Домогт “Толин хул” бүжгэнд мөнхөрлөө

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 14 -нд

Үндэсний дуу бүжгийн “Түмэн эх” чуулга ардын язгуур урлагийг сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулдаг билээ. Бөөгийн болон сүр жавхлант цамын бүжиг, ертөнцийг хоёрхон чавхдасаар уяраах морин хуурын гайхамшигт аялгуу, үндэстэн ястнуудын зан үйлийн илрэл бий биелгээ, уян налархай охидын уран нуралтын үзүүлбэр, ардын хөгжмийн төрөл, магтаал, туульс гээд чуулгын урын санд дэлхийд гайхагдсан Монгол ?ндэстний сор болсон уран бүтээл олон.
“Түмэн эх” чуулга өчигдөр жуулчдад зориулсан тоглолтоо сонирхууллаа. Энэ тоглолтдоо УИХ-ын  дэд дарга Г. Батхүүг урьж “Домог биелгээ” бүжгээ сонирхуулсан ?м. Учрыг тодотговол, “Домог биелгээ” нь УИХ-ын дэд дарга Г.Батхүүгийн Толин хулдаа зориулж бичсэн “Толин хул” дууны аялгууг бүжигт амилуулсан бүтээл. Монгол хүн бүрийн аялах дуртай, омог бахархлыг төрүүлдэг дуу болох “Толин хул”-ын аялгууг “Харанга” хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат хийж, тус хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн амилуулснаар монголчууд мэднэ. Тэгвэл “Толин хул”-ыг “Түмэн эх” чуулгын бүжиг дэглээч М.Мөнхцэцэг ийнхүү “Домог биелгээ”-нээ амилуулжээ.
“Домог биелгээ” бүжиг өнгөрсөн жил Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Ц.Сэвжидийн нэрэмжит Бүжиг дэглээчдийн улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн байна. Мөн тун удахгүй ирэх сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор болох олон улсын Бүжиг дэглээчдийн уралдаанд оролцох ажээ.
Бүжиг дэглээч М.Мөнхцэцэгийн ярьснаар анх “Толин хул”-ын аялгуунд бүжиг дэглэх санаа 2010 оны наадмын дараа төржээ. Тэр үед Төв цэнгэлдэхэд 180 бүжигчин “Толин хул-ын аянд биелгээ хийсэн байна. Үүнээс хойш хадны сүг зургуудыг сонирхож, Хүннү гүрний үед монгол биелгээ ямар байсныг судалсны үндсэн дээр “Домог биелгээ”-нийхээ хөдөлгөөнүүдийг гаргаж авчээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна