Хүлэг морийг хуур шиг хөглөдөг Хөхөө Ганпүрэв
Баян-Адарга сумынхаа түүхт 100 жилийн ойд зориулав
/Цуврал-3/
Арван долоодугаар жарны шарагчин Туулай жилийн зун бөгөөд нийтийн он тооллын нэгэн мянга есөн зуун ерэн есөн он буюу хоёр дахь мянганы сүүлийн жил хуучнаар Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон вангийн хошуу буюу одоогийн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын уугуул олноо “Хөхөө” хэмээн алдаршсан Боржигон овогт Ламдоогийн Ганпүрэв төрийн их баяр наадамд хонгор даага, зээрд даагаа зуузай холбуулан айргийн гурав, дөрөвт хурдлуулсан нь Баян-Адарга сумын түүхт довноос анх удаа төрийн наадмын айраг хүртсэн бэлэг дэмбэрэлтэй сайхан үйл явдал болж дараа дараагийн айраг түрүүг түүчээлэх анхны шанг татжээ.
“...1998-1999 оны өвөл хотод морь уяж өвөлжиж хаваржчихаад, Хамар даваа уруудаад нутаг руугаа орж иртэл Арангатын овооны өвөрт Бэгзийн Баттулга найз маань арван дөрөв таван тооны адуу туучихсан ирж яваатай таарч. “Хэрэг зориг хэнд үү” гэтэл, “чамтай хамт хотод очиж морь уяхаар явж байна” гэдэг байгаа. Тэгээд Тулга бид хоёр Арангатын овоондоо гараад арц хүж ч билүү, аргал хомоол уугиулж сүслээд эргээд хотыг зорьж Налайхад зэл уяагаа чангаллаа даа” хэмээн аймгийн Алдарт уяач Л.Ганпүрэв ах яриагаа эхэллээ.
1999 оны төрийн их баяр наадмын дааганы уралдаанд миний сойлго уяаг нь хөглөсөн хонгор даага айргийн гуравт, зээрд даага маань айргийн дөрөвт хурдалсан. Г.Пунцагбалжир агсны хүү Энхмөнхийн хар даага хонгор даагатай зэрэгцээд дааганы уралдааны түрүүнд орж ирж байлаа, хонгор даага зөв талд нь явсан. Хар дааганы хүүхэд хонгор дааганы хошууг ташуурынхаа сагалдаргаар шилбүүрдэхэд хонгор даага толгойгоо дальдчин бусгаж унаач хүүхэд нь уначихсан. Баттулгын хүү Шагай унаж явсан юм. Ингээд хонгор даага гурав руу орж, дөрөвт нь залгаад зээрд даага барианы зурхайг алхаж буй бичлэг нь телевийн дуранд үлдсэн байдаг гэв.
Тэрхүү төрийн наадамд айрагддаг зээрд дааганы эцэг бэлбэсэн зээрд азаргыг хязаалан үрээ байхад нь 1993 он хавьцаа Уламбаярын Алтангэрэлээс авсан. Бэлэвсэн зээрд азарганы эцэг тал нь тууварчин Цэндийн Доржийн зээрд азарга, эх тал нь Уламбаярын адууны бэлэвсэн зээрд гүү юм билээ. Төрийн наадамд айрагддаг зээрд дааганы эх тал нь Баян-Овоо гаралтай хулгар хүрэн азарганы угсаа юм. Хулгар хүрэнгийн төлүүд нь их хурдалсан даа. Бригадын дарга байсан Дуламжамц гуай хулгар хүрэнгийн төл хүрэн азаргаа Монгол гуайд бэлэглэсэн юм билээ. Монгол гуайн хүрэн азарганы төл болох Жигживийн Хүрэлбаатарын хүрэн азарганы төл цавьдар байдасыг Хүрлээ манай бага хүү Домбод бэлэглэсэн юм. 1998 оны хавар тэр цавьдар байдаснаас зээрд унага гарсан.
Харин төрийн наадамд айрагддаг хонгор даага бол Дамаахайн /Цэдэвийн Батдарам/ хонгор азарганы төл. Эх нь Б.Баттулгын өөрийнх нь хар гүү. Тэр хар гүү бол Батсүхийн Намсрайжавын хар азарганы төл юм билээ. Улсын наадамд нэг жил цуварч айрагддаг хоёр дааганы угшил ийм буюу. Бүгд л Адаргын хөрсөнд унасан унаганууд, Ононгийн уснаас ундаалсан хүлгүүд.
1999 оны хавар зунаар Налайхад Бэгзийн Баттулга бид хоёр уяагаа жигдрүүлээд сунгаанд даагануудаа тавилаа.Энэ сунгаанд хонгор даага түрүүлж ирсэн. Б.Баттулга маань Налайхын Х.Цогнойжамцтай яриа хийгээд л байх шиг байсан, үндсэндээ тэр хоёр яриа хөөрөө тохиров бололтой, хонгор даагаа надад даатгаж үлдээгээд, Тулга маань эхнэрээ дагуулаад хот яваад өгсөн. Би хоёр дааганыхаа уяа сойлгоны хөгийг тааруулаад л үлдлээ дээ. Даага уралдах өглөө хоёр даага маань ихэр хүүхэд шиг зэрэгцчихээд тун ч хөөрхөн цовоо байсан шүү хэмээн дурслаа.
Арван долоодугаар жарны Сайжруулагч/буян үйлдэгч/ хэмээх хар бар жил буюу 1962 онд Баян-Адарга суманд малчин ард Ламдоогийн хүү болон мэндэлж хожмоо хол ойрын олон түмэнд Хөхөө хэмээн дуурсагдсан энэхүү цөлх нэгэн эрхэм бол аймгийн Алдарт уяач Ламдоогийн Ганпүрэв юм. 1981 онд хугацаат цэргийн албанд мордож Улаанбаатар хотын 068-дугаар ангид гурван жил цэргийн алба хааж 1984 онд халагдлаа. Цэргээс ирээд 1984 оны 11 дүгээр сарын 1-нд Худалдаа бэлтгэлийн ангид түүхий эдийн туслахаар ажилд ороод, дараа нь мал эмнэлгийн аптекийн эрхлэгчийн ажлыг нэг хэсэг хийгээд 1985 оны 7 дугаар сарын 10-нд холбоонд монтёроор орж, ажилд орсон өдрөө наадмын талбай дээрээс дамжуулалт хийх шугамын радионы үелзэлийн шугам тавьжээ. 1989 онд Нийтийн ахуйн үйлчилгээний орон сууцанд цахилгааны монтёр, мөн Худалдаа бэлтгэлийн ангид манаач хийж байгаад сумын захиргаанд орж ойн цагдаа болов. Ойн цагдаагаасаа Сайхан бригадын дарга болж гурван жил ажилласан байна.
Хар бар жил төрсөн энэ эрхэм арван зургаадугаар жарны төгсгөл 1986 оны улаан бар жил морь уяж эхлэн хурдан шандастнуудтай хувь заяагаа холбов. Арван долоодугаар жарны эхлэл 1987 оны Улаагчин туулай жил үргэлжлүүлэн уяж зүгшрэв, 1988 оны шар луу жил уяан зэл тэгшрэв, 1989 оны шарагчин могой жил сойлго жигдрэв, 1990 оны цагаан морин жил уяж хатжив, 1991 онд Төрөлхтөний эзэн хэмээгч цагаагчин хонин жилийн наадмаар л сая нэг бор халзан азарга нь тавлаж ажнайн хөлстэй айраг анх удаа амсч адуун төрөлхтөний эзэн болсноо мэдрэв. Уяачийн замналыг сонгосноос хойшхи анхны айргийг амсуулсан эл бор халзан азарга нь Галзуугийн Равжирын унаган хүлэг агаад Дугардаш гуайгаар дамжин Л.Ганпүрэв ахад иржээ. Тэр жилээс хойш наадам бүрээс айраг хүртэж, морин дэл дээр адууны салхинд жилийн дөрвөн улирлыг элээх болов. Цастай өвлөөр ч, хуртай зунаар ч, мичид зургаа, үүрийн цолмонтой ханьссаар, адуу тургилах, азарга эргэцэх нь хань нөхөр шиг нь хачин дотнохон бодогдож адуунаас холдохоор л ганцаардаад байх шиг санагддаг болжээ.
Уламбаярын Алтангэрэл ахад байдаг нэг хөөрхөн бэлэвсэн зээрд үрээ хурдална гэж өмнөх он жилүүдэд уяаны дэргэд хөхөрч, уургын исгэрээнд чангарсан үлэмжхэн туршлага нь өөрт нь хэлээд байв. Тэгээд хийморьлог сайхан арилжаа ярилцаж хоёр сайхан морин дээрээ хоёр мянган төгрөг өгч тэрхүү бэлбэсэн хязаалан зээрд үрээг авч азарга талбивай. Энэ бэлбэсэн зээрд азарга хурдан морины сударт бичсэнээр махбодын шинж, бие галбир, хийцийн хувьд “бүх тэнцүү хий” буюу цээж бөгс тэнцүү, арслан язгуурт хүлэгсанж. Ийм цээж бөгс тэнцүү арслан язгуурт хүлэг нь газрын өөд ч, уруу ч тэнцвэртэй, жигдхэн хурдлах чадвартай. Бэлбэсэн зээрд азарга 1994 онд соёолон насандаа төрөлх Баян-Адарга сумынхаа наадамд айргийн тавд, 1995 онд хавчиг азарга айргийн гуравт, 1997 онд сумандаа аман хүзүүдээд Хэнтий аймгийн Батноров суманд болсон Түмэн адууны баярт дахин аман хүзүүдсэнээр Л.Ганпүрэв гэх хат суусан уйгагүй хүлэгчийг моринд дуртай зон олон сум алгасуулж, бүс дамнуулан аймаг даяараа сураг мэдэх болжээ. Хотод морь уяж өвөлжөөд 1999 оны хавар Төв аймагт болсон Пунцагбалжир агсны нэрэмжит хаврын бүсийн уралдаанд бэлбэсэн зээрд азаргаа айргийн гуравт хурдлуулсан Ганпүрэв уяачид улсын довонд уралдах итгэл бадраад ирлээ. Тиймдээ ч найз Б.Баттулгынхаа санаачлагыг уриалгахан дэмжиж тэр зундаа хоёр даагаа улсад уралдуулж айрагдуулсан байдаг. Бэлбэсэн зээрд азарга 2001 онд анхны өвлийн их уралдаалга “Дүнжингарав-1” наадамд айргийн тавд хурдалж өвөл зуны аль ч улиралд шандастай байж чадах молор эрдэнэ болохоо харуулав. Арслан язгуурын хүлэг бар жилтэнд ирээд ийнхүү хурдалсан түүх энэ болой.
Уяач Л.Ганпүрэв 1999 оны улсын наадамд айрагдсан хонгор болон зээрд дааганы уяа сойлгыг үргэлжлүүлэн хөглөсөөр Ламын гэгээний 360 жилийн ойн наадамд уралдуулахад хонгор даага түрүүлэн зээрд даага аман хүзүүджээ. Мөн баруун бүсийн наадамд уралдуулахад сайхь амжилтыг хоёулаа яг ижил давтаад, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ойн наадамд ихэр хүүхэд лугаа ижилсүүлэн тавихад нь мөн л хонгор даага түрүү магнайлан, зээрд даага аман хүзүүдэж өмнөх амжилтуудаа дуу хөгжмийн бадаг дахилт шиг адилхан давтаад байсан нь гайхалтай. Үүнийг нэг өгүүлбэрээр илэрхийлбээс морин хуурын хос чавхдасыг нэг л хуурчийн гараар ая дан, хөг эгшгийг нь тааруулж Түмэн эхийг төгөлдөр сайхнаар шуранхайлуулдагтай адилтган зүйрлэмээр юм уу даа.
Тэр зундаа түрүүлсэн адуу жилдээ хурдан байдаг юм, миний хамгийн бахдалтай байсан жил бол 1997 он. Миний бэлбэсэн зээрд азарга, сартай хээр соёолон, хонгор шүдлэн сумынхаа наадамд аман хүзүүдчихээд тэр зундаа Батноров сумын Түмэн адууны баярт очоод мөнөөх бэлбэсэн зээрд азарга маань аман хүзүүдэж, соёолон маань дөрөвлөсөн. Би морь уяж хурдлуулж буй өнгөрсөн хугацаанд том жижиг янз бүрийн наадмаас 100 гаруй айраг, 50 гаруй түрүү авснаас 2 нь улсын наадмын айраг, 7 нь бүсийн наадмын айраг юм. Адууны салхи, уургын исгэрээнд явахдаа олон ч сайхан хүлэг хүнээс авч хурдлуулсан, олныг ч моринд дуртай аавын хөвгүүдэд дамжуулж өгсөн. Би 2011 онд Баян-Адарга сумын залуу уяач Сарангэрэлийн Наранбаатараас шүдлэн болон хязааландаа сумын наадамд түрүүлж, Биндэр сумын наадамд мөн түрүүлсэн хул адууг зургаан эр үхэр, таван морь, нийт арван нэгэн бодоор худалдан авч байлаа. Миний өөрийн унаган адуунаас хурдалсан үрээ азаргануудын төлүүд одоо Говь-Алтай, Ховд, Булган аймгуудад түрүүлж айрагдаж байгааг сонсоод бодол баясч, сэтгэлийн цэнгэл эдэлж сууна хэмээвэй.
Аймгийн алдарт уяач Л.Ганпүрэв ахын түрүүлж, айрагдуулсан амжилтын статистик 150 гаруй болж буй юм. Нэг зуун тавь гаруй адуу гэдэг бол өтгөнөөр 3-4 азарга адуу, үлэмжхэнээр бол 10-15 азарга адуу билээ. Бүхэл бүтэн 15 азарга адууны дайтай тэнцэх 150 орчим хүлэг морьдыг өнгөрсөн он жилүүдийн туршид уяа сойлгыг нь зохируулан, уралдуулсан наадмынхаа айраг түрүүг хүртэж чадна гэдэг бол уяачийн нөр их хөдөлмөр зүтгэл, агуу их эрмэлзэл, сунтагласан увидастай суу эрдэм мөн. Тиймдээ ч морь уяна гэдэг бол хуурын хөг тааруулахтай адил, уралдаанд мордох өглөө чавхдасыг нь дон донхийтэл хөгөлж чадаад явуулбал эргээд магнайн тав дотор тэмүүлээд ирдэг юм хэмээн уяа зохируулахуйн торгон мэдрэмжээ хуваалцлаа.
Тэрээр цааш ярихдаа: “Морь уяна гэдэг сэтгэлийн дээд цэнгэл шүү дээ, морийг хуур шиг л хөглөнө. Мэдээж хэрэг сойж буй хүлэгт хурдан хүлгийн шинж, суурь сайн чанарууд байх нь чухал. Гэхдээ уяа сойлгыг зохируулахад уяачийн хөдөлмөрөөс гадна уяач хүний сэтгэлийн ариун байдал, нарийн торгон мэдрэмж чухал. Хуурыг яаж хөглөдөг билээ, хурдны морийг яг тэгж хөглөнө. Сэтгэлийн хор нь гарч, бодол нь ариуссан уяач хүлгийнхээ уяа сойлгыг олж, хөг эгшгийг нь тааруулна. Бусад уяачийнхаа амжилтанд баясаж чаддаг байх нь энерги дуудахын эхлэл. Тэр энерги бол уяж буй хүлгийнхээ хөгийг тааруулах увидас. Уяа морийг өдөр бүр дотоод аялгууг нь сонсож, хөг эгшгийг нь дон донхийтэл тааруулж чадваас ...
Хэн моринд ихээр сэтгэлээ зориулна, хэн ихээр хөдөлмөрөө зарцуулна, тэр уяачид үр шим нь заавал ирнэ. Морийг жалга довны үзлээр уяж хэрхэвч болохгүй. Учир нь угшил сайтай удамт хурдан хүлгүүдэд хор шар харш байдаг. Уяач хүн хор шартай байвал уяа сойлгонд цөвтэй. Хүний ч бай, өөрийн ч бай морь хурдалж байвал Монголын маань уламжлалт морин соёл л сайн хадгалагдаж, чанаржиж, амжилт нь ахиж, өвлөн уламжлагдаж байна гэсэн үг. Хаана ч, аль ч газрын ямар ч наадамд, хэний ч морь түрүүлж ирэхүйд яг л миний уясан морь түрүүлж байгаа юм шиг баярлах сэтгэл дотроос ундраад ирдэг дээ хэмээн ахмад уяачийн сургамжлалыг тэмдэглэн тунгааж ахуйд морь уяж сойно гэдэг маань ажнай хүлэгтэйгээ ажиллахаас гадна өөрийн оюун бодол, ухамсар, дотоод сэтгэлээ бясалган төвшрүүлэхүй болоод гадаад орчин, нийгэм, хүрээлэн буй тигтэйгээ хүртэн зохицож оршихуйн их тэнцвэр юм уу даа хэмээх ухаарал төрөх авай.
Хоёр жараны заагт морин эрдэнэтэй хувь заяагаа холбож, хоёр мянганы уулзварт Монгол төрийнхөө үндэсний их баяр наадамд хоёр даагаа айрагдуулсан арслан язгуурт ажнай хүлгийнхээ уяа сойлгыг хуурын чавхдас хөглөхтэй адил зөвхөн өөрт нь байгалиас өгөгдсөн дотоод аялгуу торгон мэдрэмжээрээ зохируулдаг энэ бар жилтэн үзэсгэлэн болгогч хэмээх харагчин туулай жилийн энэ зун Арангат овооныхоо өвөр, Тахир нуурынхаа баруун дэнж дээр эрдэнийн хан хуур шиг эрмэг хүлгүүдийнхээ эгшиг хөгийг тааруулан уяан зэлний дэргэд адууны тэнгэр Хаянхирваа бурхан шиг дөрвөн талтай сампин оройтой гандмал цэнхэр малгайгаа цомцойлгон сууна. Уяа сойлгыг нь тааруулж буй хүлгээ байнга ажиглах хэрэгтэй. Уяж хурдлуулахаар барьсан адууныхаа умсыг нь эхлээд агшааж байж морины гэдэс зөв болно. Умс нь агшсан адуу уяа авна. Умсыг нь агшааж чадахгүй сойвол шууд цорой нь чангарчихдаг. Уяж буй мориныхоо бааж шээх, унтах, хэвтэх, суниах, шилгээх гээд бүгдийг ажигла хэмээн уяаны гал дээр буй залуу уяачид, унаач хүүхдүүддээ сургамжлахыг нь тэмдэглэхгүй өнгөрч боломгүй.
Л.Ганпүрэв ах энэ жил долоо нас хүрч буй хар хүрэн мориндоо ихэд найдлага тавьж буй нь бололтой. Арын хавирга нь агуу юмаа. Хурдан морины шинжийн сударт: “Марал духтай, Бугын эрүүтэй, Туулай чихтэй, Шувуун хоншоортой, Мэлхий магнайтай, Оготно нүдтэй” – энэ зургаан шинж бүрдвэл худалгүй сайн болно гэж толгой шинжийг тодорхойлсон байдаг нь язгуураар тусгайлан шинжихүйн арга билээ. Үнэхээр ч хар хүрэн мориных нь салхи өөдөө толгойгоо өргөн зогсож буйг харахад үнэгэн туулай зоотой, үхрийнх мэт булчинлаг аман хүзүүтэй, арслан цээжтэй, шонхорын өвчүүтэй, хулангийн тууртай, бугын тахимтай, сүүлээ хавчсан чоно мэт сүүлтэй агаад зээрэн хавирганых нь матаас ханатал эвшээлгэсэн нум мэт үзэсгэлэнтэйеэ хээлэн үзэгдэх нь чамин. Энэ жил чинь үзэсгэлэн болгогч хэмээх харагчин туулай жил шүү дээ, хурдан жил гэсэн үг, хар хүрэн морины зүсэм нь жилтэйгээ өнгө ижилдүү ч юм, хөг нь таарваас энэ жил юм дуулгах биз ээ.
Улс бүсийн наадмаас авсан айраг түрүү нь Улсын Алдартын болзолд бараг дөхчихсөн энэ уяачид дахиад улсын наадмын айрагнаас амсах уяачийн туршлага, сэтгэлийн хүч, угшлын залгамж байна шүү, морин соёлоо дээдэлж, аргамагийн хөлсийг шивхрээж яваа залууст энэхүү амьд судар мөн ч их хэрэгтэйеэ.
Дуурлиг нарс. Нарсны булаг. 2023.07.07.
Шарайд Жарантай овогт Цэдэвдоржийн Чойжамц
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна