"Зоос" борын эзэн Д.Батбаяр: Ахмад уяачдын бодит түүхээс нийтэлж байгаасай

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 11 -нд

Энэ удаагийнхаа “Уншигчийн индэр” буланд олноо “Зоос” хэмээн алдаршсан бор үрээний  эзэн Д.Батбаярыг урилаа. Морин шүтлэгтэй өвгөдийн маань тоосонд нь ороход хийморь сэргэж, бүтэн жилийн засал болдог хэмээн бэлгэшээсээр  ирсэн соёолон насандаа төрийн наадамд торгон жолоогоо өргүүлсэн Сүхбаатар гаралтай бор үрээ морь сонирхогчдын эчнээ танил. Даагандаа баян ходоод болж, олны өхөөрдлийг хүргэж  байсан  "Зоос" бор хязааландаа улсын наадамд аман хүзүүнд хурдалж, тэр цагаас хойш уралдсан болгондоо торгон жолоогоо өргүүлсээр улс бүсийн наадмаас дөрвөн түрүү хоёр айраг хүртээд байгаа юм. Бэлэгний адуу нь ийнхүү хийморь даллан хурдалсан нь Д.Батбаярын урмыг сэргээж, моринд эргэлт буцалтгүй оруулсан гэдэг.
“Зоос” галын ахлагч ер  бусын азтай нэгэн. Зоос борын мялаалганд ирсэн Дорнод зүгийн бор үрээ өнгөрсөн жилийн төрийн их баяр наадамд айрагдан, амжилтынх нь цувааг нэгээр нэмсэн бөгөөд ард түмнээс “Дүү бор” гэдэг алдрыг хүртсэн юм. Ийнхүү  санаандгүй бараг шахалтаар моринд орсон Д.Батбаяр өдгөө улс бүсийн наадмаас дөрвөн түрүү, гурван айраг хүртэн мориныхон гэх өнөр бүлийн хүндэт гишүүдийн нэг болоод байгаа юм.
 Сэтгүүлийн маань байнгын уншигч эрхмээс санаа бодлыг хуваалцахад:
 Юуны өмнө “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан Монголынхоо ард түмэнд удахгүй болох баяр наадмын мэндийг хүргэе.  Монголын хурдан морины талаарх олон сонирхолтой мэдээ мэдээллийг хүргэж байдаг “Тод магнай” сэтгүүлийг би тогтмол уншдаг. Сэтгүүлийн нийтлэлийн бодлого мэдээ мэдээллүүд нь үнэхээр их таалагддаг. Энэ талаар яриад байх зүйл алга. Зүгээр өөрийнхөө санааг хуваалцаач гэсэн учраас нэг зүйлийг санал болгомоор байна.
 Уяачдын талаар нэн ялангуяа том цолтой уяачдын алдартай хурдан хүлгэдээ хэрхэн уяж сойсон талаарх  мэдээллийг хүргэж байвал ?асан юм бэ? Жишээлбээл ахмад уяачид ярьдаг шүү дээ. Тэр төдөн оны наадмаар тийм адуугаа яг тэгж уяад айрагдуулсан юм шүү. Тэгэхэд адуу тийм байсан гээд амьд туршлага хуваалцдаг шүү дээ. Тэрийг сэтгү?лдээ нийтэлж байвал яасан юм бэ. Мөн энэ цагийн уяаны арга барилыг тодорхойлж буй Д.Даваахүү, Д.Онон, Ц.Хэнмэдэх нарын Тод манлайгуудаас дэлгэрэнгүй сайхан ярилцлага авбал сайн байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна