Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ

Сэтгүүлч
2024 оны 7-р сарын 26 -нд

Баянхонгор аймагт болж буй хангайн бүсийн хурдан морьдын уралдааны соёолонгууд барианд орлоо. Аз хийморийн бэлгэдэл соёолонгийн уралдаанд 91 хурдан буян бүртгүүлснээс 86 нь гарааны зурхай хөдөлж, түрүү магнайд Төв аймгийн Заамар сумын харьяат МУ-ын Алдарт уяач Чилхаагийн Уламбаярын хээр хурдаллаа. Хээр соёолон Алдартын унаган адуу бөгөөд уяа сойлгыг Тод манлай уяач М.Алтан-Очир тааруулж, Сарангэрэлийн Өлзийхүү унаж хурдлуулжээ.

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Хишигбаатарын Тулгын хүрэн халзан хурдаллаа. Халзан соёолонгийн уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Уртнасангийн Тамир тааруулж, Пүрэвдаваа хүү унаж хурдлуулжээ.

Айргийн гуравт Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Чинбатын Болд-Эрдэнийн хүрэн хурдлав. Бүсийн уралдаанд нэг айрагдсан хүрэн үрээний уяа сойлгыг МУ-ын Алдарт уяач Галсангийн Болдбаатар тааруулж, Д.Батбаяр хүү унаж хурдлуулжээ.

Айргийн дөрөвт Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаярын сартай хээр хурдлав. Хээр соёолон уяачийн унаган адуу бөгөөд уяа сойлгыг Тод манлай уяач О.Батбилэг тааруулж, Ган-Эрдэнэ хүү унаж хурдлуулжээ.

Айргийн тавд Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат МУ-ын Алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн хонгор халзан. Бүсийн уралдаанд нэг айрагдсан халзан үрээг Тод манлай уяач Д.Мөнхбат уяж, Төгсжаргал хүү унаж хурдлуулжээ.

Б.Долзодмаа, гэрэл зургийг Г.Алтангэрэл


1 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.