Аймгийн Алдарт уяач З.Пүрэв-Очир: Улс, бүсийн уралдаанаас дөрвөн айраг хүртээд байна

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 13 -нд

-Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд зээрд үрээгээ айрагдуулсан танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Монгол төрийн наадам сайхан боллоо. Онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор Хүйн долоон худагт анх удаа үзэгчгүй наадам хийлээ. Морь барианд ороход уухайлж түрэх үзэгчидгүй байсан нь эл хуль амьд бус мэдрэмж төрүүлж байсныг эс тооцвол наадам сайхан болсоон. Ер нь бол үзэгчдийн сэтгэл хөөрөл, уухайн дуу л дутлаа. Бусдаар дажгүй сайхан болсон.
-Бага насны уралдаан дээр хасалт ихээр хийгдэж уяачид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. Таны хувьд ямар бодолтой байгаа вэ?
-Уяач хүн ямар их хичээл зүтгэл гаргадгийг мэдэх болохоор яаж таатай байхав. Ер нь бол хуульчилж шийдвэрлэх хэрэгтэй л дээ. Ийм байдалтай удаан явж болохгүй. Үндэсний баяр наадмаар сурын харвааг сурын холбоо нь, бөхийн барилдааныг бөхийн холбоо нь хариуцдаг. Морин уралдааныг болохоор төр ажлаа мэднэ ээ гээд мэргэжлийн холбооных нь төлөөллийг оролцуулдаггүй. Энэ шийдвэрээ эргэн харж, мэргэшсэн хүмүүсийг нь оролцуулбал асуудал илүү хялбараар шийдэгдэх боломжтой. 


-Ирэх жилээс урьтаад энэ асуудал шийдэгдчих байх хэмээн найдаж байна. Алдарт хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Дөрвөн насны морьтой ирсээн. Их насны морь 17, соёолон нэг нь 13, нөгөө нь 16-аар давхиж , шүдлэн мордож чадсангүй. Хасагдсан бор халзан шүдлэн маань өнгөрсөн жил Говьсүмбэр аймагт болсон төвийн бүсийн уралдаанд айргийн дөрөвт давхиж байсан. Өнөө жил сунгаануудад эхний 2-3 дотор давхиж байсан хурдан адуу. 
-Олон хурдан үрээ хасагдсан байна лээ. Ингэхэд та хэдий үеэс морь уясан юм бэ?
-2014 оноос. Тод манлай уяач Т.Галбадрах, Манлай уяач Г.Мөнхсайхан нарын найз нөхдийнхөө дэмжлэгтэйгээр анх моринд орж байлаа. Тэгээд 2016 оны Баянхонгор аймгийн хаврын бүсийн уралдаанд Боовон шарга хэмээх хязаалангаа түрүүлгэж анхны хишгээ хүртсэнээс хойш улс, бүсийн уралдаанаас дөрвөн айраг, аймаг, орон нутгийн чанартай наадмаас 10-аад түрүү, 30 гаруй айраг хүртэж. 2017 онд аймгийн Алдар уяач болж байлаа.
-Баянхонгорын бүсэд зээрд үрээ аман хүзүүнд хурдалсан. Өөр...
-Багануурт болсон “Хангарьд-2017” төвийн бүсийн уралдаанд Тод манлай уяач Д.Онон ахаас авсан халтар даага таваар давхисан. Өнгөрсөн жил Ламын гэгээний 380 жилийн ойн эрлийз дээд ангилалд хүрэн халзан азарга айргийн гуравт, зээрд шүдлэн аман хүзүүнд хурдалсан. 

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна