“Алдартуудаа алдаршуулъя” арга хэмжээнээс...

Сэтгүүлч
2023 оны 2-р сарын 15 -нд

Тээр хойно... Арав хоногийн дараа  ч болох нь ээ хоёр үг холбохгүй бол санаа амрахгүй биз.

Хэнтий аймгийн “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны санал санаачлагаар хийгдэж буй ажил цөөнгүй. Тэр болгоныг мэдээлэх үүрэгтэй ч заримд нь хүрэлцэлгүй өнгөрөөсөн удаатай. Хавар сум тус бүрийн шилдэг уралдаанч хүүхдүүдээ цуглуулан, санаа бодлыг нь хуваалцан,зөвлөлдсөн. Түүний дараа аймгийн бүсийн болон “Шигшмэл хурд” уралдаануудаа зохион байгууллаа дуулдсан. Тэгж байтал гурван жил тутмын шигшмэл хурдан морьдын “Их хурд-9” уралдааныг хаадын өндөр дов Хан Хэнтий аймагт зохион байгуулж, Сэцэн ханчууд хэдэн өдөр нүд сэтгэл баяссан юм.

Хэсэг амсхийгээд Д.Онон, О.Батбилэг, Т.Батзориг нарын энэ цаг үеийн илэрхийлэл болсон Тод манлай уяачдын адуун сүргээр зочилж, аргамаг хүлгүүдийг нь шинжингээ, арга туршлагаас нь хуваалцлаа дуулдсан.

Төд удалгүй салбар холбоодын дунд спортын гурван төрөлт шилжин явах цомын төлөөх тэмцээнийг зохион байгуулж, залгуулаад шилдэг хурдан морь цоллоочдыг тодруулан, шүлгийн уралдаан ч зарлаад амжив.

Тэгж байтал оны сүүл залгаж, шилдгүүдээ тодруулж, урлаг уран сайхны арга хэмжээгээр уяачдаа хөгжөөгөөд авсан байна лээ.

Харин оны дараахнаас “Хэнтий аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан аймгийн МСУХ Алдарт уяачдадаа хүндэтгэл үзүүлнэ” хэмээсэн нь 2-р сарын 5-ны ням гарагт биеллээ олов.

“Алдартуудаа алдаршуулъя” ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд улс, аймгийн цолтой 200-гаад уяач хамрагдаж,  нэгэн өдрийн хөөр хөгжөөн дүүрэн өнгөрөөлөө.

Арга хэмжээ өглөө зураг авалтаар эхэлж, үндэсний бөхийн барилдаанаар үргэлжилсэн. Улс, аймгийн цолтой 32 бөхийн барилдааны дундуур төрийн дээд шагнал хүртсэн уяачдад УИХ-ын гишүүд болон аймгийн Засаг дарга, “Сэцэн ханы хүлэг” МСУХ-ны тэргүүн шагнал гардуулахын зэрэгцээ сумдын төлөөлөл Алдарт уяачдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болсон юм.

Төрийн наадам хийгээд аймаг, сумынхаа наадамд хүлэг морьдоо уралдуулж, түмэн олноо цэнгүүлдэг Алдарт уяачдыг хурдан хүлгийн судар, хусуурын хамтаар мялааж, Ардын жүжигчин “Чингис”-ийн хэмээх Д.Жаргалсайхан, дуучин СТА Э.Төрмандах, Танхай Ерөөлч Б.Пүрэвсүх нарын одууд мэндчилнэ лээ.

Бөхийн барилдааны дараа оройн зоог хүндэтгэлийн хүлээн авалт болсон. Хан Хэнтийхэн чинь яасан ч айхтар цэцэн цэлмэг юм. Дуу өсгөгч аваад үг хэлж буй бүхэн нэг тийм голчтой үг хэлчихээд байсан.

Зохион байгуулалт сайтай, зочдодоо хүндэтгэл, талархлыг мэдрүүлсэн тул тэр хэмжээгээр үйл ажиллагаа халуун дулаан найрсаг болж, ууган аймгийнхан, уриалгахан, зүтгэлтэй, сэтгэлтэй, уяачдын холбоо нь  санаачлагатай,  сайшаалтай юмаа гэсээр бид нутгийн зүг жолоо залсан юм. 

А.Тэлмэн

1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • 192.82.81.193

    Улс орны хөгжилд яг яаж нэмэр болсон юм бол доо. Морь уях нь ашиг ооох бизнесс шүү дээ. Бөх бас яг юу хийж бүтээв дээ. Үндэсний бөх барилддаг 7 мянган ажилгүй том цүнх үүрсэн иддэг баадаг залуу байна энэ улсад чинь. Наад нэг балай юмаа одоо боль.

    Reply