Уралдаанч М.Отгонтэнгэр: Би чинь зөндөө их бэлэгтэй болсон

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 16 -нд

Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Архангай аймгийн Хотонт сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн хүрэн хязааланг 400 дугаартай, 7 настай уралдаанч М.Отгонтэнгэр унаж хурдлуулсан билээ. Гэхдээ наадмын тэр өдөр энэ бяцхан эр ярианаас “бултаж” амжсан байгаа юм даа. Наадмын дугаараа бэлтгэж, диктафон дахь яриагаа нэгбүрчлэн буулгаж байтал хязаалангийн нэг уралдаанч дутаж орхив. Их гоё нэртэй энэ нөхөртэй наадмын дараа холбогдож цөөн хором ярилцсан юм.  


Бяцхан хүү 61-ийн гарам дахь 121 дүгээр сургуулийн 2а ангид сурдаг гэнэ. Морь унаад хоёр жил болж байгаа бөгөөд анхны жилээ л улсад уралдаад айраг авсан адтай эр ээ. Тодруулбал, түрүү жил түүний унасан азарга 103-аар давхисан бол өнөө жил хязаалан айрагдуулж, Партизаны наадамд их морь 17-гоор давхиулжээ. Энэ тухайгаа “Морь айрагдуулах гоё юм аа. Би чинь зөндөө их бэлэгтэй болсон. Хичээлийн хэрэгсэл, нөүтбүүк, гар утас гээд л. Нөүтбүүктээ тоглоом татаад дөрвөн гар “үзэж” байна. Ялагч нь цом авдаг тоглоом л доо. Бас би цалин авсан. Цалингаасаа ээждээ амттан авч өгөөд, үлдсэнийг нь дансандаа хийчихсэн. Одоо би тантай өөрийнхөө утсаар ярьж байна” гээд л дуржигнуулж гарлаа. 


Тэрээр ээж, ааваас дөрвүүлээ бөгөөд айлын отгон хүү. Хоёр эгч, нэг ахтай. Ах нь мөн л хурдан морь унадаг байгаад хасагдаад, одоо морь сургадаг. Багадаа дөрвөн айраг авч байсан гэж ахынхаа тухай сонирхууллаа. 
“Морь унах гоё уу” гэж асуухад “Морь унах гоё шүү” гэхээр нь “Айдаг уу” гэвэл “За, яалаа гэж дээ” хэмээн намайг шоолонгуй инээнэ. Тэгснээ утсаар ярьж байгаагаа мартсан бололтой эгчийгээ цаашлуулан “Чи бол морь унах гэж бөөн юм болох биз. Аягүй бол унаж мэднэ” гээд инээлдлээ. Тэгснээ намайг гэнэт санав бололтой “Юу ярьж байлаа” гэв. “Чиний нэр их гоё юм аа” гэвэл “Тийм ээ. Аавын өгсөн нэр байгаа юм. Завханд байдаг том хайрханы нэр шүү дээ. Та мэдэх үү”. Бидний яриа нэг иймэрүү өрнөлөө. Манай бяцхан ярилцагч тоглоомдоо яараад “Эгч ээ, би тантай орой ярья” гэснээ цааш эгчдээ “Энэ дугаарыг тэмдэглээд ав даа” гэсээр бидний яриа өндөрлөсөн юм. 


Ирээдүйд алдар нэрээ дуудуулсан том уяач болохыг мөрөөддөг бяцхан хүү чамд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна