Мөнхийн Данзанням сан байгуулагджээ

Сэтгүүлч
2023 оны 3-р сарын 20 -нд

"Сэцэнхан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошууны баруун Чойрын Ловон отгийн малчин ард Амгалангийнд 1896 оны нохой жил хоёр ихэр хүү төржээ. Тэднийх жирийн л нэг бор айл байв. Төрөөд хоёр хоноод байтал тэднийд ногоон дээлтэй, хоёр хар морьтой огт танихгүй хүн бууж. Тэр хүн орж ирээд "танай хоёр ихэр хүүхдэд нэр өгөх гэж ирлээ" гэж. Ирсэн зочныг хүндлээд л, хэмжээндээ цайлж дайлаад л үгийг нь сонсож л дээ. Тэр хүн “за хоёр хүүд Галт, Цогт гэж нэр өглөө. Эд нар есөн үеэрээ сайн сайхан явна аа ” хэмээн айлдаж. Ирсэн хүнийг уяан дээр дагаж очин моринд нь мордуулан гаргаж өгч л дээ. Гэтэл өнөө хүн мордож хэд алхуулаад л харагдахгүй болчихсон гэдэг. Түүнийг одоо хүртэл “лус хүрч ирээд нэр өгөөд яваад өгсөн” гэцгээн удам дамжин ярьсаар байдаг.

Энэхүү үйл явдал одоогийн Төв аймгийн Баянцагаан сумын нутагт болсон байв. Өнөөгийн Баянцагаан суманд Галтынхан гэдэг нь МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, Зууны Тод манлай уяач Д.Даваахүүгийн талынхан, Цогтынхон гэдэг нь улсын начин “цагаан” Бадарчийн талынхныг хэлдэг аж. Эрт дээр үеэсээ Баянцагааны настнууд эднийхнийг “лусын даалттай” гэж ярьдаг нь үүнтэй холбоотой байсан хэрэг. Амгалангийн ихэр хоёр хүү Галтынхан, Цогтынхны удам сайн сайхан явдаг нь ч үнэн ажээ. Эдний удамд бусдаас ялгаатай бахархам онцлог, онцгой сонин зүйл олон бий.
Зөвхөн монгол үндэсний морин уралдааны түүхэнд монгол төрийн наадамд гурван үеэрээ азарга түрүүлгэсэн нь ХХ зуунд Хардэл жанжин бэйсийнх, дараагийнх нь Галтынхны удам болж байгаа юм. Тодруулж хэлбэл, Мөнхийн Данзаннямын “Ажнай” хүрэн, Данзаннямын Даваахүүгийн “Цолмон” халтар, Даваахүүгийн Баянбатын “Наран” хонгор азарганууд төрийн наадмын түрүү магнай түмэн эхүүд билээ. Үндэсний морин уралдааны өв их соёлын гайхамшгийг зуун дамжин алдаршуулсан гурван үеийнхний адуун тэнгэртэй амьдрал түүхийг сургаал хэмээн хүндлэн залмой..."
"Сэцэн ханы хүлэг" МСУХ-ны анхны тэргүүн Н.Санжаадорж ахын "Адуун хийморьтой тавилан" нийтлэлд ийм сонирхолтой хэсэг бий.
Барин тавин баталж, нотолж чадахгүй ч бас үгүйсгэх аргагүй. Харин Галтынхны удам Монгол төрийн наадамд гайхам амжилт үзүүлж, морин уралдааны түүхэнд тодоор бичигдэх гавьяатнууд болсон гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.
Энэ ураг удмын талаар сийрүүлэн бичвэл хэдэн ч өдөр сууж, хичнээн ч хуудсаар үргэлжилж мэднэ.
Тиймээс гол мэдээллээ хүргэе. Өнгөрөгч буюу 2023 оны 3-р сарын 17-ны баасан гарагт "Мөнхийн Данзанням" сан байгуулагджээ.


Морьтны соёлын их хүмүүн Мөнхийн Данзанням агсны үйл хэргийг үргэлжлүүлж, нийгэмд сайн сайхныг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий санг ач хүү, МУ-ын Манлай уяач Д.Баянбат тэргүүлэхээр болжээ.
Сангийн цаашдын төлөвлөгөө хийгээд санаачлан хэрэгжүүлж буй ажлын талаар бид мэдээлж байх болно.
Лусын даатгалтай их удмынханд амжилтыг ерөөж, нийгэм, нийтэд хүртээлтэй олон ажил хэрэгжүүлэхийг хүсье ээ.


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна