Аймгийн Алдарт уяач Ц.Гончигсүрэн: Би өөрийгөө азтай хүн гэж боддог

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 02 -нд

-Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаанд хээр даагаа аман хүзүүнд хурдлуулсан танд баяр хүргэе. 
-Баярлалаа. Нартай хуртай, байгаль дэлхий илч ивээлээ харамгүй хайрласан сайхан жил байлаа. “Хаагуур давхих нь хамаагүй төрийн наадамд оролцох нь чухал” гэх бодол хүүхэд ахуй цагаас тээгдсээр ирсэн тул сүүлийн таван жил улсынхаа наадамд гүн хүндэтгэлтэйгээр оролцож байна. Анхны жил буюу 2016 онд азарга, шүдлэн мордуулж, хээр дааганы маань эцэг хээр азарга 33, 34-өөр, хүрэн шүдлэн 50 гаргаж давхиж байлаа. Түүний дараа жил хээр азарга 19-өөр давхиж байсан. 
-Нутагтаа болсон баруун бүсийн уралдаанд их насны хээр морь айрагдуулж байсан. Хээр адуугаар сайхан нааддаг юм аа даа. 
-Хээр зүсмийн адуу надад зохимжтой байдаг юм уу, монгол адууны үндсэн зүс болоод тэгдэг юм уу, миний хээр адуунууд сайн давхидаг. 2017 оны хаврын баруун бүсийн уралдаанд дөрвөөр давхиж, том наадмын анхны айргийг авчирсан хээр морь маань “Хүрээ цам” даншиг наадамд нэг удаа аман хүзүүдэж, нэг удаа айргийн гурваар давхисан. Мөн Өвөрхангай аймагт болсон улсын бүсийн уралдаанд 11, Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд 10-аар давхиж байлаа. 
-Хурдан хүлэг юм. 

- Намайг моринд эргэлт буцалтгүй оруулсан адуу. 2016 оны тавдугаар сард битүү шахуу морь хүнээс аваад, намар нь “Хүрээ цам” даншиг наадамд аман хүзүүдүлж, долоо хоногийн дараа Архангай аймгийн Хашаат суманд болсон Санжаадамба Аваргын мялаалга наадамд түрүүлгэж байлаа. 2017 онд болохоор Багахангай дүүрэгт болсон өндөр бооцоот уралдаанд гуравлаад, баруун бүсийн уралдаанд айрагдсан. 
-Ирсэн цагаасаа эхлээд айраг, түрүү алдаагүй аргагүй таны савны адуу юм.
-Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Яагаад вэ гэхээр 10, 20 жил морь уячихаад улс, бүсийн наадмаас айраг, түрүү авч амжаагүй хэдэн мянган уяач байхад би битүү морь аваад жилийн дараа том наадамд айрагдуулж байлаа. 
-Тэр тусмаа нутагтаа болсон уралдаанаас...

-Тийм. Би хүний хурдан хурц танигдчихсан адуу аваагүй. Битүү адуу аваад тэгж давхиулсандаа баяртай явдаг. Өнгөрсөн жил баруун бүсийн уралдаанаас хоёр айраг хүртсэн.
-Төрийн зарлигт наадмаас дөрвөн айраг хүртээд байгаа юм байна шүү дээ. 

-Хурдан морины босоо цагаан хийморьт сүсэглэж явдгийг бурхан хардаг юм байна. Энэ бүхэн эцэг эх, хань ижил, гал уяаны хамт олны маань дэмжлэгтэй салшгүй холбоотой. 
-Алтай нутгийн хүүгийн морь уях төрийн хэрэгт нь амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа. 

Б.Хастөр

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна