Хамаг Монголын өвгөн ноён

Сэтгүүлч
2021 оны 9-р сарын 06 -нд

Гурван жилийн өмнө уулзан, ярилцаад, түүнийгээ нийтэд хүргэхэд нутгийн нэгэн залуу "Халзан сумын Өвгөн ноён" гэсэн гарчиг дор хуваалцсан байж билээ. Түүний тодорхойлолт зөв бас буруу байсан. Зөвтгөх нь тэр Халзан сумынх, түүний адуу сум орон нутагтаа түчээлэн түгсэн.

Хөх Сэрээтэр, түүний хүү Жамьяншарав нар монгол адууны хурдлах чадварыг сайжруулахад ихээхэн анхаарч, хөрөнгө мөнгө, зүрх сэтгэлээ харамгүй зориулсаны үр дүн юм.
Буруу нь гурван үеийн /Жамьяншарав гуайн үр хүүхдүүд/ уяачдын цогцлоон бий болгосон адуу дан ганц Халзангаар тогтохгүй Сүхбаатар аймгийг тэр чигт нь цаашлаад зүүн талыг бүхэлд нь, улс монголыг хэсэгчлэн сүлж, хангай говь, халуун хүйтэн, хатуу зөөлнийг ажралгүй уралддаг төрмөл хурдууд гэдгээ нэгэнт баталсан. Тиймээс тэр Халзангийн бус 20, 21 зууны, хоёр дахь Өвгөн ноён болж чадсан юм.
Яагаад ийм бардам хэлж байна вэ гэхээр сэтгүүлч миний бие 2012 оноос эхлэн сүүлийн 10 жил Монгол орныхоо аймаг, сумдыг тойрч, давхардсан тоогоор 20 гаруй мянган уяачтай уулзаж ярилцсан байдаг. Тэдний нэлээд нь "Халзангийн Сэрээтэрийн Жамьяншаравын адууны угшилтай" гэдэг өгүүлбэрийг хэлдэг. Алс холын баруун хязгаар Ховдоос эхлээд өмнийн цэнхэр говь, өргөн талт зүүн аймгуудад энэ өгүүлбэрийг олонтаа сонсон бахдаж суусан учир ийнхүү итгэлтэйгээр өгүүлж байна.
Хөх хэмээх Шагдарын Сэрээтэр, түүний хүү Сэрээтэрийн Жамьяншарав нар бол зүүн талд хурдны үрийг тарьж, ургацаар нь улс Монголоо цэнгүүлсэн сайн уяачид, шилдэг үржүүлэгчид юм. Тэдний цоглоон бий болгосон адуун сүргээс төрийн наадам хийгээд бүсийн уралдааны түрүү хүлгүүд олноор төрснийг хурдан морь сонирхогчид хэлүүлэлтгүй мэднэ.
Тиймээс тэр бол Халзангийн бус хамаг Монголын өвгөн ноён
Тантай уулзан учирч, хүүрнэн сууснаа их хувь хэмээн залбирнам.
Та минь
Хөх тэнгэрийн орон Монголдоо
Хурд хурсан Халзандаа
Хайрлан дээдэлдэг үрсдээ
Хурдан буцаж ирээрэй
Ум ма ни бад ми хум

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна