Их насанд 220 морь бүртгүүлжээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 11 -нд

Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын их насны морьдын уралдаанд 220 хурдан буян бүртгүүлжээ. Өмнө жил АХ-ын 101 жилийн ойн баяр наадамд 423 морь бүртгүүлж, 330 нь гараанаас гарч байсан бол энэ жилийн улсын наадамд урьд урьд жилүүдээс илүү цөөн морьд уралдаж байна.  

Их морьдын бүртгэлээс харахад түрүү жилийн тэргүүн магнай Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн дүүгүүр хээрээс эхлээд улсын наадмын нэг түрүү, нэг айраг, Их хурд наадмын түрүү магнай МУ-ын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн халиун, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын хонгор халзан,  улсын хоёр айраг, бүсийн гурван түрүү Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Гантөмөрийн Жавхлантөгсийн хээр, улсын нэг айраг, бүсийн нэг түрүү, нэг айргийн эзэн Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын мэнгэт хүрэн, улсын нэг айраг, бүсийн дөрвөн айргийн эзэн Ховд аймгийн Буянт сумын уяач Батсуурийн Эрдэнэбаярын саарал, улсын наадмын нэг, бүсийн уралдааны хоёр айргийн эзэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Цэдэндамбын Эрдэнэбаярын бор халзан, Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Пэрэнлэйн Бямбацэрэнгийн хамар цагаан, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул  МУ-ын Манлай уяач Хүүгийн Түмэнбаярын буурал, Архангай аймгийн Хотонт сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул халзан, Булган аймгийн Сайхан сумын уяач Сандагийн Нямжавын сарт халтар, улсын наадмын нэг айраг, бүсийн уралдааны түрүү, Их хурдын айргийн эзэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Төмөрбаатарын Галбадрахын зээрд халзан, улсын наадмын  болон бүсийн уралдааны нэг, нэг айргийн эзэн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уяач Гончигийн Хадхүүгийн хар, бүсийн нэг түрүү, гурван айргийн эзэн Завхан аймгийн Цагаанчулуут сумын уяач Балдоржийн Баярдоржийн хүрэн, бүсийн гурван айраг, Их хурдын нэг айргийн эзэн Говь-Алтай аймгийн Бигэр сумын уяач Лхагвын Доржийн бор, улсын наадмын нэг айргийн эзэн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Галбадрахын Цогбадрахын зээрд халзан, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн уяач Зоригтбаатарын Жавхлангийн хүрэн, бүсийн уралдааны гурван айргийн эзэн Дорноговь аймгийн Сайншанд сумын уяач Цэндсүрэнгийн Гантулгын хүрэн,  бүсийн уралдааны хоёр аман хүзүүний эзэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул МУ-ын Манлай уяач Гончигжавын Мөнхсайханы таван цагаан, бүсийн уралдааны хоёр айргийн эзэн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул МУ-ын Алдарт уяач Цэрэнбатын Чимэдбавуугийн хүрэн, Ховд аймгийн Мянгад сумын уяач Намсрайн Наранцацралын сартай хонгор, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын уяач Лхагвадоржийн Анхбаатарын бор, МУ-ын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн бор, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул Аймгийн алдарт уяач Төмөрхүрээгийн Төрмөнхийн хамар цагаан хонгор зэрэг цуутай хурдан хүлгүүд бүртгүүлжээ.

А.Эрдэнэчимэг


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна