УРАЛДААНЧ А.БАТГЭРЭЛ: ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ОРОХ МӨРӨӨДӨЛ МААНЬ БИЕЛЖ БАЙНА

Сэтгүүлч
2022 оны 10-р сарын 10 -нд

АХ-ын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд хээр халзан соёолонгоо аман хүзүүнд хурдлуулсан Амарсайханы Батгэрэл хүүгийн хэвлүүхэн яриаг  уншигч танд хүргэе. 

-Баяр хүргэе ээ. Өөрийгөө бидэнд танилцуулна уу?

-Баярлалаа. Намайг Амарсайханы Батгэрэл гэдэг. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дунд сургуулийн тавдугаар ангид сурдаг. Уралдаанчийн хувьд гэвэл гурав дахь жилдээ хурдан морь унаж байна.

-Хаагуур хаагуур наадаж байв даа.

-Хөвсгөл аймагтаа л уралдаж байлаа. Энэ удаад анх удаа улсын наадамд ирж оролцлоо. Сайхан санагдаж байна.

-Аймаг, улсын  наадмын уралдаанууд ялгаа их байх юм уу?

-Мэдээж улсын наадамд олон хүн цуглаж, олон морь уралддаг юм байна аа. Бас бай шагнал нь өөр.

-Олон морь уралдахад сүрдэв үү?

-Жаахан л ...


-Уралдааны замд юу бодогддог вэ?

-Унаж байгаа морь бүр өөр өөрийн араншинтай. Энэ удаад дарж уралдах ёстой шүү л гэж бодлоо.

-Айрагт багтлаа гэдгээ мэдэх. Яг энэ мөч их гоё байх даа.

-Тэгэлгүй яах вэ. Үнэхээр гоё юм байна. Гэхдээ барианы цагаан шугамыг давах хүртэл тайвшрах аргагүй санагдсан.

-Өдөр Төв цэнгэлдэхэд орж цоллуулах нь байна шүү дээ. Яаж төсөөлж байна вэ?

-Улсын наадамд морь унах болсноос хойш Төв цэнгэлдэхэд орж үзэх сэн гэж мөрөөдсөн. Энэ мөрөөдөл биелэх болсонд догдолж байна.

-Өчигдөр унтаж чадав уу?

-Наадмын өдрүүдэд унтаж амарна гэдэг хэцүү. Догдлоод нойр хүрдэггүй юм.

-Ээж аав нь хаана амьдарч байна вэ?

-Ээж аав аймгийнхаа төвд амьдардаг. Аав маань морь уядаг байсан ч одоо больчихсон.

-Чи аавынхаа уясан морийг унах уу?

-Үгүй ээ. Агаа л унаж уралддаг байсан. Аав сумын Алдарт уяач цолтой.

-Аавын нь уясан ямар морьд хаана уралдаж байсан бэ?

-Манайх нэг хурдан хээр азарга байгаад зарчихсан. Одоо төлүүдээс нь манай адуунд бий.

-Чи морьдоосоо ямрыг нь унах дуртай вэ?

-Агаагийн хурдан хонгор үрээг унах гоё байдаг юм аа.

-Том болоод ямар мэргэжилтэй  болъё гэж бодож байна вэ?

-Уяач болно доо.

-Уяач гоё уу?

-Гоё байлгүй яах вэ. Тэр тусмаа уясан морь нь түрүүлж, айрагдах бүр ч гоё.

-Одоо даага уралдана. Унах уу?

-Энэ удаад наадам дуусч байна. Даага унахгүй.

-Ярилцсанд баярлалаа. Сайхан наадаарай.

-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. 

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна