Ц.Энхбатын хүрэн

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 12 -нд

Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат гэж үндэсний спортоо дээдэлсэн гүдэсхэн эрхэм бий. Монголын шагайн харвааны холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчийн албатай, Монгол улсын Үлэмж дархан мэргэн цолтой/Шагайн харвааны дээд/ тэрбээр хурдан моринд ч хорхойтой нэгэн.1972 оны үндэсний их баяр наадамд аавынхаа уясан зээрд халзан шүдлэнг унан аман хүзүүдүүлж байсан Ц.Энхбат 2002 оноос уяачийн нөр их ажилд шамдах болжээ. Адууны хийморьт сүсэглэсэн арван жилийн хөдөлмөрөө үнэлүүлж луу жилийн босгон дээр аймгийн Алдарт уяач цолыг хүртсэн тэрээр “Өмнөговь-2012” говийн бүсийн уралдаанд хүрэн азаргаа айргийн гурваар давхиулсан.
Хүрэн азарга Төв аймгийн Баянжаргалан сумын гаралтай адуу. Бүр тодруулбал алдарт Даваанэрэн түүний хүү Санжаагийн алаг азарганы төл юм. Харин эх нь Төв аймгийн Баянцагаан гаралтай хүрэн гүү бий. Хүрэн азарга даагандаа аймгийнхаа наадамд зургаалаад, сумын наадам, сургуулийн ой зэрэг гурван жижиг наадамд нэг түрүүлж, хоёр айрагдсан гэдэг. Харин шүдлэндээ аймгийнхаа наадамд дөрвөлөөд, Баянцагаан сумын наадамд түрүүлж, хязааландаа аймгийнхаа наадамд аман хүзүүдээд, Багануурын 30 жилийн ойд түрүүлсэн байдаг. Соёолондоо улсын наадамд долоолоод, давхар уяагаар “Говьшанхын хурд-4” бүсийн наадамд наймаар давхижээ. Харин хавчигтаа буюу он гарсаар “Дүнжингаравын хурд-2012”  хаврын бүсийн уралдаанд долоолж, “Өмнөговь-2012” говийн бүсийн наадамд ийнхүү айргийн гурваар хурдалсан нь энэ.
Хүрэн азарганы эзэн Ц.Энхбат 2003 оны үндэсний их баяр наадамд хонгор шүдлэнгээ  зургаад хурдлуулснаас хойш цээж тэнэгэр харц дээгүүр наадах болсон хоншоортой эр. Улсад зургаалсан хонгор үрээ соёолондоо “Дүнжингаравын хурд-2005” бүсийн уралдаанд гурвалж, хэдхэн хоногийн дараа болсон “Нүүрэнтэйн хурд-2005” зүүн бүсийн уралдаанд амжилтаа бататган айрагдаж байлаа. /гурвалсан/
Ц.Энхбатын нэртэй хурдан хүлгэдийн амжилтын цуваа цааш  “Говьшанхын хурд-4” бүсийн наадмын шүдлэнгийн аман хүзүү, “Өмнөговь-2012” бүсийн наадмын азарганы гурав  хэмээн хөвөрнө.
Адуунд дуртай аавынхаа үлдээсэн хурдан буянг Хэнтий, Сүхбаатар, Дорнод зүгийн адуугаар сайжруулж,  аймаг бүсийн наадмын гурван түрүү, 11 айргийн эзэн болсон тэрээр ММСУХ-ны 2011 оны хурдан морины шилдэг зүтгэлтнээр нэрлэгдсэн. Харин 12 хүний бүрэлдэхүүнтэй “Өгөөмөр” гал уяа нь 2011 оны аймгийн шилдэг гал уяагаар шалгарчээ.
 А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна