Даага буюу нэг настай адууны шүд

Сэтгүүлч
2021 оны 3-р сарын 29 -нд

Даага насны адууны шүд нь бүхэлдээ дөнгөж ургаж гүйцсэн сүүн шүд байдаг ба ямар нэг өө сэвгүй жигдхэн цагаан шүд байдаг. Сүүн шүд нь цөгц бүрэн суусан байдаг ба цөгц нь элэгдээгүй байдаг учраас цөгц жигд, зуулт нь тэгш жигд байдаг. Цөгцний зураа нь үндсэн дөрвөн шүдэнд нарийн урт байх бөгөөд захын шүдэнд цөгц бүрэн суугаагүй цөгц дүүрээгүй зууван дугуй хэлбэрийн хонхорхой хэлбэртэй байдаг.  Захын үүдэн шүдний зуулт өндөр хэсэгтээ хүрсэн бусад үрэгдэх хэсэг нь хүрээгүй буюу гурвалжин хэлбэрийн зай үүсгэсэн байдаг. Энэ нь хажуу талаас нь харвал захын үүдэн шүдний хавирах гадаргуу бүрэн нийлээгүй байдаг байна. Зөвхөн энэ шинж тэмдэгээр л ялгах бөгөөд шүдний бусад хэсгийн байдал үндсэндээ ижил төстэй байдаг.


Даага буюу нэг настай адууны үүдэн шүдийг эгц урддас нь харуулсан байдал

Даага насанд үүдэн шүд бүрэн ургасан байдаг ч  сүүн шүд нь солигдож  эхлээгүй сүүн шүдтэйгээ байдаг. Даагны шүд эгц урдаас нь харахад нэг түвшинд ургасан жигдхэн цагаан шүд байдаг. Дааганы шүд нь эгц урдаас нь харсан байдлаараа шүдлэн адуутай ялгарахгүй ижилхэн дүрс хэмжээтэй байдаг.


Дааганы шүдийг хажуу талаас нь харсан байдал

Даага шүдлэнгийн шүдийг ялгахын тулд сайтар харах хэрэгтэй бөгөөд дааганы шүд хажуу талаас нь харвал захын үүдэн шүд арай ургаж гүйцээгүй буюу шүдний зуулт нь хавирах гадаргууд  бүрэн хүрээгүй байдаг. Зөвхөн энэ шинж тэмдэгээр л шүдлэн адуунаас ялгаж тодорхойлох боломжтой юм.


Дааганы захын үүдэн шүдний цөгц нь бүрэн түрж тэгшрээгүй халбаганы хонхорхой хэлбэртэй байдаг тул энийг “халбагших” хэлбэр гэж тодорхойлдог. Энэ “халбагших” хэлбэртэй шүд нь зарим үед шүдний дотор хэсэг нь сэтэрхий байх нь бий.

МУ-ын зөвлөх мал зүйч, ХААУ-ны доктор Д.Зоригтбаатар


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.