Уралдаанч Б.Буянтөгс: Тавд давхиж явахад зүрх хурдан, хурдан цохилдог

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 13 -нд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Баянхонгор аймгийн Заг сумын харьяат З.Пүрэв-Очирын зээрд хязааланг 45 дугаартай, 13 настай уралдаанч Б.Буянтөгс унаж айргийн дөрөвт хурдлууллаа. Баяр наадмын энэ өдөр түүний баярын сэтгэгдлээс бид хуваалцсан юм. 

Буянаа хүү Хангай цогцолбор сургуулийн VII ангид сурдаг. Харин морь унаад тав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй юм. Энэ хугацаанд 2018 онд Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач М.Мөнгөншагайн Залуу зээрдийг түрүүлгэж улсын наадмын амжилтын гараагаа эхэлжээ. Мөн Баянхонгорт болсон Ламын гэгээн Лувсанданзанжанцаны даншиг, хаврын бүсийн уралдаан “Дүнжингарав”-т оролцож, унасан хүлгийнхээ хурдыг бахдуулан, уяачийн алдрыг өргөсөн нь бий. Ямар насыг унах нь илүү санагддаг вэ гэхэд “Бүх насыг унах дуртай. Ер нь морь унах гоё шүү дээ. Тэр тусмаа төрийнхөө их баяр наадамд морь унана гэдэг бахдал төрүүлдэг юм” хэмээн бидний яриа үргэлжилсэн юм. 


-Маргааш наадам гэхэд юу бодогддог вэ? 
-Догдлоод нойр хүрдэггүй юм аа. Дуртай баяруудын маань нэг бол наадам. 
-Уралдаанч хүүхдийн хамгийн жаргалтай мөч хэзээ вэ? 
-Мэдээж айраг, түрүүгээр давхиад орж ирэх сайхан даа. Айрагт багтах өдөр андашгүй л дээ. Цээжинд багтаад байдаг юм. Гэхдээ тав дээр давхиж явахад зүрх хурдан, хурдан цохилоод эхэлдэг. Жаахан буруудвал хасагчихна шүү дээ. 
-Бэлэгний олон адуутай болсон уу? 
-Уяач ах маань намар болгон адуу бэлэглэдэг. 
-Улс, бүс, аймгийн наадмуудад ялгаа их бий юу? Том жижгийн тухайд биш л дээ.  
-Ялгаа байгаа ч өөр өөрсдийн онцлогтой болдог. Надад бол аль аль нь гоё санагддаг. 
-Наадмын маргааш юу хийдэг вэ? 
-Энэ жилийн тухайд ахиад наадам байхгүй болохоор гэртээ л харина даа. Манай гэр Багахангай дүүрэгт бий. Үнэндээ наадам цөөхөн болохоор сэтгэл гонсгор л байна. 
-Ярилцсанд баярлалаа. Дүүгийн амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна