МУ-ын Манлай уяач С.Эрдэнэбат: Нийлж сунгаагүй учраас баримжаалах аргагүй байлаа

Сэтгүүлч
2022 оны 9-р сарын 09 -нд

Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, Тод манлай уяач Дамбын Хишигжаргалын Цолмон халзан азаргыг улсын наадам болоод шигшмэл морьдын “Их хурд-9” уралдаанд айрагдуулж, хангайн бүсийн уралдаанд Ч.Махбалын халтар азаргыг түрүүлгэсэн Манлай уяач Саашкагийн Эрдэнэбаттай цөөн хором ярилцан наадмын сэтгэгдлийг хуваалцлаа.

 -Уяачдын хамгийн их хүсэн хүлээж байсан АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадамд адуун сүргийн манлай азарга аман хүзүүнд хурдлууллаа. Баяр хүргэе.

-Баярлалаа. Ойрын хоёр жил ковидын хоригоос болоод баяр наадам болсонгүй. Энэ жилийн наадам хүлээлт өндөртэй, сайхан болж өндөрлөлөө. Дээр нь азарга маань аман хүзүүнд хурдалсан болохоор бүр ч их баяртай байна.

-Тэгш ойн баяр гэдгээрээ илүү ач холбогдол өгсөн болов уу?

-Хүн болгон дорх бүрнээ хичээн бэлдэж, нас болгон өтгөн мордлоо шүү дээ.

-Олон морь мордуулав уу?

-Миний хувьд гурван азарга мордуулсан. Нэг нь аман хүзүүдэж, нөгөө нь наймд, гурав дахь 11 -д хурдаллаа. Бусад насны морьд арав, хорь гаргаад давхилаа.

-Зам цагаан мэнд сайхан нааджээ.Энэ жилийн тухайд уяачид сунгаа нэгдээгүй. Тиймээс морьдын баримжаа авах аргагүй байлаа гэх юм. Санал нэгдэх үү?

-Тэгсээн. Урьд жилүүдэд нийлж сунгаад морьдынхоо баримжааг үзчихдэг байсан бол энэ жил тэгээгүй. Олон морь уяад зам дээрээ багтахгүй байсан учраас нийлүүлэх аргагүй байсан юм. Тэгэхээр баримжаалах аргагүй байлаа. Манайх гэхэд Хэнтий аймгийн Дархан суманд морьдоо уяж, Мөнхбат Тод манлайнхантай сунгасан. Өөр бусад уяачдын морьдтой нийлүүлээгүй.


-Шинэ дүрмийн хүрээнд зохион байгуулагдсан анхны наадам. Дүрэм биеллээ олохдоо хүндрэл дагуулж байна уу?

-Үүлдэрлэг байдал харна гэхээр л маргаан дагуулдаг. Түүний оронд ингээд хэмжээд уралдсан нь дээрээ. Гол нь хэмжээгээ яс баримтлах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ахиад маргаан дэгдэнэ.

-Улсын наадмын дараа Хэнтий аймгийг зорьж "Их хурд" уралдаанд азаргаа айрагдуулсан. Энэ наадмын тухайд ямар бодолтой байгаа вэ?

-Зам жаахан хэцүү юм билээ. Ховил мушгиа ихтэй, адууны хөлөнд халтай санагдсан. Бусдаар гайгүй дээ. Дэлгэрхааны Хөдөө аралын зам дажгүй, сайхан шүү дээ. Дараагийн удаа анхаарахад илүүдэхгүй байх.

-Манлай аль бүсийн уралдаанд оролцсон бэ?

-Баянхонгор болон Хөвсгөлд наадсан. Баянхонгорын 80 жилд улсад 11-ээр давхисан  Ч.Махбалын халтар азарга түрүүлсэн. Хөвсгөлийн бүсээс хоёр түрүү, дөрвөн айраг хүртлээ. Хөвсгөлийн наадам харин дажгүй сайхан болсон шүү.


-Танайхан гал уяаны системд орсон уу?

- “Дөрвөн уулын хурд” гал уяа гэж явдаг. Манай галд Ч.Махбал, Ч.Хишигбаатар, Д.Хишигжаргал, Х.Улам-Өрнөх, Г.Мөнгөнхуяг, Од, Хуягаа, Чимэддорж нарын уяачид хамрагддаг.

-Энэ зуны уралдаануудын амжилтаар цол нэмэх болзол хангасан ямар уяачид байна вэ?

-Х.Улам-Өрнөх Манлай уяач болох байх. Ганц айраг дутуу байсан юм. Сая Хөвсгөлд шүдлэн үрээ түрүүлгээд болзлоо биелүүлсэн.


-Хоёр манлай уяачтай гал болох нь ээ. Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

-Баярлалаа.

А.Тэлмэн

 

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.