МУ-ын манлай уяач Д.Оюунбилэг: Морины талаар бичнэ гэдэг үг хэллэгээс эхлээд нарийн

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 12 -нд

Орон даяар явагддаг хэвлэл захиалгын дүн гарч, гараад найман сарын нүүр үзэж байгаа “Тод магнай” сэтгүүл маань уншигчдыхаа тоогоор нэлээн дээгүүр байранд бичигдэж, редакцын ажилчид биднийг урмаар тэтгэв. Уншигч олныхоо энэ их итгэлийг алдахгүйн тулд тэднийхээ дуу хоолойг сонсож,  цаашид юун дээрээ анхаарах ёстойг тогтмол сонсож байх нь зүйтэй хэмээн үзэж “Уншигчын индэр” булангаа нээлээ. Бид энэ жил хамгийн өнтэй сайхан наадсан МУ-н манлай уяач Д.Оюунбилэгтэй утасаар холбогдож, үзэл бодлыг нь хуваалцсан юм.
Адуутай холбогдсон 20 гаруй жилийн хугацаанд хурдан морины талаар нийтэлдэг олон л сонин сэтгүүл гарч байсныг мэдэх юм байна. Гэхдээ юунаас ч болдог юм нэг их удалгүй гарахаа больчихдог. Тэр олон хэвлэлээс үлдсэн нь тун цөөн. Би “Тод магнай” сэтгүүлийг гарсан цагаас нь уншиж байгаа. Ер нь үнэнч фен нь гэж хэлэхэд болно. Гадаа гандаж, хөдөө хөхөрч явдаг уяачдын ажлыг үнэлэн, хөдөлмөрийг нь нийтэд таниулахад чухал нөлөө болдог гэж үздэг. Түүнээс гадна нийтлэлүүд нь шинэ сонирхолтой уйдхааргүй байж чаддаг. Энэ бол ганц миний бодол биш л дээ. Олон хүн ингэж ярьж байхыг сонссон. Ийнхүү уяачид морь сонирхогчдод өндрөөр үнэлэгдэх бас нэгэн шалтгаан нь ямар нэг утга найруулгын алдаагүй бичдэгтэй холбоотой байх. Морины талаар ярина гэдэг үг хэллэгээс эхлээд нарийн. Морь мэдэхгүй хүний бичсэн юм андашгүй шүү дээ. Дахиж унших хүсэл төрдөггүй. Танайх бол энэ  талаар номер нэг гэж хэлж чадна. Бас бусдаасаа арай ойр ойрхон гараад байх шиг байгаа юм. Цаашид эдгээр чанараа хадгалаад байвал хүрээгээ улам тэлсээр байна гэдэгт итгэлтэй байна. Мөн сэтгүүлийн чинь зай талбай хүрэлцвэл шинжлэх ухааны талын мэдээллийг тогтмол хүргэж байвал бүр сайн байна. Та бүхний ажилд амжилт хүсье. Нэр шигээ үргэлж тодорч товойж яваарай. 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна