ШҮДЭЛГЭЭГЭЭР 7, СЭРВЭЭНИЙ ӨНДРӨӨР 92, БҮРТГЭЛГҮЙ 5 ХЯЗААЛАН ХАСАГДЖЭЭ

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 10 -нд

Хязаалан насны морьдын уралдааны талаар салбар хорооноос мэдээлэл хийлээ. 

Засгийн газрын 2022 оны 257 тоот тогтоолоор баталсан “Хурдан морь уралдуулах дүрэм”-д зөвхөн сэрвээний өндрөөр уралдуулах шийдвэр гарсан. Энэ дагуу уралдах морьдыг тусгай технологийн дагуу лазер метр ашиглан сэрвээний өндрийг хэмжсэн. Морь шүдлэх, морь хэмжих үйл ажиллагааг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан үзүүллээ.

Хязаалан насны морьдын уралдаанд нийт 411 морь бүртгүүлж, 306 морь барианы зурхай руу хөдөлсөн. Шүдэлгээгээр 7, сэрвээний өндрөөр 92, бүртгэлгүй 5 үрээ хасагдсан. Уралдааны явцад 2 хүүхэд мориноос унасан, бэртэл гэмтэлгүй.

  • Эхний хэдэн морьд бөөндөө ороод ирлээ. Морь бариан дээр Пүрэвдоржийн хээр түрүүллээ гэж зарласан.  Яаж дүнг гаргасан бэ?
  • Мэдээж бичлэг үзсэн. Үүнээс өмнө хоёр уяачид Засгийн газрын 2022 оны 257 тоот тогтоолоор батлагдсан “Хурдан морь уралдуулах дүрэм”-ийг танилцуулсан. Уг дүрмээр “Цагаан зураасан дээр цуг орж ирсэн бол хошуу нь түрүүлсэнийг түрүү мориор барина. Хэрэв хоёул хошуу зэрэгцсэн тохиолдолд зөв талын морийг түрүүлснээр авна” гэж заасан. Иймээс уяачдад дүрмийг танилцуулж, бичлэгийг нь үзүүлж шийдвэр гаргалаа. Энд ямар нэгэн маргаан байхгүй.
  • Зөвхөн сэрвээний өндрөөр хэмжсэн үү?
  • Засгийн газрын 2022 оны 257 тоот тогтоолоор батлагдсан “Хурдан морь уралдуулах дүрэм”- ээр зөвхөн сэрвээний өндрөөр уралдуулна гэж зааснаар сэрвээний өндрийг л харсан.
  • Энэ нь хуулиа зөрчиж байгаа хэрэг юм биш үү?
  • Үндэсний их баяр наадмын тухай хууль шинэчлэн батлагдсан. Энэ хуулиар монгол стандартад нийцсэн адуу уралдана гэж заасан. Хуулийн тодорхой үечлэлийг зааж өгсөн. 2025 оны 6 сарын 1 хүртэлх хугацаанд ХАА асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох ХААЯ, морины мэргэжлийн холбоод хамтраад монгол адууны стандартыг гаргах ёстой. Энэ хүртэл буюу 2025 оны 6 сарын 1 хүртэлх хугацаанд энэ зарчмаараа уралдана. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна