Г.Дашзэвэгийн зээрд халзан

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 11 -нд

Өмнийн талд цас хуйлруулан давхисаар айргийн дөрөвт хурдалсан Г.Дашзэвэгийн зээрд халзан азаргыг хурдан морь сонирхогч эрхэм уншигч та бүхэндээ танилцуулья. 
Эх хээр гүү нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уугуул Баатарчулууны унаган адуу. Харин эцэг нь Тод манлай уяач С.Ганхуягийн тойруулга цустай зээрд халзан азарга аж.
Даагандаа уягдаагүй зээрд халзан үрээг одоогийн эзэн нь шүдлэх хавар нь авчээ. Ногооны шүдлэн Төв аймгийн Баяндэлгэр сумын наадамд наймалж, Дундговь аймгийн Дэрэн сумын  85 жилийн ойд есөөр давхисан гэдэг. Харин хязааландаа Багануурт болсон хаврын уралдаануудад тав уралдаж тав түрүүлэн Гүнгалуутайчуудын харааг булааж байв. Тиймээс үүнд нь урамшсан эзэн нь соёолонгуудтай уралдуулахад хурдан хүлгийн шийр заан айргийн гуравт хурдалж байсан гэдэг.Ер нь тэр жил зээрд халзан үрээ их хурдан байсан бөгөөд Баяндэлгэр сумын наадамд тавлаад , Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 85 жилийн ойд километрийн зайтай  тасарч түрүүлжээ. Тухайн үед  сум орон нутгийн удирдлагууд Сандагдоржийн хурдан хар азарганы амжилтыг давтлаа хэмээн Г.Дашзэвэгт баяр хүргэсэн гэдэг. Ийнхүү хавраас хойш том жижиг нийлсэн арваад уралдаанд уралдсан халзан үрээ Багануур дүүргийн 30 жилийн ойд есөлж тэр жилийн уралдаанаа өндөрлөжээ. Харин соёолондоо Багануур дүүргийн хаврын анхны уралдаанд  түрүүлээд, “Дүнжингаравын хурд-2011” хаврын бүсийн уралдаанд  наймалж,  хэдхэн хоногийн дараа болсон “Нүүрэнтэйн хурд-2011” зүүн бүсийн хаврын уралдаанд аман хүзүүдэн эзэндээ бүсийн наадмын анхны айргийг авчирчээ.  Нийтийг хамарсан их ханиаднаас болоод зээрд халзан үрээний 2011 оны наадам ийнхүү өндөрлөж, харин 2012 оны анхны наадам “Нүүрэнтэйн хурд”-д аман хүзүүдэн, “Дүнжингаравын хурд-2012” 60-аар давхиж, долоо хоногийн дараа ийнхүү “Өмнөговь-2012” говийн бүсийн уралдаанд айргийн дөрөвт давхилаа. Зээрд халзан азарганы уяаг Төв аймгийн Баяндэлгэр сумын уугуул уяач М.Батбилэг тааруулдаг бөгөөд тэрээр  20 гаруй жил хурдан морь уяж сойж  байгаа аж.
А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна