Уяач Г.Ганбаяр:Нэг түрүү, гурван айраг хүртэн манайхны эрчүүд одтой сайхан наадлаа

Сэтгүүлч
2020 оны 11-р сарын 24 -нд

-Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадам амжилттай сайхан болж, таны хар үрээ хоёр дахиа түрүүллээ. Баяр хүргэе. 

-Баярлалаа. Энэ жил их сайхан наадлаа. Хоёр жил дарааллан унаган адуугаа улсын наадамд түрүүлгэж, эрлийз бага ангилалд халтар даагаа айрагдууллаа. Мөн аав минь эрлийз дээд ангилалд хээр адуу айрагдуулж, ах маань монгол дааганд хул үрээ дөрвөөр давхиулан манайхны эрчүүд одтой сайхан наадлаа.
-Аав, хүү ах дүүс сайхан нааддаг жил бололтой.

-Хамгийн гол нь бид унаган адуугаараа нэг түрүү, гурван айраг хүртсэн явдал юм. Тэр их онцлог болов уу.
-Сунгаануудад хар үрээ хурдан байгаа дуулдсан. Дээгүүр давхина, хөлсний хашаанд орно гэсэн тооцоо байсан байх.

-Байсаан, байсан. Сунгаануудад том биетэй адуунуудын ар дээр л яваад байсан. Энэ жил хэмжилт, хасалт сайн хийгдсэн болохоор боломж гарч сайхан наадлаа. 
-Галшарын сунгааныхан гайгүй сайхан наадсан. 
-Галшарын сунгааныхан олон айраг, түрүү авч мундаг наадлаа. 
-Унаган адуу хурдан байна. Үржлийн ямар бодлого баримталсны үр дүн бэ? 

-Аавын минь 18 жилийн хөдөлмөрийн үр шим. Унаган алаг азарга, Сүхбаатар гаралтай хээр азарган дээрээ Дорнодоос таван гүү аваад үржил эхлүүлж байсан. Тэр долоон адууны үр удмыг улам бүр сайжруулсаар өнөөдрийн үр дүнд хүрээд байна. Олны жишгээ дагаад араб, англи азарга ч авсан. Ирландаас цэвэр англи азарга авчирсан. Тэр гурван азарганы үр төл нэлээд бий. За, тэгээд Дорнод, Сүхбаатар, Хэнтий гээд монгол орны аль хурдтай гэсэн газраас адуу авчирсан. Сая тамганы найраар очиход манай адууны 80 хувь нь унаган адуу байна лээ. 20 хувь нь гаднаас авсан адуу. 


Б.Хастөр

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.