Нийслэлийн Алдарт уяач Д.Пүрэвсамбуу: Цолоо төрийн наадмын айргаар мялаалаа

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 11 -нд

-Түмнийхээ цэнгэлд хязаалан үрээ айрагдуулсан танд баяр хүргэе. Төрийн наадмын анхны айраг байх. 
-Тийм ээ. Анх удаа төрийнхөө наадамд морь мордуулаад айрагдуулсандаа их баяртай байна. Даага, хязаалан хоёртой ирсэн. Даага маань дундуурхан давхилаа.
-Төрийн наадамд анх удаагаа оролцож байна гэлээ. Хэзээнээс морь уяж байгаа юм бэ? 

- 2015 оноос. Аавын минь зүсэлж өгсөн даага бага наадамд түрүүлэн урам зоригоор тэтгэснээс эхлэн морь уяж байна. Тэр шарга даага Мөнгөншагайгийн ногоон морины төрсөн дүү байгаа юм. Ногоон морь аавын минь унаган адуу шүү дээ. 
-Ногоон морины дүү гэхээр хурдан адуу байж таарна. Шарга үрээ тань ямар амжилт үзүүлсэн юм бэ? 

-Даагандаа дөрвөн бага наадамд түрүүлж, шүдлэндээ “Жавхлант шаргын хурд”-д долоолоод, Нийслэлийн хурдад гуравласан. Хязаалан улсын наадамд тавиагүй. Зүүн бүсийн уралдаанд мордуулсан, наймаар давхисан юм. 
Шаргатай чацуу өсгий цагаан хүрэн үрээ 2015 онд даагандаа Багахангай дүүргийн 26 жилийн ойд хол түрүүлээд, “Боржигон-2015”-д аман хүзүүдсэн. Тэр жил би хоёр даагаараа 11 түрүү авсан. 
-Түүнээс хойш ямар амжилт үзүүлээд байгаа вэ? 
-Сумын баяр наадмаас 12,13 айраг хүртсэн. Аймгийн наадамд бол дөрвөн адуу айрагдсан байдаг юм. Тэр амжилтаараа 2020 онд Нийслэлийн Алдарт уяач цол хүртсэн. 


-Цолоо төрийн наадмын айргаар мялаажээ. Танай дээдчүүлийхн морьд хэрхэн давхиж байсан гэдэг вэ? 
-Одоогийн Баянцагаан, Сэргэлэн, Баян нийлээд Авдарбаян сум гэж байхад манай өвөөгийн халиун морь аман хүзүүдэж байсан юм билээ. Аав минь өвөөг залгамжлан адуутай ойр байж, олон газраас хурд цуглуулсан хүн. 
-Од хээр танай унаган адуу юу? 

-Жавзангийн Нямжав гэж хүн 2015 онд Боржигоны наадамд аман хүзүүдэж, Багахангайн 26 жилийн ой түрүүлсэн үрээг маань соёолон болох жил нь унагатай гүү, шүдлэн үрээгээр авсан юм. Тэр шүдлэн нь Од хээр.
-Удамт уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.

-Баярлалаа.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна