Их гүрний сүр эгэлгүй хурдан Хүннү халтар

Сэтгүүлч
2023 оны 6-р сарын 27 -нд

Дорнын талаас эхтэй

Домогт хурдан хүлэг

Ховдын цэнхэр хязгаарын

Хотолыг цэнгүүлж шуугиулсан

Сайхан дүрээрээ гайхуулж

Шандас хурдаараа огшуулж Адуунд хайртай эрсийн

Аньсагийг чийгтүүлж гэгэлзүүлсэн

Хурдан тэр ажнайг

Хүннү халтар хэмээдэг

Их гүрнээр нэрийдсэн

Илбэ шидийг хураасан

Эгэлгүй тэр хүлэг

Хоймор нутгаар овоглодог

Хурдан морь сонирхогчдын хайртай хүлэг ХҮННҮ халтар Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, Тод манлай уяач Түвдэнжаажидын Батзоригийн унаган адуу. Эцэг нь Ставрополийн морин заводын Либерал дуудлагатай халтар азарга, харин эх нь МУ-ын Алдарт уяач Тэрбишийн буурал азарганы төл буурал гүү юм. Энэ буурал гүүний эх нь Тод манлай уяач Д.Ононгийн Мөнгөн зээрд хэмээх гүү байдаг бөгөөд халтар азарганы эх талд Их салхин, Солонго цавьдар зэрэг морин тойруулгын хурдан азарганууд ордог билээ.

Удам сайт халтар үрээг анх таньж авсан хүн бол Ховд аймгийн “Алтайн унага” МСУХ-ны нарийн бичгийн дарга Доржийн Батхуяг юм. Зүүн талаас авчирсан  халтар хязаалан нь нэг жил зургаа түрүүлэн, сайн хүлэгт санаархдаг эрсийн харааг булаажээ. Хурдан халтарыг олзлон харж, онцгойлон тандсан эрчүүдийн нэг нь морь тайлбарлагч Б.Ганпүрэв. “Баруун хязгаарт баараггүй хурдан адуу байна” хэмээн сайн санаж явдаг ахдаа дуулгаж, хүлэг эзэн хоёрыг учруулсан байдаг. Монгол орны төв цэгт төрийн наадамд хоёронтоо айрагдаж, баруун, зүүн бүсэд бахархалтайгаар түрүүлсэн ХҮННҮ халтар хэмээх цуут хүлгийн амжилт, алдрыг дурс юу.

УДАМ, УГШИЛ:

Эцэг: Т.Батзоригийн Либерал дуудлагатай халтар азарга   

Эх: Т.Батзоригийн буурал гүү. 


АМЖИЛТЫН ТОВЧООН:

2019 онд хязаалан: 

-Ховд аймгийн Жаргалант суманд болсон бооцоот уралдаанд түрүү 

-Ховд аймгийн Манхан суманд болсон аймгийн хаврын бүсийн уралдаанд түрүү 

-Ховд аймгийн баяр наадамд түрүү Баян-Өлгий аймагт болсон баруун бүсийн уралдаанд түрүү  

-Ховд аймгийн Булган суманд болсон Жангар наадамд түрүү 

-Ховд аймгийн шигшмэл хурдан хүлэг шалгаруулах уралдаанд түрүү 

2020 онд соёолон: 

-АХ-ын 99 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн гурав

2021 онд хавчиг:

-Дорнод аймагт болсон зүүн бүсийн уралдаанд түрүү

2022 онд долоотой:

АХ-ын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд айргийн тавд 

тус тус хурдалсан билээ.

А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна