Морьтон Монгол түмний цог хийморийн их шүтээний шав тавих ёслол боллоо

Сэтгүүлч
2021 оны 5-р сарын 27 -нд

Бурхан багшийн их дүйчэн өдөр, зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн энэ өдөр Хүй мандлын торгон ногоон дэнжид “Морьтон Монгол түмний цог хийморийн их шүтээн” үндэсний төслийн шав тавих ёслол боллоо.



Ёслолыг нээж, МУСГЗ, түүхийн ухааны доктор, хурдан морь судлаач А.Баярмагнай үг хэлсэн юм. Тэрбээр “Их эзэн Чингис хаан маань алс холын аян дайнд мордох, замд гарах, их үйл хэрэг эхлүүлэхдээ өнөөдрийн улаан тэргэл өдрийг сонгон авч байсан. Манай төслийг санаачлагчид, уран бүтээлчид маань ч бэлгэшээлийг нь бодон энэ өдрийг сонгожээ. Бидний зогсож буй энэ газарт Монгол төрийн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан сүүлийн 200 гаруй жил зохион байгуулагдаж ирсэн. 1778-1920 он хүртэл, 2002 оноос өдийг хүртэл энд зохион байгуулагдаж байна.

Монголын шилдэг хурдан морьдын, төрийн түмэн эхүүдийн тоос босч, туурай тачигнаж байсан ийм өлзий дэмбэрэл нь бүрдсэн газар. Өөрөөр хэлбэл, Монголын хурдан морины уралдааны алтан цэг энэ юм. Морьтон Монгол түмний цог хийморийн их шүтээн босгох төслийг залуучууд маань санаачлаад, өнөөдөр ийнхүү шаваа тавьж байна. Дэлхий дээр морьтой хөшөө 200 орчим байдаг гэсэн. Харин манай залуучуудын урлаж буй хөшөө эдгээр 200 орчим хөшөөний айргийн тавд давхихаар байна” хэмээн ярилаа.

Нээлтийн үеэр тус төслийн багийн гишүүн болон ерөнхий барималчтай ярилцлаа.

Төслийн ерөнхий барималч Н.ЦОГМАГНАЙ:

-Энэхүү цогцолбор нь миний ажиллаж буй хамгийн том бүтээлүүдийн нэг. Зохиомжийн хувьд морин туурайгаар дэлхийг тамгалж байна гэсэн утгатай, адууны тамганы хэлбэртэй, ерөнхий төгс гурвалжин бүтэцтэй, тэнгэр рүү тэмүүлсэн дүрслэлтэй. Доод хэсгийг нь сайн харвал дэлхийн талыг морин туурайгаар тамгалсан гэх утгаар дэлхийн дөрвөн тивийг оруулсан бол дээр нь бар, нохой, цагаан шонхор, чоно гэсэн дөрвөн ивээлт амьтныг шингээсэн. Материалын хувьд хөшөө хийхэд хамгийн тохиромжтой, хэдэн зуун жил ч чанараа алддаггүй хүрэл цутгуурыг ашиглаж байна. Үр хойчдоо өвлүүлэн үлдээх тул материал сайн байх ёстой шүү дээ. Харин онцлог нь гэвэл энэ бүтээл дээр Монголын цуут хурдан хүлгүүдийн дүрс орж байгаа. Мөн Ардын хувьсгалын 100 жилийг бэлгэдэж, 100 гаруй тамганы дүрс орж байна. Ингэхээр 200 гаруй деталь хэсгээс бүрдэнэ. Монголд ийм олон жижиг деталь хэсгүүдээс бүрдсэн хөшөө ховор.

Төслийн багийн гишүүн О.ЭРХЭМБАЯР:

-Энэхүү төслийг морьтны соёлын зүтгэлтэн залуучууд санаачлан, жил гаруй судалгаа шинжилгээний ажил хийсэн. Шүтээний маань гол зорилго, агуулга нь өвөг дээдсээс өвлөсөн Монгол морьтны өв соёлоо хайрлан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршино. Нутаг нутгийн хурдан хүлгүүд энд улсын цэнгэл баяр наадамдаа ирж уралддаг мөн Монгол төрийн баяр наадам зохион байгуулагддаг учраас "Хүй долоон худаг"-ийг сонгосон. Олон түмэн адууны туурай завсаргүй гишгэгдсэн тул энэ газрыг ариун дагшин газар гэж үздэг.

“Морьтон Монгол Түмний Цог Хийморийн Их Шүтээн”-ий талаар товч мэдээлэл:

  • Монголчууд дэлхийн талыг эзлэхэд гайхамшигт үүрэг гүйцэтгэсэн хүлэг эрдэнийн алтан туурай тэнгэрээс буун дэлхийг тамгалж, тэнгэр газрыг холбосон 18 м өндөр ерөнхий зохиомжид оршино.
  • Орой хэсэгт Морьтны их өв соёл, Монгол төрийн наадам мөнхөд мандан бадрахыг бэлгэдэж, Төрийн сүлд алтан соёмбыг шүтээний оройд дээдлэн зална.
  • Энэхүү шүтээн цогцолборын нэг чухал бүтэц нь тамгат хэсэг юм. Энэхүү хэсэг нь 11 м өндөр, 108 тамганаас бүтэх юм.
  • Мөн шүтээн цогцолборт Монголын шилдэг сайн хүлэг морьдын дүр төрхийг товойлгон урлана. Монгол наадмыг бүрдүүлж, Монгол бахархлыг асааж, бадрааж байдаг “Төрийн түмэн эхүүд” ийнхүү урлагийн бүтээлд мөнхрөн, цагийн цагт домог болон яригдсаар байх болно.
  • Үндсэн суурийн дээд хэсэгт дэлхийн бөмбөрцөг оршино. Энэ хэсэгт монголчууд морьтойгоо дэлхийн хуурай газарт байгуулсан түүхэн үйл явдлыг харуулсан бүрэн дүрслэлийг дэлхийн бөмбөрцөг дээр хагас товойлгон, уран баримлын релеф хэлбэрээр бүтээнэ.
  • Шүтээний доод хэсэгт Төрийн сүлд шонхор, Эрийн хийморь чоно, Адууны ивээл жил, амьтдыг домгийн дүрээр бэлгэдэн шүтээний хамгаалагчаар дүрсэллээ.
  • Шүтээнийг Монголын шилдэг залуу уран барималчид урлаж, уран дархчуудын нэгдэл Монголдоо хүрэл цутгуураар бүтээнэ.



0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна