Уяач Г.Боёв: Хээр азарга маань босоо төрсөн унага

Сэтгүүлч
2023 оны 6-р сарын 27 -нд

 Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавлиуд багийн харьяат, уяач Г.Боёв нь 1955 оны есдүгээр сарын 26-нд Ханбогд сумын нутаг Эх булаг хэмээх газар айлын ууган хүү болон мэндэлжээ. Тэр бол Эвлэлийн Төв хорооны “Залуу гавшгайч” медаль, АХ-ын 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, V, VI таван жилийн гавшгайч, ХАА-н Тэргүүний ханган нийлүүлэгч, 1995 оны аймгийн Аварга малчин, 2009 оны аймгийн сайн малчин нэгэн юм.

 -Содон нэр байна шүү.

-Намайг 1955 онд төрөхөд сумын эх баригч Намсрай гэж хүн боож авсан. Тэгээд надад Боёв гэж мундаг орос эмчийн нэрийг өгсөн юм гэнэ лээ.

-Тийм байх нь ээ. Та удам залгасан уяач гэв үү? Аавынхаа тухай бидэнд ярьж өгөөч.

-Тийм ээ, аавыг залгамжлаад би, намайг залгаад хүү маань морь уяж байна. Манай аав Жаалдүүгийн Гэндэн гэж хүн байлаа. Төрсөн оныг нь санахгүй юм байна. Ямартаа ч цэргийн албанд таван жил явж, Японы империалистийг ялсны “Бид ялав” медальтай дайчин явлаа.

-Таван жилийн цэргийг хаана хаасан юм бол оо.

-Сүхбаатар аймгийн Онгонд юм уу, зүүнтээ л хаасан. Хилийн заставт хаасан гэж ярьдаг байсан.

-Эцэг эхээсээ хэдүүлээ вэ?

-Аав эцэг эхээс гурвуул. Их эгч нь Сосорбарам, удаах нь аав байгаа юм. Жаалдүү гэж эмээгээрээ овоглодог байсан. Дүү Жаалдүүгийн Жамбал нь морь уядаг байлаа. Аавын аав их өндөр, нэлээн балгачихдаг, хунзач /наймаачин/ хүн байсан гэдэг. Бас хурдан морьтой байсан гэдэг юм аа. Санаанд орж байгаагаас нэг бор морьтой. Түүнийг наадамд од муутай гээд ганцааранг нь хаданд уячихдаг. Тэгээд хааяа нэг мордож давхиулж хөлсийг нь аваад, холхон газар сунгадаг. Яг их наадамд уралдааны морины хүүхдийн зураг духан дээр нь нааж уралдуулаад түрүүлгэсэн гэж ярьж байсан юм даг.

Харин бид бол эхээс наймуул. Аав ээж маань 1954 онд өрх тусгаарлаж, дараа жил нь би төрсөн. 1964 онд биднийг сургуульд суулгана гэж сумын төв орж, аав нэгдлийн мужааныг 5-6 жил хийсэн байх аа. Дараа нь ангийн барааны нягтлан хийж хоёр жил болов уу даа. Суманд бас 10-аад жил болоод, 1972 онд эргэж хөдөө гарч мал маллаж байгаад тэтгэвэртээ суусан.

-Ямар мал маллаж байв.

-Хонь малласан хүн. Аав маань аймгийн таван удаагийн аварга малчин. Ашиг шим, мал онд оролт гэхчилэн үйлдвэрлэлийн даалгаврыг жил бүр давуулан биелүүлж, ийнхүү хөдөлмөрөө үнэлүүлсэн нь бий.

-Хэзээнээс морь уясан юм бэ?

-Намайг 2-3 настай байхын л морь уядаг байсан. Аавын ухаа азарга сумандаа болон Манлайд тус тус түрүүлж байсан. Муруй Түдэв гэж өвгөнд “Миний ухаа азаргыг авч яваад уралдуулаад ир” гээд явуулсан нь ийнхүү түрүүлсэн гэсэн.

-Хаанахын адуу байсан юм бэ?

