Аатай ах дүүс

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 07 -нд

Морь уях нь тусгаар тогтнолоо тунхаглан хамгаалж буй хэрэг. Морь уях нь өв соёлоо уламжлан өвлүүлж буй хэрэг. Морь уях нь монгол ахан дүүсээ цэнгүүлж буй хэрэг. Морь уях нь морин эрдэнээ шүтэн дээдэлж буй хэрэг. Морь уях нь монгол эр хүн болсны хэрэг. Эл бүгдэд хичээнгүйлж, амжилт гаргах нь уяач болсны хэрэг. Уяач болсны хэргээ нэр төртэй гүйцэлдүүлж баяр бахдал, омогшлыг дэврээж буй бүл уяачдын нэгийг уншигч танаа танилцуулъя. Энэ бол Завхан аймгийн Тосонцэнгэл сумаар овоглосон ах дүү гурван уяач. Том ах дүүгээ хурдан удмын адуу цогцлоон бий болгоход дэмжин тусалж, арын албыг сахин гүйцэтгэхийн зэрэгцээ өөрийн нэртэй морьдоо төр түмнийхээ цэнгэлд түрүүлгэж, айрагдуулан Манлай уяачийн болзол хангаад буй Төмөрбаатарын Ууганбаяр.


Удаах нь улсын Тод манлай уяач, уясан болгон нь түрүүлж, айрагдаж буй Уулсын Галаа буюу Төмөрбаатарын Галбадрах Тод манлай. Сүүлийн арав гаруй жил монгол адууны тэсвэр тэвчээрт чадварыг хадгалсан хурдан адуу гарган авахаар зорьж, түүндээ хүрээд буй эрхэм.
Харин отгон дүү Баяржавхлан ах нарынхаа ажилд туслахын зэрэгцээ морьтны соёлд суралцагч.
Өнөө жил том ах Т.Ууганбаярын хүрэн үрээ хязаалангийн уралдаанд аман хүзүүнд хурдалж, удаах дүү Т.Галбадрахын халиун морь түрүүлж, бор морь нь айргийн дөрөвт хурдалсан бол отгон дүү Т.Баяржавхлангийн халтар шүдлэн магнайдаа тоосгүй өнгөлсөн билээ.
Ийнхүү нэг айлын гурван хүү нэг удмын адуугаар төрийн наадмаас хоёр түрүү, хоёр айраг хүртэн унасан газар, угаасан ус, төрүүлж өсгөсөн ижий аав, элгэн саднаа, их монгол түмнээ баярлуулсан. 
Адуу нь чанаржиж, уяа нь жигдэрсэн тэд биднийг хичнээн жил баярлуулан цэнгүүлэхийг таахын аргагүй. 

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.