Дорнодыг доргиосон уяачдын баяр

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 28 -нд

Хурдан хүлгэдийнхээ хийморьт сүсэглэн хээрээр гэр хэцээр дэр хийн, хөдөө хөхөрч, гадаа гандаж явдаг уяачид магнай тэнийн хөөрч нэгэн өдрийг өнгөрөөлөө. ММСУХ-ны салбар ууган гурван холбоодын нэг Дорнод аймгийн морин спорт уяачдын холбоо энэ жил 15 нас хүрч буй. Дорнодын уяачид 15 жилийн ойгоо энэ сарын 25-ны ням гарагт Чойбалсан хотноо тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд манай сурвалжлах хэсэг урилгаар зочилсон юм.
Ойн арга хэмжээ сүргийн манлай азарганы уралдаанаар эхэлж, газар газрын 180-аад хурдан хүлэг  шандас шалгаж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүллээ.
Дорнодын тал нутагт өнтэй сайхан өвөл болсон ч цас нэлээд орсон нь эргэн тойрны байдлаас илт. Уралдаан аймгийн төвөөс зүүн хойш 10 гаруй километрийн зайтай болсон бөгөөд газар орны байдлаас болон морьд 14-16 километрийн зайнаас уралдсан. Газар ойр болоод ч тэрүү аль ч насан дээр морьд бөөнөөрөө барианд орж үзэгчид морины комиссынхныг дуу нийлүүлэн тоолуулахад  хүргэж байлаа. 
Азарга, соёолонгийн уралдааны дараа албан ёсны нээлтийн ажиллагаа өрнөж, “Түмэн эх” чуулгын дуучин Мөнхбаатар уртын дууны шуранхайгаар  наадамчин олны сэтгэлийг хөглөсөн. Үүний дараа холбооны шинэ тэргүүн Болорчулуун дулаан үгтэй баярын мэндчилгээ дэвшүүлж ойн арга хэмжээ албан ёсоор эхэлснийг мэдэгдсэн юм.
Нээлтийн ажиллагааны өөр нэгэн сонирхууштай нь хос морьдын үзүүлбэр байсан. Мөнгөн тоногтой эмээл хазаар тэргүүтнээр чимсэн зүс ижил хүлгэдээ унасан үндэсний хувцастай хосууд нэг хэсэгтээ л үзэгчдийг сатааруулж хөгжөөнө билээ.
Нээлтийн ажиллагааны дараа 270-аад их насны морьд гарааны зурхай руу хөдөлж, наадамчин олон  өмнөх хоёр насанд түрүүлж айрагдсан морьдыг шинжин талбай тойрч харагдсан.
Дорнод аймгийн хэд хэдэн сумд тусгайлан гэр барьж, зочдоо угтаж үдэж байсан бөгөөд  настангууд цай уунгаа эртний сайхан цагаа дурсан хууч хөөрч цагийг зугаатай өнгөрөөнө билээ.
Ийнхүү цаг хэртэй болсны дараа их насны морьд барианы зурхайд ирж, наадамчин олон хөл хөдөлгөөнд орон хэсэгтээ бужигнаад авсан.
Шагнал гардуулахыг хүлээн зогссон томчууд унаач хүүхдүүдээ хооронд нь барилдуулж үзэгчдийн тэр чигт нь хуйлруулж дөнгөсөн. Үзэгчдийн уухайн дуунд цөс нь хөөрсөн багачууд шавар болсноо ч анзаарах сөхөөгүй шавж дэвэн зогсох нь өхөөрдмөөр. Ийн хэсэг хугацаа өнгөрсний дараа түрүүлж айрагдсан морьдыг цоллох  ажиллагаа эхэлж, асрын өмнө алдар цолыг нь дуудсан юм.
Дээд гурван насны морьдын уралдаан, хос морьтонгуудын шалгаруулалт ойн арга хэмжээний нэгээхэн хэсэг байсан бөгөөд хоёр дахь хэсэг орой 20 цагаас Ольхон ресторанд үргэлжилсэн юм.
Хүндэтгэлийн цайллагад Дорнод нутгийн нэрийг дуурсгасан үе үеийн уяачид, морины зүтгэлтнүүд хүрэлцэн ирснээс гадна ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын төв холбооны төлөөлөгчид ирсэн байсан.
П.Сэргэлэн тус аймгийн уяачдын холбоог үүсгэн байгуулж 15 жил удирдсан хүндэт тэргүүн Ганбаатарт ММСУХ-ны дурсгалын зүйлийг гардуулж, шинэ тэргүүн Болорчулуунд цаашдын ажилд нь амжилт хүсэн ерөөсөн юм. Түүнчлэн энэ үеэр аймгийн Алдарт уяач таваар нэмэгдсэн бөгөөд  Дорнодын адууг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмад уяачдыг урамшуулна билээ.  Ёслолын ажиллагаанд Түмэн эх чуулгын дуучид, МУГЖ дуучин Энхзул нар ая дуугаа өргөсөн бөгөөд сэтгэл нь хөөрсөн уяачид дууг нь түрж, уран бүтээлчдэд урам хайрласан  билээ.
Хүлээн авалтын үеийн өөр нэг сонин бол экс тэргүүндээ үзүүлсэн хүндэтгэл байлаа. Уяан дээрээ дүүхэлзэх зургаан насны морьдыг  мөнгөөр урлаж, дэл сүүлийг нь алтаар бүрсэн сувинер яахын аргагүй нүд хужирласан гайхалтай бүтээл болсон байсан юм.
Ийнхүү дуу хуур, дурсамж яриа хөвөрсөн Дорнодын уяачдын холбооны 15 жилийн ой яригдах сонинтой, ялгарах түүхтэй дэлгэр сайхан боллоо.
Ш.Бадамаа

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна