Уралдаанч Б.Баярцогт: Одоо ээж рүүгээ ярина аа

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 08 -нд

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадамд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын уугуул Б.Сэр-Одын зэгэл халзан даагыг 12 настай уралдаанч Б.Баярцогт унаж хурдлуулсан билээ. 

-Баяр хүргэе ээ. 
-Баярлалаа. 
-За өөрийгөө танилцуулаарай. 
-Би Сүхбаатар дүүргийн хоёрдугаар сургуулийн зургадугаар ангид орно. Баянчандманиас шилжиж ирээд удаагүй. 
-Хурдан морь унаад хэдэн жил болж байна даа. 
-Зургаа дахь жилдээ морь унаж байна. 
-Ямар, ямар амжилт гаргаж байв. 
-2019 онд Хөвсгөлийн бүсэд тавласан. Ээж хайрхны 80 жилээр их насанд түрүүлсэн. Өнөөдөр загал халзан даагатайгаа тавлалаа. Айраг, түрүүгээр давхиулна гэдэг гоё юм аа. 
-Энэ баяр мөчөө хамгийн түрүүнд хэнтэй хуваалцах вэ?
-Одоо ээж рүүгээ ярина аа. Ээж маань “Миний хүү морио сайн унаж, зөндөө олон наадамд айрагдаад ирээрэй” гэж захисан. 


-Морь унаж уралдах хэцүү юу?
-Яалаа гэж, харин ч гоё. Тэр тусмаа унасан морьтойгоо айраг, түрүүгээр ирэх бүр ч гоё. Ер нь монгол хүн бүр л багадаа морь унаж өсдөг шүү дээ. Миний хувьд бол өвөлдөө сургуульдаа, зундаа морио унаад л явдаг юм. 
-Улсын наадам чиний оролцож байсан наадмуудаас ялгаатай байх юм уу? 
-Улсын наадам ялгаатай. Том байтай.
-Өчигдөр морь унаа юу? 
-Өчигдөр эрлийз дээд, их нас унасан ч аль алийг нь татуулсан.
-Наадмын маргааш юу хийх вэ? 
-Наадам дуусч байгаа болохоор гэртээ харина даа. Ээж, аав маань дугуй авч өгнө гэсэн.
-Ах дүү нар нь бас морь унах уу? 
-Манай дүү бас морь унадаг. Дүү маань сая Дундговь руу яваад шүдлэн гуравлуулсан. 
-Тийм үү. Ах дүү хоёр наадмын сонинтой л уулзацгаах нь дээ. 
-Тийм ээ. Улсын наадмын сонин очоод ярьж өгнө. (инээв. сурв)
-Дүүдээ амжилт хүсье. Маргаашийн уралдааны дараа ахин баяртайгаар уулзацгаая. 

П.Ундраа

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.