“Дүнжингаравын хурд-2012” уралдааны хурдан азаргануудын дэлгэрэнгүй танилцуулга
Хагас жил хагсрагдсан хурдан хүлгүүд хийморь сэргээн дүүхэлзсэн уламжлалт “Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдааны хурдан азарганууд 16 километрийн алсаас шандас шалган уралдсан. Уяа нь жигдэрч, ирлэгдсэн сүргийн манлай хурдан хүлгэд газар эвхэн хурдалсаар барианы зурхайд Дундговь аймгийн Өлзийт сумын уугуул "Мон Уран" ХХК-ийн захирал Батсүхийн Наранхүүгийн хээр магнайдаа тоосгүй түрүүлэн ирж, наадамчин олны уухайн дуунд өлгийдүүллээ.
Харин аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, Тод манлай уяач Гаваагийн Батхүүгийн Соёмбо зээрд хурдалсан. Зээрд азарга эзнийхээ Тод манлай уяач цолыг мялаан “Дүнжингаравын хурд”-д хоёр дахиа аман хүзүүдэж буй нь энэ юм.Айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Цэвээний Ойдовын хул азарга хурдалсан. “Булганхангайн хурд-2011” хаврын бүсийн уралдааны түрүү энэ хурдан хүлгийн уяа сойлгыг аймгийн Алдарт уяач Х.Баярсайхан тааруулжээ.
Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, Манлай уяач Сайрийсүрэнгийн Төмөр-Очирын Ембүү хээр хурдалсан. Энэ цагийн дархан хүлгэдийн нэг Ембүү хээр азарга улс, бүсийн наадмын есөн айргийн эзэн юм.
230 гаруй хүлгэдээс айргийн тавд хурдалсан хурдан ажнай бол Өмнөговь Цогтцэций сумын уугуул, "Ажнай"корпорацийн Ерөнхийлөгч, Манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн зээрд азарга байлаа. Дөрвөн их түүхт ой давхцсан өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадмын түрүү Ө.Шинэтулгын зээрд азарга Дундговь аймгийн 70 жилийн ойд айрагдсаныг хурдан морь сонирхогч та бүхэн санаж байгаа биз.
Морьтон Монголчуудын мөнхийн омогшлыг дэврээж байдаг “Тод магнай” сайтын хамт олон “Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдаанд амжилттай уралдан Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 230 гаруй хурдан хүлгэдийг магнайлсан хурдан азаргануудын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэж байна.
3 түрүү, 3 айргийн эзэн Б.Наранхүүгийн хээр
Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул, аймгийн Алдарт уяач Пүрэвдоржийн хүү Базаргүмагийн унаган адуу хээр үрээ хязаалангаасаа эхэлж уягдан сумынхаа сургуулийн ойд гурвалж, ногооны соёолон Б.Сүхбаатарт иржээ. Сайн хүлэг эзнээ хайж явдаг гэдэгчлэн хээр үрээ ирсэн даруйдаа “Дүнжингаравын хурд”-д айргийн тавд хурдалж, улсын наадамд хүүхэд нь унаж есөөр давхин хэдхэн хоногийн дараа болсон Шадар ван Чингүнжавын мэндэлсэний 300-н жилийн ой Хотгойдын даншигт түрүүлэн тод магнай, торгон жолоогоо өргүүлэн хурдан морь сонирхогчдын эчнээ танил болсон юм. Энэ цагийн эгэлгүй хурдан буянгуудын нэг хээр азарга өнгөрсөн жилийн “Дүнжингаравын хурд -2011” хаврын бүсийн наадамд айргийн гуравт хурдалж, хэдхэн хоногийн дараа болсон “Нүүрэнтэйн хурд-2011” бүсийн наадамд магнайдаа тоосгүй түрүүлсэн. Ийнхүү уралдсан болгондоо дархан ордог хээр азарга өнгөрсөн зун наадмын өмнөх сунгаануудад тогтмол өнгөлж, улсын наадамд цулбуур өргүүлэх нь нэгэнт тодорхой болоод байлаа.
Чухам тиймээс л хурдан хүлэгт гар татдаггүйгээрээ зартай “Мон-Уран”-ы захирал нүд унаган дурлаж, азарга уралдах 11-ний өглөө Монголд байхгүй дээд ханшаар өөрийн болгосон билээ. Хэдийгээр азарганы шинэ хуучин эзэд наймааг ханцуйн дотроо хийж нууцлахыг хичээсэн ч монгол адууны үнийг дэлхийнг жишигт хүргэсэн энэхүү дуулиан хуурай өвсөнд шүдэнз зурах адил авалцсаар Хүй долоон худагаар нэг тарж, хээр азарга Монголын хамгийн үнэтэй адуугаар тодорсон билээ. Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 355 хурдан азарга гарааны зурхайгаас нэгэн зэрэг эргэсэн АХ-ын 90 жилийн ойн их баяр наадамд хээр азарга гарсан цагаас өнгөлсөөр барианы үзүүрт аман хүзүүнд хурдалж, улс бүсийн наадмын хоёр түрүү, гурван айргийн эзэн болох нь тэр. Улсын наадмаас хойш амарсан хээр азарга “Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдаанд гараа алдаж нэлээд хойноос эргэсэн ч чөмөгний хурдтай хурдан ажнай салхи татуулан давхисаар барианы зурхайд түрүүлэн гишгэж, тод магнай торгон жолоогоо өргүүлэх нь тэр. Ийнхүү Б.Наранхүүгийн хурдан хээр одоогоор улс, бүсийн наадмын гурван түрүү, гурван айргийн эзэн болоод байна.
Тод манлайн унаган хүлэг-Дүнжингаравын дархан айраг
Гарсан цагаасаа эхлэн азарганы уралдааныг хөтлөн тархинд хурдалсан Тод манлай уяач Г.Батхүүгийн Соёмбо зээрд “Дүнжингаравын хурд” хаврын бүсийн уралдаанд хоёр дахиа аман хүзүүнд хурдаллаа. Хурдан хүлгийн хийморьт сүсэглэж явсан хорин жилийн хөдөлмөрөө үнэлүүлж Тод манлай уяач хэмээх эрхэм цолны эзэн болсон Г.Батхүү “усан луу жилийн эхлэл урамтай сайхан байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.
Бүсийн наадмын гурван айргийн бүр тодруулбал гурван аман хүзүүн эзэн Соёмбо зээрд азарга уг нь Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу. Батбилэгийнх нь нэртэй хурдан хулууд, соёмбо зээрд нэг эцгийн төлүүд юм билээ. Өөрөөр хэлбэл Тод манлайн хурдан хул азарганы төлүүд юм. Долоон жилийн өмнө Г.Батхүү Д.Онон Тод манлайгаас хээлтэй зээрд гүү авсан нь өдгөөгийн Соёмбо зээрдийн эх байсан аж. “Тод манлайн унаган адуу юм дуулгах учиртай” хэмээн зээрд үрээг дааган цагаас нь эхлэн уясан ч төдийлөн амжилт үзүүлэхгүй байсаар соёолондоо Сэлэнгэ аймагт болсон нэгэн уралдаанд арав гарч давхиж. Харин хавчигтаа Өлзийтөд болсон бооцоот уралдаанд түрүүлж, “Дүнжингаравын хурд-2011” хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдэн /Б.Наранхүүгийн хээр азарга гуравт хурдалсан/, хэдхэн хоногийн дараа болсон “Нүүрэнтэйн хурд-2011” хаврын бүсийн уралдаанд амжилтаа бататган аман хүзүүнд хурдалсан билээ. /Энэ уралдаанд хээр азарга түрүүлсэн. Ер нь Соёмбо зээрд Б.Наранхүүгийн хээртэй өгөө аваатай уралддаг идэрхэн хүлгүүд билээ./
Ийнхүү хоёр бүсийн наадмын аман хүзүүнд хурдалсан Г.Батхүүгийн Соёмбо зээрд морь сонирхогчдын тааврын хүлгэдийн нэгд тооцогдох болсон бөгөөд эзнийхээ төрсөн нутаг Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн баяр наадамд түрүүлэн ирж, моринд элэгтэй монгол зон олон тэр дундаа эзнийхээ самсааг нь шархируулж, баярын магнай тэнийлгэж байлаа. Зээрд азарганы уяаг Нийслэлийн Алдарт уяач Цэндээхүүгийн Батболд хэмээх залуухан уяач тааруулдаг бөгөөд морин шүтээнтэй монгол зон олондоо соёмбо мэт хүндлэгдэж байхыг бэлгэдэн “Соёмбо” хэмээн нэрийдэх болжээ. Дашрамд сонирхуулахад Тод манлай адуун сүргээ соёмбо тамгаар тамгалдаг юм билээ.
Оч бутарсан Ц.Ойдовын хул
“Дүнжингаравын хурд -2012” хаврын бүсийн уралдааны хурдан азарганы уралдаанд айргийн гурваар хурдалсан Ц.Ойдовын хул азарга уг нь Тод манлай уяач “Бандгаа” хэмээх С.Ганхуягийн унаган адуу. Багадаа аавынхаа уясан хурдан хүлгэдийг унан адуун дэлэн дээр дарцаглаж явсан моринд хорхойтой ахдаа дүү Ц.Очирхүү нь 2008 оны намар хул шүдлэн бэлэглэсэн нь өдгөөгийн хурдан хул азарга юм. Хул үрээний эцэг нь Хандгай хэмээх бор азарга байдаг бол эх нь Галшар угшилтай Хэнтий зүгийн гүү байдаг аж.
Хул азарга хязааландаа Орхон аймгийн баяр наадамд наймалж, харин соёолондоо Булган аймгийн Сайхан сумын 80 жилийн ойн баяр наадамд айргийн дөрөвт давхижээ. “Өнөө цагийн хурдыг тодорхойлогсдын нэг Тод манлайн адуу хурдан байх нь дамжиггүй” хэмээн бодсон эзнийх нь тооцоо эндүүрэл байсангүй. Хул азарга хавчигтаа аймагтаа болдог уламжлалт сар шинийн уралдаанд түрүүлсэн ч “олсны ард” ороогүй гэх шалтгаанаар хасагдаж. Учир нь уяа нь жигдэрсэн хул азарга гарааны зурхай явах замд агсамнан хадуурсаар морьд эргэснээс нэлээд хойно эргэсэн гэдэг. Хэдийгээр хожуу эргэж гараа алдсан ч хойноос нэхсээр түрүүлсэн ч уралдааны дүрэм ёсоор “олсны цаана орж эргээгүй” хэмээн хасагдсан аж. Уяа нь орж, хурд нь ирлэгдсэн хурдан хүлгээ толгой хаялан үүрсэхийг харсан эзэн нь том довон дээр наадахаар “Дүнжингаравын хурд-2011” уралдааныг зорьж, энэ уралдаанд хул үрээ 11-р давхисан билээ. Хэдийгээр хүлээж байсанчлан амжилтыг үзүүлээгүй ч хэдхэн хоногийн дараа болсон “Булганхангайн хурд-2011” хаврын бүсийн уралдаанд хул үрээ магнайдаа тоосгүй түрүүлэн ирж, уясан эзэн, унасан хүүхэд хурсан олны магнайг тэнийлгэснийг санаж буй бизээ.
Хаврын уралдаануудад тун чиг өнгөтэй наадсан хул азарга нутгийн хоёр Манлайн мялаалга уралдаанд аман хүзүүнд хурдлав. Сорилго болсон уралдаанд хурдан байгаа хүлэгтээ урамшин Ц.Ойдов уяач дөрвөн их түүхт ой давхцсан төрийн наадмыг зорьж, Хүй долоон худгийн торгон ногоон дэвжээнээ буудаллажээ. Гэсэн хэдий ч олныг нөмгөрсөн их ханиад тэдний уяаг ч тойрсонгүй. Хул үрээ сүрхий ханиалгах тул эмч залж үзүүлбэл “Уралдуулаад дэмий биз дээ” хэмээх нь тэр. Энэ хүртэл зорьж ирсэн их хэргээ бодвол мордуулчихмаар, гэвч хурдан хүлгээ хайрлах эзний сэтгэл нь дийлж азаргаа хийморийг нь сэргээн олон хүлгийн тоосонд оруулж Цагаан хөтөл хүртэл давхиулаад татуулан уяа руу нь эргүүллээ. 2011 оны хул азарганы уралдаан ийнхүү өндөрлөв. Харин 2012 он гарсаар хул азарга аймгийнхаа уламжлалт хаврын уралдаанд хол тасархай түрүүлж, нутгийн зон олны хүсэлтээр “Дүнжингаравын хурд”-д хоёр дахиа тоосоо өргөхөөр нийслэлийг зорилоо.
Эзэн хүлэг хоёрын хийморь цогцолж энэ наадамд хул азарга айргийн гурваар хурдлан Ц.Ойдов бүсийн наадмын хоёр дахь айргаа хүртэх нь тэр.
“СТЕП трейд” ХХК-ийн захирал Ц.Ойдов нь Увс аймгийн Тэс сумын уугуул нэгэн. Баруун бүсийн хурдны өлгий нутагт хүй цөглөсөн тэрээр 1980-1985 оны хооронд аавынхаа уясан хурдан хүлгэдийг Тэс болон Зүүнговь сумдын наадамд унаж хурдлуулдаг бас ч үгүй шаггүй унаач байсан гэдэг. Адуунд дуртай аль багын аалиндаа хөтлөгдөн энд тэндэхийн уралдаан үзэж явсаар 2008 онд Завхан аймгийн Тэс сумын уугуул Б.Батбилэг хэмээх залуугаас Тува угшилтай ухаа соёолон авч, өм нээжээ. Ухаа үрээ Орхон аймгийн Жаргалант сумын 30 жилийн ойн баярт түрүүлэн, Эрдэнэт үйлдвэрийн 30 жилийн ойн баярт айргийн дөрөвт давхиж эзнийхээ урмыг сэргээн, тэр ч бүү хэл төрийн наадмын анхны айргийг авчирсан хэмээдэг. 2008 онд болсон Булган аймгийн 70 жилийн ойн баяр наадамд Ц.Ойдовын нэртэй ухаа соёолон айргийн гуравт хурдалж, төрийн зарлигт наадмын хишиг хүртсэн нь мартагдашгүй дурсамжуудын нэг гэх юм билээ.
Усан луу жилийн өнгөө тольдон одтой наадсан Ц.Ойдов манай сайтаар дамжуулан уяач Баярсайхан болон дүү Очирхүү нартаа “ийм сайхан хурдан буян хайрласанд нь баярлаж буйгаа” уламжилсан. Түүнчлэн мэндийн хадагтай талархлын үгийг Тод манлай уяач С.Ганхуягт уламжилсныг бид дамжуулж байна.
Манлайн мялаалга Ембүү хээр
Хурд нь танигдаж, хурдан нь шагшигдсан энэ цагийн эгэлгүй хурдан буянгуудын нэг Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул МУ-ын Манлай уяач Сайрийсүрэнгийн Төмөр-Очирын Ембүү хээр “Дүнжингаравын хурд-2012” уралдаанд айргийн дөрвөөр хурдаллаа. 2006 оны унага Сүхбаатар нутгийн хурдан ажнай өнөөдрийг хүртэл улс бүсийн наадамд есөнтөө айрагдаад буй юм. Хээр азарга даагандаа гурван том наадамд айрагдсан бөгөөд 2007 оны улсын баяр наадам, “Говь-Шанхын хурд -2007” бүсийн наадамд тус тус айргийн гуравт, “ Боржигон -2007” бүсийн наадамд аман хүзүүнд хурдлан хурдан морины хорхойтнуудын эчнээ танил болсон түүхтэй.
Мориор өвчилсөн зарим нэгний сэрүүн зүүд болсон хээр үрээ шүдлэндээ мөн л хоёр том наадамд айрагдан, уясан эзэн, унасан хүүхдээ урмаар мялаасан билээ. АХ-ын 87 жилийн ой үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд С.Төмөр-Очирын Ембүү хэмээх хээр үрээ айргийн гуравт хурдалж, хэдхэн хоногийн дараа болсон төрийн тахилгат Алтан-Овооны наадамд амжилтаа бататган айргийн дөрөвт давхисан. Энэ цагаас эхлэн С.Төмөр-Очирын хээр үрээ түрүү морьдын тааварт яригддаг цөөн хүлгэдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэх болов.
“Дорнод-2009” зүүн бүсийн хурдан морины уралдаанд С.Төмөр-Очирын “дархан” хээр аанай л дархан айрагдаж, аман хүзүүнд хурдалсан бол, “Дүнжингаравын хурд-2011” хаврын бүсийн уралдаанд айргийн дөрөв, “Нүүрэнтэйн хурд-2011” уралдаанд айргийн гуравт хурдалж, олон жил тогтмол амжилттай уралдаж буй өнөө цагийн цөөн хүлгэдийн нэгээр нэрлэгдэн, морь сонирхогчдын хүндлэлийг хүлээх болов. Амжилтаа бататгаж алдраа дуудуулж буй Ембүү хээр азарга төрийн зарлигт наадмын ес дэх айргаа “Дүнжингаравын хурд-2012” бүсийн наадмаас хүртэж зон олныхоо онголыг хөглөлөө.
Төрийн наадмын түрүү зээрд
Дөрвөн их түүхт ой давхцсан өнгөрсөн жилийн баяр наадмын таавар эвдэж түрүүлсэн зээрд азаргыг хурдан морь сонирхогч эрхэм уншигч та бүхэн эчнээ санаж буй биз.
Гарсан цагаасаа уралдааныг хөтөлсөн Б.Наранхүүгийн хээр азаргыг барианы зурхайн цаахантаа гүйцэж түрүүлэн, төрийн наадамд тод магнай торгон жолоогоо өргүүлсэн энэ хурдан ажнай Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул, аймгийн Алдарт уяач Өлзийхутагийн Шинэтулгын унаган адуу. 2010 онд сумынхаа наадамд түрүүлэн, Хэнтий аймагт болсон бүсийн наадамд арав гаргаж давхисан зээрд азарга туулай жилийн өнгө тольдох анхны уралдаан Сүхбаатар аймгийн Зүүн бүсийн “Мөнххаан 2011” уралдаанд түрүүлж, хавар нь Сүхбаатар аймгийн Талбулагийн ойд дөрвөөр давхисан хурдны өлгий нутгийн энэ цагийн шандаст хүлгэдийн нэг билээ. Зээрд азарга төрийн наадамд Ч.Хүсэлзулын хэмээн цоллогдож байсныг уншигч та бүхэн санаж буй биз. Төрийн наадмын түрүү зээрд азаргаа Ө.Шинэтулга уяач наадмын дараахан “Мон-Уран”-ы Б.Наранхүүд бэлэглэн, харин Б.Наранхүү бизнесийн хамтрагч Д.Бат-Эрдэнэд харилцан ашигтай хамтран ажилласны талархал болгон бэлэглэжээ. Төрийн наадмын амжилтаа Дундговь аймгийн 70 жилийн ойн баяр наадамд айрагдан баталсан зээрд азарга эдүгээ МУ-ын Манлай уяач Д.Бат-Эрдэнийн нэр дээр уралдаж буй бөгөөд уяа сойлгыг нь аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар тааруулж байгаа аж.
Тун удахгүй бид та бүхэнд эрлийз ангилалд түрүүлж, айрагдсан морьдын дэлгэрэнгүй танилцуулгыг хүргэх болно.
А.Тэлмэн, Фотог М.Батчулуун
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна