Аймгийн алдарт уяач Б.Ганбат: МОНГОЛЫН ХУРДАН МОРИНЫ НЭГЭН ҮЕИЙН ТҮҮХИЙГ БУСДАД ТАНИУЛЖ БАЙГАА ХАМГИЙН ДЭЭД БУЯНТАЙ АЖЛЫГ “ТОД МАГНАЙ” СЭТГҮҮЛИЙНХЭН ХИЙЖ БАЙНА

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 11 -нд

Монголын хурдан морь болон уяачид, морь сонирхогчдын нэгэн үеийн түүхийг моринд элэгтэй  Монгол зон олондоо таниулан, сурталчилах зорилготой  “Тод магнай” сэтгүүл уншигч та бүхний гар дээр очоод даруй нэг жилийн нүүртэй золгож байна. Сар бүр тогтмол хэвлэгддэг манай сэтгүүлийг хилийн чанадад суугаа монголчууд маань ч захиалан уншиж байгаа нь бидний нийтлэлийн бодлого, мэдээллийн цар хүрээг дүгнэж байгаа явдал хэмээн талархалтайгаар хүлээж авч байгаа билээ. Гэхдээ хамгийн мэргэн шүүгчид бол уншигч та бүхэн байдаг. Энэ ч утгаараа дугаар бүртээ “Уншигчийн индэр” буланг  ажиллуулж эхэлсэн. Тэгвэл энэ дугаарын “Уншигчийн индэрт” манай сэтгүүлийг гарсан цагаас нь эхлэн захиалан уншиж байгаа Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгоны малчин Б.Ганбат оролцож байна.
Би өнгөрсөн жилийн өвөл “Тод магнай” сэтгүүлийн анхны дугаарыг гарахад хотод байж таараад авч уншсан юм. Энэ цагаас хойш тасралтгүй захиалан уншиж нэг жил болж байна. Миний бие залуу байхдаа хурдан морь уядаг, моринд гар татдаггүй нэгэн байсан. Одоо ч энэ зан маань хэвээрээ байна. Хөдөөөгийн уяач бидэнд тэр бүр телевиз, радио үзээд байх боломж олддоггүй. Тийм болохоор Монголд болоод байгаа морин уралдааны талаар болон, мундаг уяачдын талаарх мэдээллийг авч чаддаггүй юм. Харин танай сэтгүүл хэвлэгдэн гарснаас хойш байдал эрс сайжирсан. Монголын хурдан морины нэгэн үеийн түүхийг бусдад таниулж байгаа хамгийн буянтай ажлыг танай сэтгүүлийн хамт олон хийж байна гэж би хэлнэ. Жирийн малчин би сэтгүүлийн “Тод магнайн зочин”, “Уяаны эрдэм” булангын үнэнч уншигч. Моринд орж байгаа залуучууд үүнийг уншаасай гэж хүсдэг дээ. Учир нь тэр мундаг хүмүүсийн ярианд асар их мэдлэг , мэдээлэл багтсан байдаг. За мөн хурдан морь худалдан авах гэж байгаа хүмүүс “Угшил” буланг “Уяаны эрдэм” булантай нь хараад авхад гэмгүй шүү.
Ингээд энэ сэтгүүлийн уран бүтээлч дүү нартаа  ажлын өндөр амжилт хүсье. Эцэст нь өөрийн зүгээс саналаа хэлэхэд сүүлийн үеийн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр адууны физиологыг тайлбарласан мэдээллийг түлхүү оруулж өгнө үү гэж хүсэх байна.

Монголыхоо нийт ард түмэнд сар шинийн мэнд хүргэе. Та бүхнийг  Монгол хүлгийн босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна