Азарга 283 бүртгүүлж, 202 нь гараа руу хөдөллөө

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 11 -нд

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд газар газраас цугласан 283 хүлэг бүртгүүлж, гарааны зурхай руу 202 нь хөдөлжээ. Адуун сүргийн манлай азарганы уралдаанд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн  улсын бүсийн наадмын таван түрүү, зургаан айргийн эзэн хурдан хээр, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн  улс наадмын хоёр, Их хурдын нэг, бүсийн уралдааны таван айргийн эзэн Ажнай цавьдар, Монгол улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын охин Х.Аминхишигийн улс, бүсийн уралдааны дөрвөн түрүү, нэг аман хүзүүний эзэн Цолмон халзан, Манлай уяач Гончигбатын Батболдын улсын наадмын нэг, бүсийн наадмын хоёр түрүүн эзэн цуут хурдан Хүннү халтар, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Монгол улсын Алдарт уяач Н.Баттөмөрийн улсын наадмын нэг, бүсийн уралдааны хоёр айргийн эзэн хонгор, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Нийслэлийн Алдарт уяач Д.Даяндэмид улсын наадмын нэг түрүү, нэг айраг, бүсийн уралдааны нэг айргийн эзэн Нарт хонгор, Төв аймгийн Баян сумын уугуул Манлай уяач Б.Нямжавын Их хурдын нэг түрүү, улсын наадмын нэг түрүү, бүсийн уралдааны хоёр айргийн эзэн хээр, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул П.Батсайханы улсын наадмын нэг айраг, бүсийн уралдааны нэг түрүүн эзэн Титэм халзан зэрэг энэ цагийн цуут хүлгүүд бүртгүүлжээ. Мөн шигшмэл морьдын "Их хурд-4" уралдааны түрүү Завхан аймгийн Яруу сумын уугуул, аймгийн Алдарт уяач  Ц.Баянжаргалын Магнай халтар азарга 191 дугаартай бүртгүүлжээ.

А.Чимэг


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна