Уяач З.Тэмүүжин: Эрдэнэтээс анх удаа төрийн наадмын түрүү хүртэж буй нь энэ

Сэтгүүлч
2020 оны 12-р сарын 30 -нд

-Төрийнхөө наадмаас түрүү хүртсэн танд баяр хүргэе. Өнөө жилийн баяр наадмын талаар ямар сэтгэгдэлтэй байгаа вэ?

-Өндөр сэтгэгдэлтэй байгаа. Энэ жилийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж, Эрдэнэт хотынхоо уяачдаас анх удаа төрийн наадмын түрүүг хүртлээ. 
-Орхоны уяачид улсын баяр наадмаас айраг авсан нь цөөнгүй. Түрүү нь анх удаагийнх хэрэг үү?

-Эрдэнэт хот үүсгэн байгуулагдсанаас хойших 41 жилийн түүхэнд их насны морь хоёр удаа аман хүзүүдүүлж, хэд хэдэн айраг хүртэж байсан юм билээ. Харин түрүү авч байгаагүй. Миний хонгор даага Эрдэнэтийн уяачдын түрүүгийн өмийг нээлээ хэмээн хувьдаа бэлгэшээж байгаа. 
-Булган сүүлтэй байх биз ээ. Хийморилог залуу уяач төрийн наадамд хэд дэх жилдээ оролцож байна вэ?

-Хоёр дахь удаага оролцож байна. Хамгийн анх 2017 онд их насны хээр морьтой ирж, 28-аар давхиулж байлаа. Энэ жил хоёр дахиа ирж урьдын адил Тод манлай уяач Д.Одгэрэл ахыгаа түшиглэн морио уясан. Манай Эрдэнэт зуншлага тааруу байсан болохоор Төв аймгийн Цээл суманд морьдынхоо уяа сойлгыг тааруулж, тар сунгааг нь хийсэн.  
-Хэдэн насны морьтой ирсэн бэ? 
-Азарга, даага хоёртой очсон. Азарга маань Төв аймгийн Лүн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Жамбалын Очирсүх найзын маань унаган адуу. Өнгөрсөн жил соёолон азарга Эрдэнэтийнхээ наадамд аман хүзүүнд хурдалж байсан юм. Энэ жил улсын наадамд 23-т давхилаа. Дааганы тухайд Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэл ахын унаган адуу. Унага эхийгээ дагаж ирсэн юм. Энэ дашрамд хурдан буянаа хайрласан Тод манлай уяач Б.Билэгдэмбэрэл болон уяа сойлгын тухайд зааж зөвлөсөн Тод манлай уяач Д.Одгэрэл нартаа маш их баярлаж буйгаа илэрхийлье ээ. 
-Хийморилог залуу уяач хэдий үеэс эхлээд морь уясан юм бэ?
-2016 оноос эхлэн морь уяж байгаа. Хүүхэд байхдаа хөдөө зусаж, 10 жил морь унан наадам үздэг байсан нь нөлөөлсөн байх. Багаас хурдан моринд дуртай байсан. Түүнийгээ гүйцэлдүүлэн 2016 оноос морь уяж, сүүлийн гурван жил орон нутгийнхаа наадмаас айраг алдсангүй. Өнгөрсөн жил гэхэд Эрдэнэтийн наадамд нэг азарга аман хүзүүдэж , нөгөө нь дөрөвт хурдалсан. Мөн соёолон, эрлийз дээд насны морьд аман хүзүүдэж, аймгийн чанартай уралдаанаас 11 айраг, түрүү хүртсэн. 
-Цолтой юу?
-Үгүй ээ. Харин уяач С.Баярсайхан маань энэхүү амжилтуудаараа аймгийн Алдарт уяач цол хүртсэн. 
-Залуу уяачийн дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан хамтран зүтгэж, тусалж дэмжсэн багын найз Нарангэрэлийн Энхгэрэлдээ болон уяач С.Баярайхан нартаа маш их баярлаж буйгаа уламжилъя. 

Б.Хастөр

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 37.29.40.172

    Уясан унасанд нь давхар цол чимэг өгч байхаар юм даа. Хэт хутга ганзгалсан 200,570 унасан болгон уяач биш шүү зду гэж!!!

    Reply
    • 64.119.20.209

      Уясан хүн Саандрын Баярсайхан нь аймгийн алдартаа авсан гээд бичсэн л бшд.