Уяач Т.Баяржавхлан: Хоёр ахтайгаа цуг цоллуулж зогсоно гэж зүүдэлж ч явсангүй

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 18 -нд

-Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд унаган үрээгээ түрүүлгэсэн танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. 
-Бид эцэг эхээс тавуулаа. Би хоёр ах, хоёр эгчтэй, айлын отгон хүү байгаа юм. Дунд ах маань олон жилийн өмнөөс адууныхаа хурдлах чадварыг сайжруулахад анхаарч, зүтгэсний хүчинд өнөөдөр ах дүү гурвуул унаган адуугаа түрүүлгэж, айрагдуулан цоллуулж зогсоно. Миний хувьд анх удаа өөрийн нэртэй морь мордуулж байгаа нь энэ. Ахынхаа зүсэлж, уяж, бэлтгэж өгсөн адуугаар төрийн наадмын түрүү хүртсэндээ туйлын их баяртай байгаа. Үүнээс сайхан баяр жаргал гэж юу байхав. Монгол төрийн наадамд унага морьдоо түрүүлгэж, айрагдуулан хоёр ахтайгаа цуг цоллуулж зогсоно гэж зүүдэлж ч явсангүй. Одоо ч баярласан сэтгэл дундраагүй л байна. 
-Мордсон болгон нь түрүүлж, айрагдсан тухай дуулахад надад ч гэсэн бахтай сайхан санагдаж байлаа. 

-Миний хоёр ах 14, 15 жил адууны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Олон газраас аль сайныг сорчлон авч, үржлийн зөв бодлого баримталсны үр дүнд мордсон болгондоо түрүүлж, айрагдах хурдан адуу гаргаж авсан. Хамгийн ойроос мэдэх хүний хувьд нөр их хэмжээний хөдөлмөр хичээл, зүтгэл хөрөнгө мөнгө зарцуулсныг хэлэх байна. Миний хувьд өвс тэжээл бэлтгэх, зүчээгээ янзлах зэрэгт ахуйн ажилд тусалдаг хүн. 


-Арын алба чухал шүү. Сайн ажилладаг байсны шан биз ээ. 

-Хүмүүс морины төлөө зүтгэсэн хүн баярладаг учиртай. Өвөлжөөнийхөө баасыг цэвэрлэхээс эхлээд хадлан тэжээл гээд сайн зүтгэдэг байсны чинь үр дүн гэсэн. /инээв/ Харин би энэ бүхнийг цогцлоосон ах нартаа их баярлаж байгаа. 
-Хоёр эгч бөөн баяр байгаа байх даа. 

-Өө тэгэлгүй яахав. Ээж, эгч гээд бүгд ирцгээж, баяр хүргэсэн. 
-Хурдан халтартаа нэр хайрлаа юу?
-Өгөөгүй ээ. Намар үрээгээ засахдаа ярилцаж хөөрөлдөнө дөө. 
-Хийморилог залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.
-Баярлалаа.

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна