“АПУ” ХХК-ийн Ерөнхий захирал П.Батсайхан: Адуун сүргийн манлай азаргаар сайхан нааддаг

Сэтгүүлч
2022 оны 7-р сарын 11 -нд

Өчигдөр Тогоруу зээрд шүдлэнгээ түрүү магнайд хурдлуулж, амжилтын салхиа хагалсан П.Батсайхан уяач өнөөдөр Титэм халзан азаргаа айргийн гуравт хурдлуулж, тэнгэрт байгаа ахыгаа, түмэн олноо цэнгээн хөгжүүллээ.Адуун сүргийн манлай азаргаар одтой наадагч хийморилог эрхмээс баярын сэтгэгдэл хуваалцсанаа хүргэж байна.

-Төрийнхөө их цэнгэлд адуун сүргийн манлай азарга айрагдуулсанд баяр хүргэе.

-За баярлалаа.

-"Шунхлай" удмын адууг үндэслэгч ах дүүс үнэхээр хурдан адууны хийморьтой юмаа хэмээн бодож байна.  Таны ах улсын наадамд дээд гурван нас түрүүлгэсэн цор ганц уяач шүү дээ. 

-Тиймээ ах маань  21 дүгээр зуун гарсаар дээд гурван насны морь  түрүүлгэсэн цөөхөн хүмүүсийн нэг болсон. Миний хувьд 1995 оноос эхлэн ахыгаа дагаж морь уяж байна.  2020 онд Тэнгэрийн хээр азарга маань төрийн наадамд аман хүзүүнд хурдалж байсан бол өнөө жил Титэм халзан азарга маань айргийн гуравт хурдаллаа. Баяртай байна. 


-Адуун сүргийн манлай азаргыг илүүтэй хурдлуулдаг юмаа даа. Гуулин зээрд хэмээх цуут хурдан хүлгээр нэгэн үе сайхан наадаж байсан. 

-Тиймээ. Тэгж ойлгож болохоор юм байна. Адуун сүргийн манлай болсон азарга болон уяачийн эрдмийг шалгадаг их насны мориндоо илүүтэй ач холбогдол өгдөг. Ихэнх уяачид тэгдэг байх. Гуулин зээрд азарга маань  хязаалан, соёолондоо айрагдаж байсан.  Үүнээс гадна хул даага, Тогоруу зээрд шүдлэн маань төр түмнийхээ их цэнгэлд айрагджээ. 

-Хурдан морь сонирхогчдын дунд Шоу халзан нэрээрээ алдаршсан халзан азарга хэзээнээс Титэм нэртэй болсон юм бэ? 

-Шоу халзан гэдэг бол Монголын ард түмний өгсөн нэр. Харин Титэм халзан нэрийг би өгсөн. Уг нь Шоу халзан гэдгээс өмнө өгсөн нэр л дээ. Миний хувьд түрүү хүлгийн титмийг олонтаа хүртэх болтугай гэсэн утгаар бэлгэшээн ийн нэрийдэж байсан юм. 

-Даваахүү Тод манлайн хэлсэнчлэн эхнээсээ л зөв байвал тэр жилдээ дандаа зөв байдаг гэдэг үнэн бололтой. Ижий тань  наадмын өмнөхөн Төрийн дээд шагнал хүртсэн. Өдгөө хүү нь одтой сайхан наадаж байна. 

-Ээж минь насаараа багш хийсэн хүн. Энэ жил 80 нас хүрч байгаа. Сая Монгол улсын Гавьяат багш цолоор энгэрээ мялааж их баярласан. Өчигдөр хүүгийнх нь шүдлэн түрүүлж, өнөөдөр азарга айрагдаад хөл хөнгөн, сэтгэл өөдрөг байна. Миний хувьд ч гэсэн үр хүүхэд биднийхээ төлөө үргэлж  санаа тавьж,  морь уяхад цуг догдлон мааниа уншиж суудаг ээжийгээ баярлуулсандаа баяртай байна.  




-Энэ жилийн баяр наадам шинэ хууль, дүрмийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа. Наадмын зохион байгуулалтын тал дээр ямар бодолтой байгаа вэ? 

-Хүмүүсийн сэтгэгдлийг сонсвол дажгүй болж байгаа бололтой. Гэхдээ улам сайн болгож , илүү төгс хийхийг хичээх хэрэгтэй  гэж бодож байна. Өнөөдөр азарган дээр хэмжилтийн дэлгэц ажилласангүй. Уг нь  тэрийгээ ажиллуулаад бүгдээрээ харж байгаад уралдуулсан бол  хар сэргүй илүү сайхан болох байлаа. Цаашдаа анхаарах бизээ.



-Ярилцсанд баярлалаа. Дараа дараагийн уралдаануудад нь амжилт хүсье.

-Баярлалаа.

 А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна