Манлай уяач Н.Хүрлээ: Уяачид хожиж, хожигдож сурсан улс

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 25 -нд

-Сайхан наадав уу? Баяр наадмынхаа сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцаач.

-Баярлалаа. Нүүдэлчин монголчуудын уламжлалт өв соёлын их цэнгэл монгол наадам онцгой нөхцөл байдалд ч гэсэн зохион байгуулагдсанд баяртай байгаа. Хэдийгээр олон түмэн янз бүрийн байр суурьтай байсан ч монгол наадам болдгоороо болсонд уяач хүний хувьд талархалтай хандаж буй. Гэхдээ сайхан наадлаа гэвэл бас үгүй юм. Баяр наадмыг зохион байгуулах дүрэм, журам тодорхой бусаас болоод дахиад л уяачдын хөдөлмөр үнэ цэнэгүйдлээ. Үүнд маш их харамсаж байна. Хэдий болтол ингэж уяачийн хөдөлмөр зүтгэлийг үнэгүйдүүлж, баяр наадмын утга учрыг алдагдуулах юм бэ. 
-Уулзсан уяач бүр баярлаж хөөрсөн бус халаглаж, хаширсан тухайгаа ярьж байна.
-Тэгэхээс аргагүй юм. Аль ч газрын ямар ч наадамд морь айрагдуулах нь баг, хамт олны бүтэн жилийн хөдөлмөрийн үр шим байдаг. Өөрөөр хэлбэл, нэг адууны ард бүхэл бүтэн баг ажилладаг. Та бүхэн мэдэж байгаа. Морины эзэн уяачаас эхлээд туслах уяач, адуучин, уралдаанч хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэн гээд маш олон хүн хүчин зүтгэж байдаг. Тэр олон хүүхэд, залуучуудын хөдөлмөрийг нэг мод барьсан нөхөр гарч ирээд үгүйсгэж байгаад бухимдахгүй байхын аргагүй. Ер нь тэгээд бид хурдан адуугаар л уралдах гэж зорьж байгаа биз дээ. Тэгсэн хэрнээ аль хурдан байгааг нь хасчихаад байх юм.


-Монгол адуугаар уралдах боломжгүй гэж үздэг үү?
-Уяачид хасах тухайд бус, шударга бус хандаж буйд л гомдолтой байгаа. Түүнээс монголоороо уралдсан ч, эрлийзээрээ уралдсан ч тэр, аль аль нь бий. Гол нь ялгахдаа хүний оролцоогүйгээр ялгахыг хүсч байгаа юм. Техник технологи хөгжсөн XXI зуунд амьдарч байж мод барьсан нэг нөхрөөр бүтэн жилийнхээ хөдөлмөрийг салхинд хийсгүүлээд баймааргүй байна шүү дээ. Үүлдэрлэг байдал хийгээд сэрвээний өндөр аль алинаар нь тэнцэх адууг ямар ч тайлбаргүйгээр бариад уячихдаг. За, насанд хүрсэн бид яахав гэхэд унаач хүүхэд нь уйлаад суухыг харах хэцүү шүү дээ. Энэ байдал даамжирвал морь уях хүнгүй болж, хөдөө хотыг холбосон уяачдын сайхан нөхөрлөл үгүй болох гээд байна. Шударга байвал хойно урдаа ирлээ гэж гоншигоноод байх юм алга. Уяачид угаасаа хожиж, хожигдож сурсан улс. 
-Тэр ч тийм шүү.
-Үнэхээр ялгаж мэдэхгүй байгаа бол мэргэжлийн холбоонд нь зохион байгуулах эрхийг нь өгчих хэрэгтэй. Ганц зохион байгуулалт гэлтгүй зам харгуй засахаас эхлээд хийх ажил их байна. Мэргэжлийн холбоонд нь өгчихвөл  уяачдаа зохион байгуулаад хялбархан шийдчихэж чадна. 
-Та хэдэн насны морьтой ирж, хэдийг нь мордуулсан бэ?

- Зургаан насны 19 адуутай ирээд гурвыг нь л мордууллаа. Эрлийз дунд ангилалд хээр үрээ айрагдаж, даага 12, хязаалан 20 гаргаж давхисан. 
-Тод манлай уяач цолны болзлыг хангасан дуулдсан. Хэдэн жилийн хөдөлмөрийн үр шим бэ?  

-АХ-ын 87 жилийн ойгоор анх төрийнхөө наадамд морь мордуулж, АХ-ын 88 жилийн ойгоор соёолон айрагдуулж байлаа. Түүнээс хойш төрийн зарлигт наадмаас 22 айраг, түрүү  хүртсэн байна. 
-Сайхан нааджээ. Хурдан хүлгийн босоо цагаан хийморьт үр удмаараа өнө мөнх ивээгдэж яваарай.

Б.Хастөр

2 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.