Уяач А.Лхагва: Гүнтийн ногооноос хойш 37 жилийн дараа манай удмынхан төрийн наадамд морь айрагдууллаа

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 21 -нд

-Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд хүрэн үрээ аман хүзүүдүүлсэн танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс хуваалцахгүй юу?

-Баярлалаа. 2020 он миний амьдралд нэгэн сайхан түүхийг бүтээлээ. Нутгийн уул ус, өвөг дээдэс, хань ижил, найз нөхдийн тус дэмжлэгтэйгээр юм тэгширч, уясан морь маань төрийнхөө наадамд айрагдлаа. Маш их баяртай байна. Энэ сайхан боломж бололцоог бүрдүүлж өгсөн найз Ганбаатарын Буянтогтохдоо “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан баярласнаа илэрхийлье ээ.
-Хаягласан эзэндээ хүрэх биз ээ. Танай уяаны шүдлэнгүүд хурдан байгаа дуулдсан. 

-Тийм ээ. Манай уяаны хязаалан, шүдлэнгүүд онцгой хурдан байсан шүү. Ер нь сайн мэдээ дуулгана гэдэгт эргэлзэхээргүй байлаа. Хязааланд гэхэд хоёр үрээ айрагдсан. Шүдлэнгийн тухайд манай уяанаас мордсон 15 үрээний нэг нь мордож, 14 нь хасагдсан. Мордсон ганц нь аман хүзүүнд хурдалсан гэхээр ямархан хэмжээний уяатай байсан нь мэдрэгдэх байх. 
-Түрүүлчихэж ч мэдэхээр байсан байх. 
-Мордуулж байхдаа морь хүүхэд эсэн мэнд аюулгүй, сайн яваад ирээсэй гэж залбирч байснаа өнгөнд гараад, хөтлөөд байхаар нь бас өөр зүйл бодоод догдолдог юм байна. Хүрэн шүдлэн маань барианд ороход 20-30 метр дутуу байхад шахуулаад аман хүзүүдсэн. 


-Хөлсний хашаанд ирчихсэн явааг хараад сэтгэл зүйн бэлтгэлтэй байжээ гэж бодсон. 
-Миний үрээг буруу зарлаад байсан л даа. Бид өөрсдөө хараад таниад байдаг. Тайлбарлагч өөрөөр зарлаад байдаг. Зурхай давтал нь түгшдэг юм билээ. Тэгээд орчихонгуут нь шуудуу хүртэл машинтай очоод, тэндээсээ хөлсний хашаа руу гүйчихсэн. Тэрүүхэн хооронд амьсгаадаад талийгч Амбийгийн үзүүлдэгчлэн амьсгаа дээгүүр болчихсон байсан. (инээв)
-Хүн болгон л тийм төрхтэй ирдэг болохоор бидний хувьд танил дүр санагддаг шүү.
-Тэгэхээс аргагүй юм билээ. Сэтгэл хөөрчихсөн, дээр нь гүйчихээр амьсгаа дээрдээд ирдэг юм билээ. Сонирхуулаад хэлэхэд, миний ээжийн хамгийн том ах Гансүх гэж хүн Гүнтийн ногоон морийг улсад дөрвөн удаа айрагдуулж байсан. Хамгийн сүүлд 1983 онд Гүнтийн ногоон морь айрагдаж байсан. Түүнээс хойш 37 жилийн дараа манай удамд төрийн наадамд морь айрагдуулах энэ баярт агшин тохиож ах дүүс, нутаг усаараа баярлалаа. Миний ээж Завхан аймгийн Отгон сумын хүн. 1976 онд Партизаны сангийн аж ахуй үүсгэн байгуулагдахад энд шилжин ирж, би энд өссөн. Хүүхэд ахуй насны минь гэрэл гэгээтэй дурсамж хадгалагдсан Партизаныхаа нэрийг гаргасандаа баяртай байгаа. Энэ жил Сонгинохайрхан дүүргийн “Хүйн хурд” уяачдын холбоо үүсгэн байгуулагдаж, миний бие тэргүүнээр сонгогдсон.
-Учрал ерөөлгүй зүйл нэгээхэн ч үгүй гэдэг энэ буюу. Шинэхэн тэргүүний дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. 

Б.Хастөр

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.