Монгол Улсын Алдарт уяач Д.Баясгалан: Луу жил дхүрэн зүсмийн морьдоороо одтой сайхан наадсан

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 13 -нд

-Таны төрж өссөн Булган аймгийн Хангал сум эртнээсээ хурдтай. Хангалын голын хүлгүүд гэхээр Булганыхан анддаггүй юм билээ. 

-Хангалын голын хурдууд халхад цуутай гэдгийг хэн хүнгүй мэднэ. Түүний тод илрэл бол 1994 онд АХ-ын 73 жилийн ойн баяр наадамд аман хүзүүнд хурдалсан МУ-ын Алдарт уяач  Д.Батчулууны хээр морь байна. Энэ цуут хүлгийн буухиаг залгамжилж, миний Суман хүрэн морь 2012 онд төрийнхөө наадамд айрагдаад, 2014 онд аман хүзүүнд хурдалсан нь Доржийн Батчулууны хээр морины амжилтыг 20 жилийн дараа давтаж буй түүхэн явдал юм. Мөн миний мэдэхийн төрийн наадамд уралдаагүй ч 1970, 1980-аад оны үед ид хурдалж байсан Дэрэмийн халзан Хангалын голын хурдан морь байлаа. Аймагт их олон түрүүлсэн гэдэг юм.
-Хурдны өлгий нутагт төрж өссөн таны өвөг дээдэс хурдан хүлгийн уяа сойлго тааруулдаг байв уу?
-Би хоёр талаасаа уяачийн удамтай хүн. Манай авга Чүлтэм, нагац ах Чоймбол нар тухайн цаг үедээ нэртэй, төртэй уяачид явсан. Одоо хүү Намсрай, Баярбаатар нар нь залган морь уяж, хоёулаа аймгийн Алдарт уяач цолонд хүрээд байна. Та бүхэн андахгүй. Ч.Баярбаатар дүү маань миний морьдын уяа сойлгыг тааруулдаг шүү дээ. 
-Тэгвэл таны хүүхэд нас уяачдын дунд өнгөрчээ. Багадаа хурдан морь унаж байсан уу?

 -Уналгүй яахав. Зуны амралт эхлэнгүүт хөдөө ах дүү нарынх руугаа явж хурдан морь унахын зэрэгцээ, адуу малтай ноцолдож өнгөрөөнө. 


-Хэр адтай унаач байсан бэ?
-Унасан морьдоо айраг түрүүнд багтаадаг л байсан. Х.Чүлтэм ахынхаа хурдан ногоон морийг унаж айрагдуулж байсан. Тэгж байтал Ч.Намсрай ах маань цэргийн албанд татагдаж, би авга ах Х.Чүлтэмийнхээ хамт хурдан морь уядаг болсон доо. Иймэрхүү байдлаар миний хүүхэд насны зун тун завгүй өнгөрдөг байсан. Ээж  аав маань ч намайг их дэмжинэ. Нагац ах Чоймбол маань сайн морь, сайхан эмээл, хазаар ташуур хэрэглэнэ. Бас жороо морь их унана. Өнөөдөр миний улсын Алдарт уяач цол хүртчихээд байгаа нь  ахтай маань салшгүй холбоотой. Тэр хүний морь уяхыг, морь унахыг, адуугаа хайрлахыг харж өссөний ач шүү дээ. Үр хүүхэд, эргэн тойрныхондоо адуу яаж эдлэхийг биечлэн үзүүлдэг жинхэнэ уяач хүн байж дээ. 
-Хүүхэд насны дурсамж тод үлддэг шүү дээ. Морь унаж байсан үеийнхээ дурсамжаас хуваалцаач?

-Зусланд амарч байсан чинь Чүлтэм ах ирээд багшаас чөлөө авч, Бугат сумын харьяат Д.Төмөрбаатар ахын ээжийн насны найранд морь унуулахаар боллоо. Би ч морь унуулна гэхээр дуртай байлгүй яахав. Тэгээд очоод уралдсан миний унасан морь түрүүлсэн. Энэ мэтчилэнгийн сайхан дурсамжууд  намайг хурдан морьтой нөхөрлөн уяачийн эрдэмд шамдахад хүргэж дээ. Хүний амьдрал болсон хойно сургууль, соёлын мөр хөөгөөд нэг хэсэг адуунаас хөндийрсөн ч спортын байгууллагад ажиллах болсноор дахин хурдан морьтой холбогдсон. 
-Тэр нь хэдэн он бэ?
-2000 он. Ч.Баярбаатар дүү маань шүдлэн үрээ зүслэн өгснийг уяж уралдуулж байлаа. Бас 2006 онд Ч.Намсрай ах хүрэн азарга бэлэглэсэн нь өөрийн гэсэн адуутай болох эх суурийг тавьж өгсөн. За тэгээд Б.Винтов найз маань Сүхбаатар аймгийн Асгат сумын угшилтай хурдан хээр үрээ өгсөн нь морь эрчимтэй уяхад хүчтэй нөлөөлсөн. Тэгээд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум руу биечлэн явж халзан азарга, бор морь, саарал даага авчирч байлаа. Дараа нь Дорнод явж Тод манлай С.Ганхуягаас даага, Алдарт уяач Б.Бэхбилэгээс соёолон, даага тус тус авчирсан. Мөн Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дарьгангаас ч хурдан буянгууд авсан. Хурдан морь уяж уралдуулсан өнгөрсөн хугацаанд олон сайхан амжилтыг гаргаж, 2010 онд “Эрдэнэт хүлэг” МСУХ-ныхоо шилдэг таван уяачийн хоёрт бичигдэж байхав. 

-Тэр жил яаж наадсан бэ?

-АХ-ын 89 жилийн ойн баяр наадам, “Эрдэнэт хурд” төвийн бүсийн даншигт наадамчин олны хамгийн үзэх дуртай соёолонгийн уралдаанд хүрэн үрээгээ түрүүлгэсэн. Энэ бол хэзээ ч мартагдашгүй сайхан мөч. Балчир багаасаа  адуунд дурлан хайрлаж идэр наснаасаа эхлэн Монгол адууны гайхамшгийг мэдэрч сурч дадлагажин, үр шимийг нь хүртэж байсны минь үр шимийг улам бүр ухааруулж өгсөн баяр цэнгэлийн манлай байсан гэж болно. Ингэж хоёр томоохон наадамд олон арван хурдуудаас түрүү магнайд орж ирсэн хүлгийнхээ хөлсийг хусаж зогсохдоо, баяр наадмын талбайд цоллуулж зогсохдоо ганц миний биш уяач дүүгийн аав, ээж, гэр бүл үр хүүхэд найз нөхөд хамт олон түмэн олны баяр цэнгэл болж байгааг хараад магнай тэнийн баярлаж байлаа. 
-Тэгвэл анхны айраг түрүүгээ хэдэн онд авч байсан бэ? 

-Булган аймгийн Орхон сумын 4-р баг буюу Мааньтад болсон уралдаанд Сүхбаатараас авчирсан хээр морь маань анх айрагдаж байлаа. Хэдийгээр бага наадам ч гэсэн мориныхоо хөлсийг хусаад зогсож байхдаа баярлаж байсан тэр сэтгэлийг үгээр илэрхийлэхийн аргагүй юм даа. 
-Алдарт Суман хүрэнгийн эзэнтэй уулзчихаад тэр сайхан хурдан буянгийн талаар асуухгүй өнгөрч болохгүй биз ээ? 

-Сэлэнгэ аймгийн Бургалтай сумын уугуул Жаргалсайханы унаган адуу. Даага, шүдлэндээ тэр хавьдаа олон түрүүлж, айрагдсан гэдэг юм. Би хязаалан үрээ авч Хангал сумынхаа болон Булган аймгийн баяр наадмын аман хүзүүнд хурдлуулсан. Тэгээд давхар уяагаар 
Баянхонгор аймагт болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ой хангай бүсийн уралдаанд мордуулахад 19-д ирсэн. 
-2009 оны хязаалан байх нь ээ. Соёолондоо яаж давхилаа?

-2010 он гараад “Дүнжингаравын хурд”-д 11-ээр давхиж, Орхон аймгийнхаа хаврын тэргүүн сарын уламжлалт уралдаанд айргийн тавд орсон. Тэгээд зун нь Орхон сумын наадамд түрүүлж, төвийн бүсийн хурдан морины уралдаанд түрүүлсэн. 2011 онд хавчиг морь Булган аймгийн Могод сумын 80 жилийн ойд түрүүлээд, Орхон аймгийнхаа наадамд наймлан, “Тамирын хурд-3” хангайн бүсийн уралдаанд аравт давхиад Молор эрдэнийн мялаалга наадамд айргийн дөрөвт  хурдалсан. 
2012 онд болохоор аймгийнхаа хаврын уралдаанд 12-оор, “Дүнжингаравын хурд”-д 30-аар давхиад, зун нь  Булган аймгийн болон Баян-Өндөр  сумын наадамд түрүүлсэн.
-Тэгээд улсын наадмыг зорин ирж айргийн гуравт хурдалсан байхаа?
-Тэгсэн. Би тэр жил зургаан насны морь уясан ч ганцхан хүрэн морио хөтлөөд улсын наадмыг зорьсон. Яагаад гэхээр хүрэн морь маань урьд урьдынхаасаа илүү өнгөтэй, ёстой л нөгөө торгон ир нь орчихоод уяан дээрээ тогтож ядаж байсан юм. Бидний хэрэг ч бүтэж, хүрэн морь маань гурваар давхиж, бидэнд төрийн наадмын анхны айргийг авчирсан даа.  
-Эзэндээ төрийн наадмын хишиг, өөртөө Суман хүрэн нэрийг олсон шүү дээ?
-Тийм шүү. Бүртгүүлэхдээ зүс, тамгыг нь хэлдэг шүү дээ. Тэгээд суман тамгатай хүрэн морь гэж бүртгүүлсэн байсан чинь морь тайлбарлагч Оюунбаатар “Суман хүрэн” хэмээн зарласаар Монгол даяар алдаршуулсан даа. Тэгээд л Суман хүрэн хэмээн нэрийдэх болсон юм. 
-Тэр жил үнэхээр онцгой хурдан байжээ. Давхар уяагаар төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн. 
-Тэгсээн. 2013 онд улсынхаа наадам долоод давхиад, шигшмэл морьдын “Их хурд-6” уралдаанд 13-т  ирсэн. 2014 оны хавар “Дүнжингаравын хурд”-д наймлаад, зун нь Баян-Өндөр сумынхаа 20 жилийн ойд түрүүлж, АХ-ын 93 жилийн ойд аман хүзүүдсэн. 2015 онд болохоор Сэлэнгэ аймагт болсон хаврын бүсийн уралдаанд дөрөвлөөд, зун нь хоолны алдаанаас болоод амжилт үзүүлж чадаагүй.
-Суман хүрэн улс, бүсийн чанартай наадамд хэдэн удаа орчихоод байгаа билээ?
-Улсын хоёр айраг, бүсийн гурван түрүү, гурван айраг нийлээд долоо орчихсон. 
-Суман хүрэн улсад аман хүзүүдэхэд, Толин хүрэн азарга тань аймагтаа түрүүлж бахтай сайхан наадсан гэдэг. Тэр жил том жижиг наадмуудаас хэчнээн айраг түрүү хүртсэн бэ?

- Луу жил хүрэн зүсмийн морьдоороо том жижиг наадмуудаас дөрвөн түрүү, дөрвөн айраг хүртэн үнэхээр сайхан наадсан. Адуутай нөхөрлөсөн эр хүнд үүнээс илүү сайхан цэнгэл гэж юу байх вэ. Тэр тусмаа адуунд, хурдан моринд дуртай эр хүний хувьд. Орхон аймгийн баяр наадамд Толин хүрэн азаргаа түрүүлгэчихээд баяр хөөр дүүрэн байхад маргааш нь Суман хүрэн маань төрийн наадамд айрагдаж, манайхан хөл хөөрцөг болцгоосон. 
-Баавгай хүрэн бас бий бил үү? Алдарт хүрэн зүсмийн адуугаар сайхан нааддаг юмаа даа?
 
-Манайхны хувьд ногоон морь илүүтэй давхидаг. Надад бол хүрэн зүсмийн адуу ээлтэй байх шиг ээ
-Хүрэн морьдынхоо амжилтаар Улсын Алдарт цолны эзэн болоход юу бодогддог юм бэ?
-Нохой жилийн сар шинийн босгон дээр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МУ-ын Алдарт уяач хэмээх эрхэм цолыг улс, бүсийн   наадмын гурван  түрүү, таван айргийн амжилтаар хүртлээ. Энэхүү эрхэм хүндтэй цолыг хүртэхэд уяач дүү Ч.Баярбаатар, уралдаанч хүүхдүүд, намайг ямагт дэмжиж миний ар талд түшиж тулсан хайртай хань Д.Энхтуяагийн минь сэтгэл зүтгэл гол үүрэг гүйцэтгэсэн.Өнөөдөр миний хань намайг бурхны орноос хараад миний амжилтаар баярлаж бахархаж байгаа байхаа. 
-Эргэлзэхгүй байна. Та хурдан морь уяж сойхоос гадна Шилийн богд хүртэл морин аялал зохион байгуулж  байсан гэдэг. Тэр талаараа дурсаач?
- 1995 оны 07 дугаар сарын 12-.нд Эрдэнэт хотоос 15 хүний бүрэлдэхүүнтэй манай аяллын баг Шилийн богдыг зорин гарсан юм. Манай багт эмч, зураглаач, адуучид, үйлдвэрийн ажилчдаас гадна одоогийн УИХ гишүүн О. Содбилэг болон манай ерөнхий захирал багтсан байсан. Ийм өргөн бүрэлдэхүүнтэй багийн миний бие ахалж, 20-иод хоногт таван аймгийн нутгаар дамжин 1302 км замыг туулсан. Энэхүү аяллын гол зорилго бол Монгол морины тэсвэр хатуужлыг харуулахын зэрэгцээ Эрдэнэт үйлдвэрээ сурталчлах байсан. Бид тэрхүү зорилгодоо хүрч  Монгол эр хүн, монгол морь хоёр салшгүй холбоотойг баталж чадсан.
-Тэр олон хоногт сонин явдлууд цөөнгүй тохиолдоо байлгүй. Сонин сайхнаасаа хуучлаач? 

-Яагаад ч юм манай аяллын баг бүрэлдэхүүнд дандаа хангайн хүмүүс орчихсон байсан. Тэгээд говь газрыг  сайн мэдэхгүй, худаг усаа олохгүй гэх мэтчилэн бэрхшээл тулгарч л байсан. Гэхдээ тун удалгүй морь хүн хоёр ижилдэн дасахын зэрэгцээ бид ч туршлагажсан. 
-Ийм аяллууд олон байгаасай гэж боддог шүү. Ярилцлагаа таны адуутай нөхөрлөснөөс хойш тохиосон хамгийн сайхан наадмын дурсамжаар өндөрлөе?  
- 1994 оны улсын наадам л байна даа. Тэр жил Эрдэнэтийнхэн “Хангарьд”-ынхан эрийн гурван наадмыг авч онцгой сайхан наадсан юм. Цэрэнпунцагийг цолгүй залуу бөх байхад нь Отгонбилэг захирал нэг нутгийнх гэдгээрээ “Хангарьд” клубынхаа тамирчин болгосон. Даваахүү мэргэн манай клубын тамирчин шүү дээ. Тэгээд тэр жил Батчулуун Алдартын хээр морь аман хүзүүдэж,  Цэрэнпунцаг шөвгийн дөрөвт үлдэж, Даваахүү мэргэн 40 сумнаас 40 онож Хүдэрчулуун мэргэнтэй оноогоор тэнцээд 7 удаа товх харван түрүүлж байлаа. Ингээд үндсэндээ манай Эрдэнэтийнхэн морио аман хүзүүдүүлж, харваачаа түрүүлгээд, бөхөө шөвгөрүүлж эрийн гурван наадмаар тэгш сайхан наадан, Монгол төрийн гурван өндөрлөг Эрдэнэтийн гэрт зочилж мартагдашгүй сайхан дурсамж үлдээсэн юм. Би тэр наадмыг одоо ч тодоор санадаг. Харин хувь хүний тухайд гэвэл 2014 оны  улсын наадам хамгийн сайхан нь. Суман хүрэн морио аман хүзүүдүүлж дээлэндээ багтахааргүй их баярлаж энэ баяраа гэр бүл үр хүүхэд, аав ээжүүд, ах дүүс, найз нөхөдтэйгээ хуваалцан хүлэг морио дээдэлдэг олон Монгол хүнийг огшоож хотол олноороо тэр дотроо Эрдэнэтчүүд, Булганчууд ихэд баярлаж байсан даа. 
-Ийм сайхан дурсамжит наадмууд олон байх болтугай. Ярилцсанд баярлалаа.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна