Шүдлэн буюу хоёр настай адууны шүд

Сэтгүүлч
2021 оны 4-р сарын 01 -нд

Шүдлэн адууны шүд нь дааган насны адууны шүдтэй үндсэндээ ижил төстэй буюу онцын ялгаа байдгүй. Гэхдээ сайтар ажиглавал шүдлэн адууны шүд дааганыхыг бодвол арай өө сэв ихтэй дааганых шиг гөлгөр биш байдаг. Шүдний зуултыг сайтар ажиглавал үл ялиг голоороо сууж өгсөн байдаг хэдий ч энэ нь адуу бүрд давтагдаад байх нь ховор байдаг.

Сүүн шүд нилээд элэгдэж зарим шүд зууван хэлбэртэй болсон байна. Шүдний өнгөр нь дааган адууныхыг бодвол өнгөр сууж зарим хэсгээрээ шаралж, харласан байх хэдий ч энэ шинж тэмдэгийг гол ялгах үндсэн шинж гэж үзэх боломжгүй юм. Шүдлэнгийн шүд дааганыхыг бодвол хэмжээний хувьд арай том байдаг. 

Шүдлэн адууны шүдийг эгц урдаас нь харсан байдал

Шүдэнд адууны шүдэнд шүдний элэгдэл явагдаж эхлээгүй байдаг тул шүдний зуулт хэвийн жигд байдаг ч зарим шүдлэн адуунд шүдний зуулт нь дундуураа зай, они гарч голын шүднүүд нь суулт өгч эхэлсэн байх нь байдаг. Манай малч ардын дунд  дааганд нь дагь, шүдлэнд нь шүтэж, хязааланд нь хяна гэсэн хэлц үг сургааль байдаг бөгөөд энэ нь цаанаа нарийн учиртай зүйл байх нь. Шүдлэн наснаас эхэлж сүүн шүд солигдох үйл явц эхэлж энэ нь өвөл хаврын хахир цагт явагддаг учраас шүд ургаж эхэлэх эмзэг үе байдагтай холбоотойгоор ийнхүү хэлц үг гарсан байж болох талтай байна. Шүдлэн адууны үүдэн шүд голын үүдэн шүднээс солигдож адуу идэш тэжээлээ хазаж, тасдахад голын үүдэн шүд их үүрэгтэй байдаг байна.

Шүдлэн буюу хоёр настай адууны үүдэн шүдийг хажуу талаас нь харуулсан байдал

Шүдлэн адууны захын үүдэн шүдний зуулт нь бүхэлдээ гадаргуу нь хүрэлцсэн байдаг энэ шинж тэмдэг нь даага адууны шүднээс ялгарах гол шинж тэмдэг болдог өөрөөр хэлвэл  захын үүдэн шүдгий зуулт хавирах гадаргуу нь бүрэн нийлсэн байдаг. Захын үүдэн шүдний зуулт нь дааганд гурвалжин үүсгэсэн зайтай байдаг бол шүдлэн адуу нь бүрэн ургаж гүйцсэн байдаг учраас зуулт нь ямар нэг зайгүй бүрэн нийлсэн байна.

Шүдлэн буюу хоёр настай адууны цөгцийг харуулсан байдал

 Шүдний цөгцний хувьд нарийн сайн ажиглавал морфо тогтоцын хувьд үл ялиг ялгаанууд байдаг. Гол ялгаа нь үүдэн шүдний захын шүд нь цөгц бүрэн ургаж дүүрэх янзтай болж ирэх ба цөгцний зураа нь бөөрөнхийдүү болж ирсэн байдаг. Дааганы шүдтэй харьцуулахад захын үүдэн шүднээс бусад голын үүдэн шүдний цөгцөнд хар зураа үүсэж тэр нь дааганы шүднээс илүү тод харагдна. Шүдлэн насны адууны захын үүдэн шүдний цөгцний ургалт даага насны адууг бодвол харьцангуй дүүрч ирсэн байдаг.

МУ-ын зөвлөх  мал зүйч, ХААУ-ны доктор Д.Зоригтбаатар

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна