Аймгийн Алдарт уяач Д.Отгонлхагва: Зургаа дахь жилдээ төрийн наадмын анхны айргаа хүртлээ

Сэтгүүлч
2021 оны 1-р сарын 27 -нд

-Төрийн буюу улсын баяр наадмаас анхны айргаа хүртсэнд баяр хүргэе. 

- Баярлалаа. Манай уяанаас гурван морь айрагдаж сайхан наадацгаалаа. Баяртай байна. 
-Хэдэн оноос эхлээд улсын наадамд морь мордуулж байгаа вэ?
- 2015 оноос хойш. Зургаа дахь жилдээ төрийн наадмын анхны айргаа хүртлээ. Бас чиг олон жил хүлээсэн учраас үнэ цэнэтэй санагддаг юм байна. Бөөн баяр л байна. 
-Тэгээд яагаад цоллогоон дээр ирдэггүй юм бэ? Таны энэ байдлыг хааяа гайхдаг юм.

-Би угаасаа олны өмнө гарах дургүй хүн. Өмнө нь танайд өгсөн ярилцлагадаа ч гэсэн “Адуучин эцгийнхээ нэрийг дуудуулаад морь мордуулах нь чухал. Түүнээс цол хэргэм авах нь чухал биш” гэж хэлж байсан шүү дээ. Тэр бодол маань хэвээрээ байгаа. Цоллогоонд ордоггүй өөр нэг шалтгаан бол хамгаалалтын асуудал. Алхам тутам бүрт асууж шалгааж, хориглоод байхаар үнэндээ очих хүсэлгүй болдог юм билээ.
-Заримдаа баяр наадам болж байгаа эсэхэд ч эргэлзэх хэрэг гардаг шүү. 
-Морь нь айрагдаад баярлаж хөөрчихсөн байгаа хүмүүстэй ядаж боловсон харьцах хэрэгтэй л дээ. 


-Санал нэг байна. Өнөө жил хэдэн насны морьтой ирсэн бэ?
-Уг нь дөрвөн адуу уяж байсан юм. Гэтэл сунгааны үеэр Хишиг хүрэн маань халтирч унаад мордуулж чадаагүй. Эрлийз насны уралдаан болохгүй гэхээр нь хээр морио тавьчихсан байсан тул мөн мордуулж чадаагүй. Ноднин Говьшанхад айрагддаг бор үрээтэйгээ ирсэн. Өнөөхийг маань хасаад мордуулсангүй. Үндсэндээ ганц мордсон нь айрагдах шив дээ. 
-Дүрэм, журмыг цэгцлэх талаар уулзсан уяач болгон ярьж байна. Баяр наадам зохион байгуулах салбар хороонд бид сэтгүүлээрээ дамжуулан уламжилъя. Та ямар санал хүргүүлэх вэ? 

-Ойлгомжтой, дүрмээ тодорхой болго. Тэгээд эртнээс танилцуул. Цагийг нь тулгаж байгаад зарлахаа боль. Морь уях гэдэг нэг, хоёр хоногт хийх ажил биш. 


-Товч бөгөөд тодорхой хүсэлт байна. Баярлалаа.

Б.Хастөр

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.