэдэхгүй юм. Миний мэдэхийн өвөө маань сумын заан цолтой, моринд хорхойтой хүн байсан. Жинхэнэ нэр нь Довдон ч нутгийнхан Балбаа заан л гэдэг. Шавилхан биетэй, хурц дайчин барилдаантай. Харахад нүдэнд торохооргүй бие хаатай ч тулаад барилдахаар эрэмгий их дайчин, барилдаанч хүн байсан гэдэг юм. Тиймдээ ч гадны бөхчүүд сум, аймгийн наадмын түрүү авах санаатай ирэхэд өвөөг оноолтоор тавьдаг. Өнөөх нь тэсгээлгүй аваад шидчихдэг. Ер нь бол гадны бөхчүүдийн аранга нь байсан юм билээ. Нас ахиад барилдахаа больж морь уядаг болсон. 
-Ямар хурдан морьдтой байсан бэ?

-Бага байсан болохоор хурдан морьдыг нь сайн санадаггүй юмаа. Сургуульд ороогүй жаахан байхдаа зун хоёр ахынхаа хамт өвөөгийнд очоод аргал түүж өгдөг байснаа л мартдаггүй юм. Өглөө оройд тараг, сүү, өдөрт нэг удаа хоол, бас өглөөд билүү оройд заавал нэг халбага зөгийн бал уулгадаг. Эрэгтэй хүүхдүүд болсон хойно махсаад өлсөнө. Тэгээд харихын түүс болдогсон. Одоо эргээд бодоход тэр нь бидний төлөө л тэгж байсан юм билээ. Монголчууд зун махны хэрэглээгээ багасгаж цагаан идээ голдуу идэн, ходоодоо цайлгадаг шүү дээ. Өвөө бидний ходоодыг цайлгаж, биеийг цэвэрлэх үүднээс тийнхүү цагаан идээ голдуугаар хооллодог байсныг хожмоо ойлгосон доо.
-Аавын тань уясан морьд нутаг орондоо гайгүй сайхан давхичихдаг байсан хэмээн та нэг ярилцлагандаа дурдсан байдаг. Шаггүй уяач байсан уу? 

-Аавын тухайд хүний эмч мэргэжилтэй. Морийг маш сайхан унаж эдэлдэг, сайн уядаг хүн байлаа. Би наймдугаар анги төгстлөө аавынхаа уясан морьдыг унасан. Аавыгаа дагаад морьтой айл хэсэхэд аавын унасан морь сайварлаад түрүүлээд явчихдаг. Би яаж ч хичээгээд морио тэгж сайварлуулж чадахгүй. Айлд хоночихоод өглөө явахдаа түрүүлж, гараад аавын морийг өөрийнхөө эмээлээр эмээллээд “Өнөөдөр л миний морь сайварлаж түрүүлнэ дээ” гэхэд аанай л ард нь шогшдог. Миний аав морийг тэгж сайхан унаж эдэлдэг, алхаа оруулдаг гайхамшигтай эрдэмтэй хүн байсан. Тэр үед машин тэрэг ховор дуудлага ирэхэд 100 км гаруй газар морьтой л явна. Эргээд ирэхэд морь нь огт ядарч сульдаагүй янзаараа байдаг сан. Морийг сайн уяна. Би аавынхаа уясан морьдыг унаж олон айраг, түрүү авсан даа. Чандмань, Дуут, Буянт сумдаар очоод асуувал аавын шар хээр морийг ярих байх. Одоогийн даага шиг жаахан хээр морь. Тэгсэн хэр нь уралдахаараа их том болчихдог. Тэр хээрээр мориор аав бид хоёр сайн наадсаан.
-Дуудлагаар явахдаа морио хөнгөрүүлчихдэг байсан юм биш үү?

-Ажилд унах морьдыг тусад нь өгдөг байсан. Одоо эргээд бодоход аав морийг их зөв уядаг байсан юм билээ. Дуудлаганд явж байхдаа замд таарсан толгойн орой дээр гараад мориныхоо эмээлийг авч тушаад орхичихдог. Тэр хооронд өөрөө гутлаа тайлаад ийш тийш дурандаж хэсэг амарна. Морь уяж байхдаа өдөр хэсэг зуур тавиад идүүлнэ. Гэтэл нутгийн бусад уяачид өглөө барьсан бол орой л тавьдаг. Дундуур нь аав шиг амраахгүй. Тэгж амралттай зөөлөн уяад морио түрүүлгэж, айрагдуулаад байдаг. Тэр жишгээрээ 2004 онд миний уяж байсан морьдыг өвслөөд.../инээв/ Тухайн үед аавыгаа буруутгаж байсан бол одоо зөв байж дээ гэж боддог. Би одоо ямар ч үед морины гэдсийг нарийсгаж уядаггүй. Ажлаа хийлээ, амраалаа буцаагаад тавих жишээтэй. Яагаад гэхээр уягдаж байгаа морины гэдэс нь цэвэрлэгдээд идшээ тааруулдаг болчихдог. Өөрөөр хэлбэл ходоод нь агшаад түүндээ таарсан хоолыг л иддэг болчихдог юм.


-Эцэг эхэд үр хүүхдийнхээ сайн сайхан явахыг харах шиг баяр жаргалтай зүйл үгүй. Моринд дуртай уяач аавд хүүгийнх нь уясан морьд улсын бүсийн уралдаанд түрүүлж, айрагдах бахтай сайхан байсан байлгүй. 
-2004 онд адуугаа авчраад морь уяж эхлэхэд аав тэтгэвэртээ гараад энд ирчихсэн байсан. Тэгээд л өөрийнхөө арга барилаар уях гээд уягдаж байсан морьдыг өвсөлчихгүй юу. Нэг хоёр жилийн дараагаас эхлээд би ойр зэргэлдээ сумд болон Дарханд очиж наадаад олон айраг түрүү авсаан. Тэгэхэд аав минь амьд сэрүүн байсан. Харин миний амжилтын оргил үе буюу улс, бүсийн уралдаануудад морь түрүүлж, айрагдахыг дэргэдээс харж чадаагүй ч бурхны орноос харсан байхаа. 
-Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Айлын отгон хүү. Доороо нэг эмэгтэй дүүтэй. Дээрээ долоон ах, нэг эгчтэй.
-Өнөр бүлийн гишүүн байх нь. Танаас өөр морь уядаг хүн бий юу?
-Ах нар Ховдод байхдаа уядаг байсан. Наашаа ирснээсээ хойш уяхгүй л байна. Одоогоор уяж байгаа нь би л байх шив дээ. Миний дээд талын ах чөлөөт бөхөөр хичээллэдэг, бас ч нэлээд амжилт үзүүлсэн. Би ч бас бөх болох гээд Үндэсний Биеийн Тамирын Дээд Сургуульд сурч байлаа шүү дээ. Тэр үед юм хомс, гэр хол болохоор хоол хүнс муутай хүнд байсан. Тэгээд л наймаа хийгээд амьдрал хөөсөн дөө. Сүүлд Санхүү эдийн дээд сургууль болон Удирдлагын академийг төгслөө. Одоо морь уях төрийн хэрэгт оролцон, энэ өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд биечлэн оролцож байна. Сайн муугаар ярьдаг ч үнэндээ уяачид бид чинь маш том үүрэг хариуцлага хүлээж явдаг улс шүү дээ. 


-2004 оноос хурдан морь уясан гэсэн. 2011 оныг хүртэл буюу халзан морьтойгоо учрах хүртлээ ямар хурдан хүлгүүдээр хэрхэн наадаж байсан юм бэ? 
-Нутгийн буюу Ховдоос ачиж авчирсан морьд бага наадмуудад нэлээд хэд айрагдаж, түрүүлсэн. Түүнээс гадна Хэнтий, Дорнод, Сүхбаатараас найз нөхдөөрөө дамжуулан авсан морьд сайн давхиж, айрагдаж түрүүлсээн. Дарханы наадамд морь түрүүлгээд, Тоглохын талд болсон бүсийн уралдаанд шүдлэн үрээ зургаалуулж, даага арав гаргаж давхиулсан. Тиймэрхүү амжилттай уяач халзан морьтойгоо таараад улс, бүсийн наадмын айраг, түрүү авч эхэлсэн дээ. Одоо халзан морь маань хөл бүтэн эрүүл саруул ижил сүрэгтээ явж байна. 
-2018 оны зүүн бүсийн хурд буюу Алтан овооны тахилга наадмын үеэр зодог тайлсан. Урьдаас тооцоолж бэлтгэсэн байсан уу?
-Тэр жил онцгой сайн байсан. Айрагдаж, түрүүлэх нь тодорхой байсан тул уралдуулчихаад зодог тайлъя гэж бодож очсон юм. Тэгээд морь эргэсэн халзан морь байдаггүй, гарч ирдэггүй. Урагшаа давхиад тархины морьдонд үзлээ байдаггүй, хойшоо хөөсөөр сүүлийн морьд хүртэл харлаа байдаггүй. Гайхаад хүүхдийнхээ богино долгионы станц руу ярьсан “Эмнэлгийн машин дотор байна” гэдэг юм. Тэгсэн морьд гараад 100 метр яваад бүдрэхэд хүүхэд нь уначихсан юм билээ. Тэгээд уралдаж чадаагүй. Уралдсан бол айрагдах л байсан байх. Би халзан морио мэдэлгүй яахав. 
-Ямартаа ч цоллогоон дээр ороод ирчихсэн байсан.
-Нэгэнт зориод ирчихсэн юм чинь гээд цоллогооны үеэр айргийн морьдтой хамт зогсоож байгаад цолыг нь дуудуулж, зодог тайлсан даа.


-Тэр жил онцгой сайн байсан гэлээ. 2013 онтой харьцуулагдах хэмжээнд үү? Арай ч хүрэхээргүй юу?

- Ер нь сайн байсан шүү. Олон жил гардаж уясан болохоор би халзан морио мэдэлгүй яахав. Түрүүлдэггүй юмаа гэхэд айрагдах нь тодорхой байсан. Тийм болохоор нь улсын наадамд мордуулаагүй, дан уяагаар Алтан овооных нь тахилгад уралдуулчихаад зодог тайлна гэсэн төлөвлөгөөг эртнээс хийсэн байсан юм.
-Бодож байсанчлан айрагдчихаад зодог тайлсан бол бахдалтай л юм.

-Гэлээ гээд харамсах юмгүй. Намайг улсын цолонд хүргэж, улс, бүсийн наадам, Их хурд, Гиннесийн уралдаанд айрагдчихсан амьтан шүү дээ. Эрүүл саруул энх тунх байна. Үүнээс илүү юу хэрэгтэй юм. 
-Тийм шүү. Олон сайхан хүлэг зуурдаар төгсч байна шүү дээ. 
-Одоо цэвэр азарганы гүү хураагаад тааваараа явж байна. 

Дахин давтагдашгүй тэр онцгой жил миний халзан морь дахин давтагдашгүй амжилт үзүүлсэн

-2013 он Ерөөлтийн хувьд гайхамшигтай сайхан жил болсон нь дамжиггүй. Тэр жилийн дурсамжаар яриагаа үргэлжлүүлье. 

-Тэгэлгүй яахав. 2012 оны Дүнжингаравт түрүүлгэчихээд, зун нь Долоон худгийн сунгаанд хурдан байсан ч наадмаар биеэр нь тууралт гараад чадаагүй. Тэгээд 2013 он гараад Дүнжингаравт түрүүлээд, Эрдэнэтэд болсон хаврын уралдаанд ахиад түрүүлсэн. 
-Хавар хоёр, зун дөрөв уралдсан. Нэг жил ингэж олон уралдах нь морь эзэн хоёроос ихээхэн эрдэм шаардах нь дамжиггүй. Тэр жилийн уяаныхаа талаар дэлгэрэнгүй ярьж өгөөч. 
-Одоо бодоход юм юм нь таараад л байж. Түүнээс би айхтар нарийн тааруулчихсан юм биш. Жишээ нь 3-ны сунгаа гэдэг бол бүх морьд нийлээд жинхэнэ цуцаадаг шүү дээ. Тэгэхэд би ганцааранг нь Цагаан хөтөлд сунгасан. Хүмүүс гайхаж л байсан байх. Тэгээд улсын наадмаар халзан морь хөтөлж байгаад гуравт орсон. Долоо хоногийн дараа Хархорин яваад Их хурдад хөтөлсөөр байгаад аман хүзүүдсэн. Ахиад долоо хоногийн дараа Завханы 90 жилийн ой баруун бүсийн уралдаанд түрүүлсэн. Эргэж ирээд Гиннесийн уралдаанд айрагдаад л ...
Яаж ингэж олон уралдаж, уралдах бүртээ амжилт гаргаж байсан юм болоо гээд бодсон их мэдэж, нарийн уяагүй юм билээ. Сайхан амралттай, тарган бяртай дээр нь морь нь сайн болохоороо тэгж уралдаад байж. Эсрэгээрээ их нарийн уях гээд хичээсэн бол ийм амжилт үзүүлэхгүй ч байсан байж мэднэ. Яагаад гэхээр сүүлд Дугараа Тод манлай “Би халзан морийг уясан бол чам шиг амжилт үзүүлэх нь юу л бол” гэж байсан. 
-Их мэдэж нарийн уяагүй нь амжилтын үндэс болсон хэмээх тайлбар сонсоно гэж төсөөлж байсангүй. Яг үнэндээ тийм байсан ч ихэнх нь “Би сайн уясаан, тэр жил үнэхээр уяаг нь сайн тааруулсаан” гэх байсан биз. 
-Үнэн нь тэр юм чинь. Морь нь аргагүй сайн болохоор уяаны багахан алдаанд түүртэлгүй уралдаад байсан байх. Тэрнээс би тийм ч сайн уяач биш шүү дээ. 
-Сайн хүлэг эзнээ сайн уяач болгодог хэмээн Онон Тод манлай ярьж байсан шүү.
 
-2012 онд Дүнжингаравт түрүүлгэхдээ уяаны ерөнхий багцаа авчихна биз дээ. Тэгээд намар 11 сарын эхээр оруулж ирж тэжээгээд, зөөлөн ажил хийсэн. Дүнжингаравт мордуулахдаа түрүүлнэ гэдгийг нь зөнгөөрөө мэдэрч байсан шүү. Тэгж мэдрэгддэг юм билээ.
-Тийм бардам байсан хэрэг үү?
-Морьд гарахад “Авзагын Мэндээгийн хар морийг хасах гэнэ” гэсэн яриа гарчихсан байсан болохоор хүүхдэдээ “Хар морины урд гаргах гээд хэрэггүй шүү, дараатай яваарай” гэж захисан юм. Хүүхэд ч хэлсэн ёсоор дараатай явсаар байгаад орж ирсэн. Урд нь гаргаад юмуу, очоод нийлүүлж болно л доо. Гэхдээ дараагийн уралдаанаа бодоод тэгэх шаардлагагүй гэж үзсэн юм.
-Мэдрэгддэг юм билээ гэлээ. Түрүүлэх морь ямар шинжтэй байдаг юм бэ?
-Сунгаануудаас багцаа авна л даа. Халзан морь сунгаануудад хурдан байсан болохоор түрүүлэх нь тодорхой юм байна гэж бодсон. Тэр үед халзан морь ажил хийсэн ч, сунгаа болсон ч байнга л түрүүлж байдаг. Сүүлдээ би тэгэх л ёстой мэт, халзан морь ч урдаа адуу орох ёсгүй мэт боддог болсон байсан. Ажил хийх гээд хөдөлгөхөд адуутай зэрэгцэх юмуу, ард нь явахгүй. Өшиглөж, тангарч зүтгэсээр урд нь гарч байж санаа амардаг. Тэгээд урд нь гарчихаараа хүүхдийн аясаар явдаг. 


-Ааширхаг, зоримог хоёрын аль нь тохиромжтой хариулт вэ?
-Зоримог гэдэг нь илүүтэй тохирох байх. Азарганаас хүртэл айхыг мэдэхгүй. Хурдан адууны хамгийн гол шинжийн нэг нь зоримог байдал. Магадгүй түрүүлээд сурчихсан адууны сэтгэл зүй тийм бардам болчихдог байж ч мэднэ. Гараад зул задрах хүртэл морьд бөөндөө явдаг. Тэр үед халзан морь чих нь хулмайгаад зүтгэчихнэ. Хүүхэд дээр нь уначихалгүй л явах үүрэгтэй. 
Хаврын уралдаануудын тухайд итгэл дүүрэн байжээ. Зуны уралдаануудын тухайд ялангуяа улсын наадмын тухайд таны бодож байсан үр дүн мөн үү?
-Сунгаануудад сайн байсан болохоор түрүүлчих болов уу гэж боддог л юм билээ. Тэгээд хөтөлж яваад гурвалчихаар нь “3-ны сунгааг хийсэн бол өнөөдөр түрүүлэх байжээ” гэж бодсон. Гэхдээ түрүүлсний дайтай айрагдсан болохоор баярлаж хөөрөөд дүгнэлт хийх манатай л байсан даа. 
-Тэгэхээр 3-ны сунгаа олон давхар уралдах боломжийг олгосон гэсэн үг үү?
-Хэрвээ би 3-ны сунгааг нийлүүлж хийгээд цуцаачихсан бол улсад түрүүлэх байсан байх. Гэхдээ Их хурдаас хойшхи уралдаанууд байхгүй. Их хурдад айрагдах ч бүсийн уралдаан, Гиннест уралдаж чадахгүй болох байсан. Амьд амьтан юм чинь хүч тамир нь барагдана биз дээ. Их хурдад аман хүзүүдэхэд нь “Улсад яалт ч үгүй дутуу морджээ” гэсэн тооцоог хийсэн. Яагаад гэхээр улсад аман хүзүүдсэн морио дийлээд аман хүзүүдсэн шүү дээ.
-Тухайн үед би түрүүлчихлээ л гэж бодсон. Одоо харин эргээд бодоход арай эрт гаргаад үрчихсэн мэт санагддаг. 
-Их хурд уралдааныг өөрөө дагаж үзсэн л дээ. Морьд эргээд л халзан морь өнгөнд гараад ирчихсэн. Хонгор халзан морь ар дээр нь. Хонгор халзангийн хүүхэд доошоо тонгойгоод бараг эмээл дээрээ хэвтээ шахуу явж байхаар нь хүүхдэдээ жаахан тонгойгоод яв гэж хэлээд гараараа дохисон өнөөх маань яриа сонсолгүй дохиог буруу ойлгоод тэр чигт нь явуулчихсан юм. Би тэгж дохиогүй бол хүүхэд тааваар нь явуулсаар оруулчих байсан байна лээ.
-Тэгж хэлээгүйсэн бол... гэсэн бодол төрөх үү? Их хурдад их морь түрүүлгэх хүсэлгүй хэн байхав дээ. 
-Үгүй дээ. Надад тийм бодол огт төрөөгүй. 


-Үнэн үү?
-Үнээн. Уулзсан, таарсан, утсаар ярьсан болгон “Халзан морь ямар аймаар хол тасрав аа. Хаашдаа түрүүллээ л” гэж бодсон гэж байсан бол би дотроо “Хэл ам холуур өнгөрөөж дээ” гэж бодсон. 
-Уяа нь ханаагүй байжээ гэсэн дүгнэлт хийсэн гэсэн. Тэгээд л Завханыг зорьсон хэрэг үү?
-Манай эхнэр Завхан нутгийн хүн шүү дээ. Хархориноос цаашаа ойрхон юм чинь эхнэрийнхээ нутагт очиж наадъя гээд баруун бүсийн уралдааныг зорьсон. Очоод ойрхон давхил хийсэн чинь очгүй болчихсон байсан. Хоёр ойрхон уралдчихсан дээр нь ачигдаад ядарч дээ гэж бодоод хөнгөн ажил хийж сайхан амраагаад “Болохгүй бол татуулчихъя” гэсэн бодолтойгоор мордуулсан. Завханд өмнөх шигээ өнгөнд гарч чадаагүй ш дээ. Газар талдаа орж байхад 30 хэдэд явж байхаар нь татуулчихдаг юм уу гэж бодоод урд талын морьдон дээр очоод жаахан суутал 10 хэд дээр ороод ирсэн. Тэгээд л туушиндсаар байгаад л түрүүлчихсэн дээ.
-Сайн морь ирсэн сургаар хол ойрын улс ирдэг. Хүргэн хүүгийн хүчийг үзүүлсэн баруун бүсийн уралдааны үеэр халзан морийг харах гэж хүмүүс их ирсэн үү? 

-Сонссон л байх. Гэхдээ ирээгүй ээ. Энэ асуулттай холбогдуулаад ярихад халзан морь 2014 онд улсад түрүүлэх байсан. Долоо худгийн бүх сунгаанд түрүүлсэн. 7-ны сунгаан бороотой өдөр таараад манайх Галзуу харын наад талын хөтөл дээр морьдоо сунгасан юм. Би хүүхдүүддээ “Намайг эргэ гэхээр эргээрэй. Хүмүүсийн морь яаж эргэх нь хамаагүй шүү” гэж хэлчихээд түрүүлээд явсан. Нэг харсан морьд эргэчихсэн байдаг юм. Тэгэхээр нь машинтайгаа эргэтэл манай хүүхдүүд араас нь тавиад явуулчихлаа. Халзан морь сурсан зангаараа бороотой өдөр зүтгэсээр байгаад өнгөлчихсөн. Орой нь туслах залуу залгаад “Халзан морь доголоод байна” гэдэг юм.
Тухайн үед би морь түрүүлнэ гээд гэр бараа бэлтгэхээр хот руу ороод ирчихсэн байсан юм.Тэгээд давхиад очсон нээрэн хөл нь хавдаад доголчихсон байдаг юм. Яг тийм үед их сонин болдог юм билээ. Морь түрүүлнэ гээд итгэчихсэн байсныг хэлэх үү. Тэр жил Ховдод баруун бүсийн уралдаан болох ёстой байсан. Наадмын дараа Ховдод очиж уралдуулаад сумандаа очиж халзан мориныхоо мялаалга наадмыг хийнээ гээд зарлачихсан байсныг хэлэх үү. Бүх зүйл орвонгоороо эргээд наадмын өмнөхөн “Энэ жил уралдаангүй боллоо” гээд халзан морио ачаад явахад эвгүй байсан шүү. 
-Мэдээж яаж таатай байхав. 
-Үүнийг би яагаад яриад байна вэ гэхээр морь хурдан байгаа жил олны хэл амнаас хол баймаар юм билээ. Урьд жил нь гурав түрүүлж, гурав айрагдчихсан. Сунгаануудад бүгдэд нь түрүүлээд байхаар сонин хэвлэлийн сэтгүүлчдээс эхлээд олны хөл тасрахгүй. Сүүлдээ машин харагдахаар зугатаамаар санагддаг болсон. 
-Уралдуулж болохооргүй байсан юмуу. Юу нь гэмтсэн байсан юм бэ?

-Хальтиргаан дээр эвгүй гишгээд шөрмөсний уутаа гэмтээчихсэн юм билээ. Би очингуутаа халуун дээр нь хатгасан. Тэгээд ачаад явж байхад доголохоо больчихсон л доо. Гэхдээ дэмий гэж үзсэн юм. 


-Гиннест уралдуулах шийдвэр таных уу? 
-Миний л гаргасан шийдвэр. Завханаас ирснээс хойш долоо хоногийн дараа Гиннесийн уралдаан болсон. Энд ирчихээд “Уралдуулах уу? тавих уу?” гээд хэсэг эргэлзсэн л дээ. Тэгээд юутай ч харзная гээд хоёр гурав хоног ажигласан гайгүй ядраагүй шинжтэй байхаар нь мордуулаад үзье гэж шийдээд нэг ажил хийсэн бүр аятайхан болоод даанч хоолны алдаа хийчихсэн юм. 
-Нэг талдаа уралдана гэж мэдээгүй юу?
-Тэрийг ч дуулсан байсан л даа. Зунжин наадам хэсээд явчихсан болохоор ядраад хамт байсан хоёр дүүдээ “Газар дээрээсээ мордоно гэсэн. Ахыгаа хоёр гээд сэрээгээрэй” гэж хэлчихээд нүдний хор гаргах санаатай хэвтсэн, унтчихаж. Нэг сэрсэн гэгээ ороод нар тусчихаж, цаг харсан тав өнгөрч байна. Нөгөө хоёр дээрээ давхиад бас унтаж байна. Азаар морьд нь нэг их холдоогүй байна. Тэгээд барьж аваад уясан. Хоол нь жаахан ихэдсэн ч тэр олон моринд айрагдсан. 
-Тэр жилийн (2013 оны) наадмуудаас аль нь таныг илүүтэй хөглөсөн бэ? 
-Тэр нь энэ нь гэх юмгүй бүгдэд нь л баярласан. Зургуулаа л том уралдаан. Дүнжингарав гэхэд жилийн өнгийг шинждэг хаврын хамгийн том уралдаан. Тэнд хоёр дахь удаагаа түрүүллээ. Гулсаж очоод Эрдэнэтийн бүсэд ахиад түрүүллээ. Эрдэнэтийнхэн эртнээс адуугаа сайжруулсан өрсөлдөөн ихтэй газар. Тэгэхэд халзан морь дахиад л түрүүлсэн. Зун наадамд уягдаж байхад хүмүүс “Ерөөлтийн халзан морь өвөл давхидаг зун явдаггүй адуу” гэгчлэн ярьсан л байсан. Өвөл, зунгүй уралддаг төрмөл хурдан хүлэг гэдгээ баталж улсад гурвалсан. Тэр бол миний төрийн наадмын анхны айраг. Уяачид их морь айрагдахыг өм нээнэ хэмээн бэлгэшээдэг. Би төрийн наадмын амжилтаа их морины айргаар нээсэн хүн. Тэр утгаараа улсын наадам мэдээж сайхан санагдана. 


Их хурд бол Монголын хамгийн том уралдаан. Гурван жилийн хугацаанд улс, аймгийн наадам, бүсийн уралдаанд түрүүлж, айрагдсан шигшмэл хүлгүүд урилгаар оролцдог. Тэр том уралдааныг хөтөлж байгаад аман хүзүүднэ гэдэг түрүүлснээс өөргүй. 
За Завханы 90 жил, баруун бүсийн уралдааны тухайд ханийнхаа нутагт очоод их морь түрүүлгэлээ. Эр хүний нүүр бардам байх бас нэг шалтаг. 
Гиннесийн уралдааны тухайд ойлгомжтой. Тэр бол дэлхийн уралдаан. 4249 хүлгээс айрагдана гэдэг аргагүй хурдан гэдгээ ахин баталсан явдал байсан. 
-Хагас жилийн хугацаанд төрийн зарлигт зургаан уралдаанд түрүүлж, айрагдсан энэхүү амжилт ер нь эвдэгдэхгүй байхаа. 
-2013 он монголын хурдан морины түүхэнд тодоор бичигдэх жил. Яагаад гэвэл шигшмэл морьдын Их хурд, дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх Гиннесийн уралдаантай давхацсан. Дахин давтагдашгүй тэр онцгой жил миний халзан морь ахин давтагдашгүй амжилт үзүүлсэн. Тэр утгаараа зууны шилдэг их насны морь гээд Ганпүрэв биччихсэн л байсан. 

Халзан моринд 700 саяыг амласан ч өгөөгүй

-Морь түрүүлж, айрагдахад мэлмий чийгтэх үү?
-Одоохондоо тийм мэдрэмж төрөөгүй л байна. Нас ахихаараа яах юм гэхээс. Насны аясаар уян зөөлөн болбол магадгүй л юм. /инээв/ Харин аав минь энэ амжилттай үеийг харж чадсангүй дээ, дэргэд байсан бол... гэх бодол бол төрнөө. 
-Халзан морь 2017 оны баруун бүсийн уралдаанд айрагдсан. Тэр болтол хөлний асуудлаас болоод уралдахгүй байсан юмуу?
-Уягдсаан. 2015 онд Бухан сэрвээнд морьдоо уясан, халзан морь тэндхийн бүх сунгаануудад өнгөлсөн. Сүүлдээ морьд яваад 100 метр холдсоны дараа араас нь тавьж туулуулаад өгсүүр дээр ганцааранг нь гаргаж өгсүүлээд л ... Энэ жил бүр гүйцээж уяад улсад түрүүлгэнэ гэсэн бодолтой байтал яг наадмаар давчихсан. 2016 онд ч ялгаагүй сунгаанууд дээр хурдан байгаад наадмаар давчихаад байсан юм. Тэгээд 2017 онд Увс аймагт болсон Хан хөхүй хайрхны тахилга баруун бүсийн уралдаанд айрагдсан. Нэг асуудал гараагүй бол түрүүлж ч мэдэхээр байсан. 
-Хөлнийх нь бэртэл үү? 
- Үгүй ээ, эндээс 20-нд очоод 22-ны сунгааны урьд шөнө алдчихсан. Манаж байсан залуучууд нь дагуулж явдаг хоёр морийг нь урт уяагаар уяад барьж байснаа алдчихаж. Нөгөө хоёр нь уяагаа чирээд сул байгаа морьд дээрээ очно биз дээ. Уяа нь ороод хөнгөрчихсөн байсан адуунуудад бөөн далим болж үргээд талийна биз дээ. Өнөө хоёр чинь гүйж ирээд морьдоо алдчихлаа гэхээр нь гэрэл гаргаад хайсан олддоггүй. Үүр цайтал хайлаа байдаггүй. Гол нь бид буцаад давхичихсан гээд Завханы Сонгино чиглэлд хайгаад байсан нь буруу байсан байна лээ. Тэгсэн баруун талынхаа уул руу гарчихсан байсныг нь хүн болсон байна лээ. Эрэл мухардмагц бид мотоцикль дээр хоёр сая төгрөг өгөхөөр амласан зараа тэр хавийн бүх дэлгүүрүүд дээр тавьж байж, уралдаанаас хоёр хоногийн өмнө морьдоо олж авсан даа. Тэр хооронд сунгаанаас эхлээд хийх ажил нэлээд байсан. Морь нь сайн юм болохоороо айрагдаж байна лээ. 
-Сүхбаатар ахтай уулзаад Монгол хээрийг наймаалцсан тухай ярьж байхад хэдхэн хоногт олон зүйл тохиолдсон байдаг. Халзан моринд үнэ хэлж, санал тавих хүмүүс байсан уу? Ялангуяа хурдан байх үед нь...
-Байсан. 2012 оны Дүнжингаравын дараа Цандэлэг ах ирж наймаа яриад шөнөжин ярьж байлаа. 
-Монгол хээрийг наймаалцахад ч гэсэн Цанаа ах оролцсон байдаг. Халзан моринд хэдийг амласан бэ?

-150 эхлээс 300 сая хүртэл нь өсгөөд “Гадаа машинд бэлэн байна. Ах нь тоолж өгчихөөд явмаар байна” гэж байсан. Би гүрийсээр байгаа өгөөгүй. Дараа жил нь “Торгоны зам”-ын Гантөмөр ах 700 саяар авъя гээд нэлээн хэдэн удаа ирсэн. Би “Санхүү мөнгөний хувьд бэрхшээлтэй байгаа биш. Дэмий биз дээ” гэсээр өгөөгүй.


-Бэлгэдэл талаасаа ч бодсон, санхүү талаасаа ч бодсон шийдвэр гаргахад амаргүй л юм.

-Бэлгэдэл гэснээс юу намайг эмзэглүүлдэг вэ гэвэл Долоон худгийн сунгаануудад морь хурдан байхад уяачид их ирдэг. Ирээд зүгээр харахгүй. Хөл гарыг нь барих, даланг нь чимхэх, хавирга сүвэргийг нь дарж үзэх гэх мэтээр зоргоороо хүрээд байдаг нь таатай санагддаггүй. 
Тэрнээс уяа руу эмэгтэй хүн дөхүүлдэггүй гэх мэтийн цээрийг тоодоггүй. Ер нь морь мэддэггүй хүмүүс ирэхэд тоодоггүй. 
-Их хурд, Завханы 90 жил гэх мэтчилэн нэлээд хэдэн уралдааны үеэр телевизийн зураглаачийн машиныг жолоодож байхыг харсан. Шаггүй жолооч санагдсан шүү.

-Сургуулиа орхиод наймаа хийсэн гэсэн шүү дээ. Тэгэхдээ Оросоос УАЗ-469 оруулж ирдэг байсан юм. За мөн ан их хийдэг байлаа. Нутагтаа бол шаггүй анчинд орно шүү. 69 унаад уул хад сүлжээд л ангаа хөөгөөд давхина шүү дээ. 
-Нэлээд хөдөлгөөнтэй залуу байжээ дээ.  

-Тийм шүү. Тухайн үед 69 моданы тэрэг. 69 уначихсан хүн чинээлэгт тооцогдоно. 69-тэй найзууд цуглаад бооцоо тавьж бартаат замын уралдаан зохион байгуулна. Гэгчлэн бага залуу байхаасаа эхлээд машинтай нөхөрлөсөөн. Тийм болоод Их хурдын үеэр телевизийн машин жолоодсон нь тэр. 
-Халзан морийг залгаж хурдалж буй ямар морь байна вэ? 
-2012 оны зүүн бүсийн уралдаанд шүдлэн айрагдуулсан. 2017 оны баруун бүсийн уралдаанд соёолон аман хүзүүдсэн. Өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанд даага, соёолон айрагдуулж, эрлийз дунд насны ангилалд түрүү хүртсэн. 
-Бүсийн уралдаануудад түрүүлж, айрагдсан морь ямар удам угшилтай вэ? Уяачид аль нэг насны морийг илүүтэй уях дадал суусан байдаг. Таны хувьд их насны морь уях нь илүү дөхөм санагддаг уу?

-Тийм шүү. Хаа ч явсан их насны морь л харж байдаг. Даага юмуу бага насны адууг төдийлөн уядаггүй. Уяа нь таарахгүй байх шиг санагддаг юм. Харин өнгөрсөн зун Баян-Өлгийд нэг даага айрагдуулчихсан шүү. 
-Хурдан морь сонирхож уяж эхэлсээр 16 жилийн нүүр үзэж байна. Өөрийн унаган тамгатай адуу хэр хурдалж байна вэ? 

-Баян-Өлгийн бүсэд хоёр унаган адуугаа айрагдуулсан. Тэгэхээр адуу сайжирч л байна гэж ойлгож байгаа. 


-Нутгийн залуучуудтайгаа нийлээд “Чонон саарал” гал уяаг байгуулсан гэж байсан. Гал уяаны хамт олон хэрхэн наадаж байна вэ?
-Сайхан наадаж байгаа. Бид тус тусдаа морио уядаг. Би галын тэргүүн хэдий ч хүний морь уядаггүй. Өөрийнхөө хэдийг л уяна. 
-VII Их хурлын бодлого шийдвэрийн дагуу сэрвээний өндөр нь таарсан эрлийз адуу уралдах боломжтой болж байна. Энэхүү шийдвэрийн дараа хот хөдөөгүй адуугаа эрлийзжүүлж эхэллээ. Таны хувьд...
-Би хоёр цэвэр, 50 хувийн эрлийз цустай 3-4 азаргатай. Жилдээ 60-70 гүү унагалж байна. 
-Адуу малын наймаа арилжаа хийх үү?
-Бэлгэнд өгөхөөс зарж байсангүй. Адуу гайгүй сайжрах тусам нутаг руугаа л явуулъя гэж боддог болсон. Хүн нэг л амьдарна. Зөвхөн хувиа бодоод байж болохгүй. Нутагт очиж хурдлаад нэр гарч байвал уяач болсны, адуутай холбогдсоны хэрэг бүтнэ шүү дээ. 

-Адуу бэлэглэдэг гэлээ. Эсрэгээрээ бэлэгний адуу хэр ирдэг вэ?
-Нэг хэсэг их өгдөг байсан шүү. Халзан морь ид хурдан байсан 2012, 2013 онуудад Сүхбаатар явах бүрт адуу бэлэглэдэг байлаа. 
-Бидний урилгыг хүлээн авч сэтгүүлийн зочин хойморт саатсан танд баярлалаа. Ярилцлагаа таны хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе. 
-2012 оны Дүнжингаравын хурд уралдаан юм даа. Улсын бүсийн том уралдаанд их насны морь түрүүлгэчихээд зогсож байхад үнэхээр сайхан санагддаг юм билээ. Том наадмын өмөө нээж, их насны морь түрүүлгэсэн тэр мөч миний амьдралын хамгийн баяр жаргалтай мөчүүдийн нэг. 
-Ийм баяр бахдалт наадмууд олон байх болтугай. Тод манлай уяач болоорой.
-Баярлалаа. Нийт уяачдынхаа өмнөөс өөрт чинь ч гэсэн талархаж явдгаа илэрхийлмээр байна. Эмэгтэй хүн байж Монголын хурдан морины хөгжлийн төлөө тууштай хөдөлмөрлөж буйд тань монголын уяачид баярлаж явдаг шүү.

-Баярлалаа. Илүү их хичээх болноо.

А.Тэлмэн


2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.