-Сайн мэдэхгүй байна. Ах өвгөн, аавын адуунууд нэг л дээ. Бодвол тэр ухаа азарга ахынх байсан болов уу. Түүний үр төлийг наадамд уяад түрүүлгэж л байсан. Мөн Сарт хүрэн морь нь суманд тавласан гэдэг ч оныг нь хэлж мэдэхгүй юм. Бас нэг харлаг морь байсан. Би унаж баг төв дээр хол тасархай түрүүлсэн ч их наадамд хадуурч чавхдаад, ойччихсон.


-Дүү нь бас морь уядаг байжээ, тийм ээ.

-Жамбал ах морь уяад Аварга уяач болж байсан байх шүү. Энэ Бадрах чинь охиных нь хүүхэд. Чинбаатар гэж бас морь уядаг.

-Таны ах дүү нараас уяач олон байна уу?

-Манайх дөрвөн хүү, дөрвөн охинтой айл. Бид дөрвөөс би л морь уяж байлаа. Өнөө хэд маань төвд амьдарсан улс. Миний дараах дүү трактор барина. Нөгөөх нь геологич, Улаанбаатар хотод амьдардаг. Дөрөв дэх нь энд нягтлангаар ажиллаж байна.

-Та морь уяад хэдэн жил болж байна даа.

-Дөрөвтэй морь унаж сураад, зургаатай уралдаж эхэлсэн. Дээр ярьсан харлаг морийг нэг жил унасан юм. Гэхдээ Чимид гэж хүн аавын морьдыг голчилж унадаг байлаа. Харин би ах өвгөнийхөө /Жамбал/ морьдыг 14 хүртлээ унасан. Тэгээд дөрвөн шийр цагаан, хар хээрлэг морийг нь аман хүзүүдүүлсэн. Тэгээд ухаа, Мөнхөөгийн хар гэж морьдыг унаж айраг, зургаа, долоогоор давхиулсан. Ямартаа ч арваас урагш л давхиулдаг уралдаанч явлаа.

-Түүнээс хойш...

-Баян-Овоо суманд долоодугаар ангийг төгсөж, МХЗЭ-ийн илгээлтээр 1971 онд хөдөө гарсан. Тэр үед чинь Их хурлын депутатууд “Хашир өвгөн малчид залуу малчингүй болох нь” гэж яриа хөөрөө хийж, улмаар илгээлтээр явцгаах болсон юм гэнэ лээ. Анхны жил нь ах өвгөнийдөө малчин болж, 1972 онд  аав “Хүү илгээлтээр малчин боллоо, хүүгээ дагана” гээд сумын төвөөс хөдөө рүү нүүсэн. Ингээд хамт малаа маллаж байгаад 1974 онд  цэрэгт татагдаж, Дорноговийн Сулинхээрт гурван жилийн албыг хаасан. Ирээд “Галбын хөгжил” нэгдэлд малчин болж, 1990 он хүртэл хонь малласан. Түүнээс хойш өнөө болтол хонио малласаар л байна.

-1995 оны аймгийн Аварга, 2009 оны аймгийн Сайн малчин юм байна. Энэ жил хэдэн мал тоолуулав.

-Тийм ээ. Мөн хоёр удаагийн мянгат малчин болж байлаа. Энэ жил 931 мал тоолууллаа. Манай говийн нөхцөлд олон малтай байх нь бэлчээрийн даац хүрдэггүй, ус ханадаггүй. Ер нь мянгаас цааш гаргасны хэрэг байдаггүй, зутардаг юм билээ.

-Хэдий үеэс морь уяж байгаа юм бэ?

-Аав тэр үед морь уяхаа больсон болохоор ах өвгөнөө л бараадна. 1978 оноос бие даан морь уяж байна. Тэр жилээ ах өвгөнөө дагаж, ухаа даага уяж суманд ирсэн. Тэгээд онь холбож ирээд түрүүлсэн ч морины комиссоос “Чиний даага түрүүлэх нь түрүүлсэн. Гэхдээ энэ өвгөний морь үхчихлээ” гэдэг юм. Бадамгэрэл гэж өвгөн байсан. Хөөрхий, соёолон морь нь тэр наадмаар үхчихээд комиссынхон “Өвгөний урам зоригийг бодъё. Чи яах вэ, залуу хүн. Даагыг чинь аман хүзүүнд оруулчихъя” гэхгүй юу. Тэр үед “Морины заяа гомдоолоо, яах гэж тэгэв” гэх хүмүүс байсан ч би насыг нь бодоод, “Тэг ээ” л гэсэн.

-Түүнээс хойш яаж давхисан билээ.

-Гурав л лав айрагдсан юм даг. Айргийн таваар нэг орсон. 1992 онд шиг санагдана. Их насны морь айргийн дөрөвт хурдалсан. Таваг муутай адуу байсан болохоор 14 хүртэл нь уясан.

-Хаанахын адуу вэ?

-Удам угшлыг нь мэдэхгүй. Намайг цэргээс ирэхэд аав адуучин Равданцэрэн гэж хүний адуунаас нэг гүү авч өгсөн юм. Тэр гүүний гэдсэнд ирсэн унага.

-Ухаа морины дараа ямар адуугаар наадаж, ямар амжилт гаргав даа.

-Хээр шүдлэнг дааганаас нь уяад, хэдэд давхисныг нь мартчихаад байна. Шүдлэндээ хоёрт давхисан юм. Хязаалан бил үү, соёолондоо бас нэг айрагдсан. Дөрөвлөсөн санагдаж байна.Энэ бол өөрийн унаган адуу. Эцэг нь манай ухаа азарга, эх нь хар хээр гүү байсан. Өөр нэг ухаа даагатай байлаа. 1987 онд нэг жил адуу малласан юм аа. Гантулга, Чимэд бид гурав бригадынхаа бүх адууг малласан. Тухайн үед унага сайн бойжуулбал унага өгдөг байлаа. Ингээд үйлдвэрлэлийн даалгавар 100 эхээс 95, 96 хувь төл бойжуулж, ухаа даагатай болсон. Хөлийг нь эвгүй болгочхоод бараг л уяагүй юм аа. Нэг буурал духтай хязаалан үрээ уяж, мөн л дөрөвлөсөн.

-1994 онд Ханбогд сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ой тохиосон. Тэр жил та яаж наадав.

-Хээр азарга уяж, зургаад давхисан. Манай адуунд зожигдуухан, дандаа захалж явдаг улаан хээр гүү байсан юм. Нэг өдөр хүргэн Гантулга бид хүрээд очвол унагалчихаж. Зуултыг нь олж авъя гэж бодсон юм. Унага чинь хажуу талаараа ойчоод хөрвөөж байгаад босдог доо. Тэр унаганы тийм мөр байдаггүй. “Энэ ямар ухаантай юм, ойчсон мөр байдаггүй” гэж хоёул гайхаад, эрээд олоогүй. Босоо төрсөн унага шиг байгаа юм.

-Босоо төрсөн унага хурдан гэдэг дээ.

-Хязаалан болсон хойно нь уяад зургаалсан. Түүнээс хойш уяхгүй байгаад Баян-Овоо сумын Цоггэрэл “Авъя” гэхээр нь зарчихсан. Төлүүд нь Баян-Овоод хурдалж байлаа.

-Таны бичсэнээс харахад нэг ухаа даага байна. 

-Нөгөө босоо төрсөн хээр азарганы төл байгаа юм. Нэг аман хүзүүдүүлээд уяагүй. Би ер нь сүүлийн жилүүдэд морь уясангүй. Бүл дутаад, аав маань ч бурхан боллоо. Хөгшин ээжийгээ хаячихаад ганцаар наадаад явалтай биш.

-Хүүхдүүд удам залган морь уяж байна уу?

-Манайх дөрвөн хүү, хоёр охинтой. Гурван хүү морь уяна аа.

-Бидний яриа энд хүрээд өндөрлөж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Эрүүл энх байж, урт насалж, удаан жаргаарай.

"Тод магнай" сэтгүүлийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын тусгай дугаараас...

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна