3000-ын улааны эзэн Гомбожавын Очирбат

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 15 -нд

1943 онд Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн. Тэрээр нутаг усандаа сайн малчин, нэртэй уяач өвгөн байлаа. Анх 1958 онд өөрийгөө том уяачаар төсөөлсөн 15 настай хүү Наран сумын наадамд сөнгө даага хөтөлж очоод 11-д давхиулчихаад ээждээ мухар булант цай авчран, бөөн баяр болсон гэдэг. Тэр цагаас хойш наадам алгасалгүй морины сүүл боож өдийг хүрсэн нэгэн. Түүний уяж сойсон хоёр хээр азарга, халиун, хар саарал морьд, буурал, шарга шүдлэнгүүд нь Ардын хувьсгалын ойн баяр болон зэргэлдээ сумдын наадамд айраг, түрүү олноор авч байлаа. Түүний уясан гурван даага 2000 онд Наран, Дарьганга сумдад айрагдан, цувж ирсэн түүхтэй. Г.Очирбатын амжилтыг үнэлж, 2006 онд аймгийн МСУХ “Аймгийн Алдарт уяач” хэмээх орон нутгийн дээд цолоор шагнасан билээ. Түүний адуун сүргийн угшил нь өдгөө ч үр хүүхдүүдэд нь хурдалсаар байна. 


Том хүү О.Энхбаярын хүрэн соёолон Алтандарь овооны бага тахилга болон Хэнтий аймгийн өмнөд бүсийн уралдаанд түрүүлсэн бол дунд хүү О.Өсөхбаярын хээр азарга сумын наадамд гурван жил дарааллан айрагдсан. Түүнчлэн дунд хүү О.Мөнхбаярын бор морь “Бурхантын хурд” бүсийн уралдаанд айргийн тавд, Сэлэнгийн Хөтөлийн шохой, цементийн үйлдвэрийн 30 жилийн ойд аман хүзүүнд, Онгон сумын баяр наадамд аман хүзүүнд тус, тус хурдалсан бол удаах хүү Үнэнборын бор морь зүүн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалсан юм. Харин бага хүү О.Үнэнбаярын хүрэн халзан морь Сүхбаатар аймгийн Аварга хүлэг шалгаруулах уралдаанд айргийн гуравт хурдалж, Засгийн газрын тогтоолт “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд хоёр түрүүлэн, улсын баяр наадам болон шигшмэл морьдын “Их хурд” уралдаан, дэлхийн дээд амжилтанд бүртгүүлэх 4249 морины уралдаанд тус, тус айрагдаад байна. 


"Тод магнай" сэтгүүлийн Онгон сумын тусгай дугаар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна