Байнгын уншигч Б.Ганпүрэв: Шинэ дугаараас хамгийн түрүүнд "удам", "угшил" буланг уншдаг

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 11 -нд

Юуны өмнө Монголын хурдан морь сонирхогчдын унших дуртай “Тод магнай” сэтгүүлээр дамжуулаад моринд хайртай Монголын нийт ард түмэндээ хамгийн хийморилог бүхний дээдийг хүсэн ерөөе.
 Хурдан морины ертөнцөд өрнөж буй бүхий л төрлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй уншигчдадаа хүргэж байдаг “Тод магнай”-н байнгын уншигчийн хувьд тэмдэглэхэд сэтгүүлийн эхний хуудсыг нээхэд л хөдөө талын салхины сэвшээ, адууны сайхан үнэр ханхийдэг юм шүү. Би өөрөө хөдөөний хүүхэд л дээ. Бага нас минь морин дэл дээр л өнгөрсөн. Сургуульд байхдаа зуны амралтаараа байнга л хөдөө очиж аав, ах хоёрынхоо уяаны ажилд тусалдаг байлаа. Энэ мэт сайхан дурсамжууд эрхгүй бодогддог. Одоо хот суурин газар ажиллаж байгаа болохоор тэр бүр адуу мал дээрээ очиж амжихгүй юм. Гэхдээ ажил маань энэ чиглэлийнх болохоор бусдыг бодвол өөр л дөө. Дээр нь “Тод магнай” сэтгүүлийг уншихад өөрийн эрхгүй л адуун дээрээ бас хурдан хүлгийнхээ уяан дээр очсон юм шиг болдог.
Гарсан цагаас нь эхлэн шимтэн уншдаг танай сэтгүүлийн удам дагасан уяачид болон тэдний хурдан хүлгүүдийн талаар танилцуулдаг “Удам”, “Хүлгэд” буланг унших тун дуртай. Сэтгүүлийн шинэ дугаарыг аваад хамгийн түрүүнд л харна шүү дээ. Харин энд уншигчийн хувьд саналаа хэлэхэд энэ буландаа хөдөө орон нутгийн ахмад уяачид болоод аймаг, сум, орон нутагтаа олон удаа айраг, түрүү хүртэж дархлагдсан хурдан хүлгүүдийн талаар оруулж байгаасай гэж хувьдаа бодож байна. Мөн сүүлийн үед хөдөө орон нутагтаа хурдан хурц хүлэг морьдоо сайн уян, амжилт үзүүлж байгаа залуу уяачдыг танилцуулж халуун дотно яриа өрнүүлж тэдний дуу хоолойг сэтгүүлээрээ дамжуулан олонд хүргэж байвал зүгээр болов уу. Ер нь хурдан морь сонирхогчдын тоо их өсч байна. Монгол цустай хүн бүрийн сэтгэл зүрхэнд адуу гэгч тэнгэрлэг амьтны хийморилог сүр оршин байдаг болохоор арга ч үгүй биз дээ. Харин сүүлийн үед яригдаад байгаа тойруулгын уралдаанаа зохион байгуулаад, импортоор орж ирж байгаа цэвэр цусны болоод эрлийз адуунуудаа тэр чиглэлээр нь уралдуулаад эхэлбэл энэ тоо улам нэмэгдэх байх аа.
Наадам хаяанд ирж байгаа энэ цаг мөчид Монголынхоо нийт уяачдад уясан бүхэн нь хурдан байж, уралдах бүртээ торгон жолоогоо өргүүлэх болтугай гэж ерөөе.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна