Бага адууг ирлэгч Батмөнхийн Булгадай

Сэтгүүлч
2023 оны 9-р сарын 01 -нд

Шинэ залуу уяачид амжилт дүүрэн наадсан жил байлаа. Шамдан суралцаж буй зүйлийнхээ үр дүнг үзэж, олны өмнө алдар суугаа дуудуулсан нас залуу, цус шингэн, амжилт арвин уяачдын нэг нь Батмөнхийн Булгадай юм. Энэ цагт эрдэм мэдрэмжээрээ илүүрхэж буй М.Алтан-Очир Алдартын дүү гэдгээр морь сонирхогчид эчнээ мэдэх биз. Тэрээр 1995 оны 7-р сард Улаанбаатар хотод айлын дунд хүү болон мэндэлсэн. Нийслэл хүү уяач болсон түүх мэдээж ахтай нь холбоотой. Монголд хамгийн эрэлттэй ажлын байрны нэг, амжилттай сайн суралцвал алс ирээдүй нь гэрэлтэйг анзаарч мэдсэн ах нь дүүгээ уруу татсан байж таарна. 

Энэ сонголт зөв байсныг илтгэж тэд анхны айргаа удаан хүлээгээгүй юм.  2013 он буюу АХ-ын 92 жилийн ойн баяр наадмын хурдан дааганы уралдаанд сартай хүрэн даага нь айргийн тавд давхиж,  тэр жил шандас шалгасан 166 дааганаас ах дүү хоёрын уясан хүрэн даага айрагт багтаж чадсан билээ. Амжилтын салхи хагалсан энэ хүрэн үрээ шүдлэндээ өнгөнд уралдаж байгаад үзүүр дээрээ хадуурч замаас гарсаныг санах хүмүүс цөөнгүй бий байх.

Дараа жил нь хязааландаа 209 үрээнээс айргийн гуравт хурдалж, ах дүүс хөтлөн цэнгэлдэхэд цоллуулж байв.

Ийнхүү авъяас мэдрэмж өндөр ахаараа хөтлүүлэн Монголын морины ертөнцөд хөл тавьсан Б.Булгадай уяач өнөө жил одтой сайхан наадаж  орон нутгийн чанартай уралдаанаас хоёр түрүү, 11 айраг, төрийн зарлигт наадмаас дөрвөн айраг хүртсэн юм.

Бие даан морь уяад арван жил болж буй Б.Булгадай Тэгшзургаанжав, Гомбо нарын санаа нийлсэн нөхөдтэйгээ хамтран “Хүлэгчийн хийморь” гал уяаг байгуулж хавар 3-р сарын 18-наас эхлэн уралджээ.

Сэлэнгэ аймагт хаврын бүсийн бүсийн уралдаанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Бямбажавын Баярмагнайн сартай хүрэн даагыг айргийн тавд давхиулж,” Хатан туулын хурд” уралдаанд Б.Баярмагнайн хүрэн даагыг нь түрүүлгэн, хүрэн халзан даагыг нь аман хүзүүнд хурдлуулсан байна. Мөн Баянчандмань суманд болсон Төв аймгийн хойд бүсийн уралдаанд М.Наранцэнгэлийн бор шүдлэнг аман хүзүүнд давхиулж, Б.Баярмагнайн хүрэн халзан даагыг түрүүлгэжээ. Үүнээс гадна Сэлэнгэ аймагт болсон “Ерөө кап” уралдаанд Б.Баярмагнайн хүрэн халзан даагыг айргийн гуравт, хүрэн даагыг нь айргийн тавд тус тус давхиулсан байна.

Харин зун Төв аймгийн Баянжаргал сумын 100 жилийн ойд М.Наранцэнгэлийн саарал даага, бор шүдлэнг нь  тус тус аман хүзүүнд хурдлуулаад, АХ-ын 102 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадамд бага гурван насны морьд мордуулан Б.Баярмагнайн сартай хүрэн даагыг наймд давхиулсан юм.

Улсын наадмын дараа дөрвөн бүсийн уралдаанаас баруун бүсийг онцолж, зам зуураа Завхан аймгийн Тосонцэнгэл, Нөмрөг сумдын 100 жилийн ойн баяр наадмаас дөрвөн айраг хүртсэн байна.

Харин Алдархаан сумнаа болсон баруун бүсийн уралдаанд Б.Булгадай уяачийн уясан хоёр даага айрагдаж /Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат Бямбажавын Баярмагнайн хүрэнүүд/, өнгөрсөн жил баруун бүсэд айрагдсан М.Наранцэнгэлийн бор шүдлэн долоод давхисан юм.

Дараагийн уралдаан Говь-Алтай аймагт болж, Төв аймгийн Баянжаргалан сумын уяач Наранцэнгэлийн Хангайн бор шүдлэнг айргийн гуравт, Төв аймгийн Заамар сумын харьяат аймгийн Алдарт уяач Жигжидсүрэнгийн Түмэн-Өлзийн хүрэн даагыг айргийн дөрөвт тус тус хурдлуулжээ.

Бага насны адуу тэр дундаа даага сайн давхиулдаг Б.Булгадай уяач “Би 12-р сарын дунд үед даагануудаа оруулж ирээд, 1 сарын дундаас эхлэн сургаж эхэлдэг. 2 сар гэхэд дааганууд маань бэлэн болчихсон байдаг тул хэсэг амраагаад хавраас дахин ажил хийдэг. Ер нь бага адуу гэж хойш тавилгүй дээд настайгаа зэрэгцүүлээд ажлыг нь хийчихдэг юм. Ингэж эрт хөнгөрүүлж сургасан даага хөл гартаа сэвгүй олон уралдаж чаддаг. Би ер нь даагыг туранхай талд нь уядаг” хэмээн ярьсан юм. 

А.Тэлмэн

3 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.