Аймгийн Алдарт уяач С.Баярсайхан: Улсын баяр наадам, бүсийн уралдаанаас нийтдээ зургаан айраг хүртсэн

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 04 -нд

-Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд бор даагаа айрагдуулсан танд баяр хүргэе. Хоёр жил дарааллан бор адуугаар сайхан наадаж байна шүү. 
-Их баярлалаа. Хан уул минь харж, хатан Туул минь ивээж төрийнхөө наадамд хоёр дахь жилдээ морь айрагдууллаа. Баяртай байна. Өнөө жил азарга,соёолонгоос бусад насны морьдтой ирсэн. Их морь, шүдлэнгээ мордуулсангүй. Эрлийз дунд ангилалд нэг үрээ мордуулсан, 10-аар давхилаа. Эрлийз даага 18-д орсон байх. 
-Онцгой нөхцөлд зохион байгуулагдсан өнөө жилийн наадмын тухайд ямар бодолтой байгаа вэ?

-Зохион байгуулалт талдаа жигдэрчихсэн шүү дээ. Харин ялгах журмын тухайд л гомдол санал дагуулсан хэвээрээ байна. Олон морь хасагдлаа. Ялангуяа сүүлийн хоёр өдрийн уралдааны үеэр олон морь хасагдаж, уяачдын бүтэн жилийн хөдөлмөр үрэн таран болсонд эмзэглэхээс аргагүй юм. Энэ байдлаа яаралтай нэг талд нь шийдэж өгөөсэй хэмээн хүсэж байна. 


-Уяач бүрийн чин хүсэл болоод байна аа. Ингэхэд та улс, бүсийн уралдаанаас хичнээн айраг хүртээд байгаа вэ? Тооны хувьд нэлээд болсон байх шүү
-Улсын баяр наадам, бүсийн уралдаанаас нийтдээ зургаан айраг хүртсэн. Тооны хувьд олон ч чанарын хувьд болоогүй ээ. 
-Алдартын хүүхдүүд, гэр бүлийнхэн моринд хэр элэгтэй вэ?

-Манай гэр бүлийнхэн дэмжинэ ээ, дэмжинэ. Гэр орныхонтойгоо ойлголцохгүй бол ганцаараа зүтгээд амжилтанд хүрэхгүй шүү дээ. Солонгост сурдаг хүү маань моринд их дуртай. Энэ жил онцгой байдлаас болоод ирж чадаагүй. Сүлжээ оронгуут л видео дуудлага хийгээд “За, яаж байна” гээд залгаж байлаа. 
-Морьтны соёлыг дээдлэн эрхэмлэдэг танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Баярлалаа.

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 192.82.78.241

    Хасаад байнаа гэдэг нь жудаг хүн их байгаа болоод л тэр. Эрлийзээ эрлийзд нь мордуучих чадваргүй жудаггүй уяач нөхөд л ийм байдалд хүргэж байна.

    Reply