АХ-ын 102 жилийн ойд 205 соёолон бүртгүүлжээ

Сэтгүүлч
2023 оны 7-р сарын 12 -нд

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 112 жил, Ардын Хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан гурав дахь өдрөө Хүйн долоон худагийн торгон ногоон дэнжид соёолон морьдын уралдаанаар үргэлжилж  байна. Хүйн долоон худагийн дэнж хэдийн наадамчин түмний хөлд дарагджээ. Жил жилийн хамгийн олон үзэгчтэй уралдаан бол соёолонгийн уралдаан байдаг билээ. Тоосонд ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг гэгддэг соёолон насны морьдын уралдаанд Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн 205 хурдан буян бүртгүүлж, гарааны зурхай руу мордох гэж байна. Энэ жилийн хурдан соёолонгийн дунд хангайн бүсийн уралдааны түрүү Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул аймгийн Алдарт уяач Давааноровын Ганбаатарын сартай хээр, урьд жилийн хязаалангийн уралдааны айргийн дөрөвт хурдалсан Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Туваанжавын Гантөмөрийн зээрд, улс, бүсийн айргийн эзэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Аймгийн Алдарт уяач Авирмэдийн Пүрэвсүрэнгийн хээр, Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Ганзоригийн Гансүхийн хул, Архангай аймгийн Тариат сумын уугуул Аймгийн алдарт уяач Төмөрбаатарын Оргил-Эрдэнийн хүрэн, Ховд аймгийн Чандмань сумын уяач Батчулууны Ерөөлтийн халтар хээр, Говь-Алтай аймгийн Дарви сумын уяач Цэвэгмидийн Гончигсүрэнгийн Сум хээр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Дагвасамбуугийн Очирсүрэнгийн бор халзан, Баянхонгор аймгийн Галуут сумын уяач Төмөрийн Мөнхбаярын зээрд,  Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Гантөмөрийн Жавхлантөгсийн бор, Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул МУ-ын Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн халтар, Дундговь аймгийн Сайнцагаан сумын уяач Одонбаатарын Болдсүхийн ухаа, Ховд аймгийн Дөргөн сумын уугуул МУ-ын Манлай уяач Нямдаваагийн Батбаярын хээр, Төв аймгийн Баян сумын уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хээр халзан, Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Нийслэлийн алдарт уяач Далайн Батбаярын хул, Архангай аймгийн Тариат сумын уугуул Аймгийн алдарт уяач Төмөрбаатарын Оргил-Эрдэнийн хүрэн, Булган аймгийн уугуул МУ-ын Гавъяат тамирчин Батбаярын Ариун-Эрдэнийн бор зэрэг улс, бүсийн уралдааны айраг, түрүүний эзэн олон цуутай хүлэг мордож байна. Хурдан соёолонгууд 22 километр зайд уралдана. 

А.Эрдэнэчимэг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна